Хадгаламжийн даатгалын тогтолцоо нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Хадгаламжийн даатгалын тогтолцоо нэвтрүүлнэ

Монгол Улсын Сангийн яам нь БНСУ-ын Сангийн яам болон Өмнөд Солонгосын хөгжлийн институтэд хүсэлт тавьсны дагуу 2004 оноос эхлэн тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. Хөтөлбөрийн үр дүнгийн талаар талууд өчигдөр авч хэлэлцсэн юм. Энэ үеэр хөндсөн чухал асуудал нь хадгаламжийн даатгалын тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэх тухай байв. Иймд бид Сангийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын мэргэжилтэн Ц.Баярхүүгээс дараах асуултад хариулт авлаа.

-БНСУ-ын Солонгосын хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Монгол Улсад хадгаламжийн даатгалын сонгодог тогтолцоог нэвтрүүлэх бололцоотой гэж үзэж, энэ асуудлыг хурлаар хэлэлцэж байна. Хадгаламжийн даатгалын сонгодог тогтолцоог нэвтрүүлснээр хадгаламж эзэмшигчид болоод банк санхүүгийн салбарт ямар эерэг үр дүн гарах вэ?

-Олон улсад шалгарсан,  түгээмэл хэрэглэж байгаа  систем бол даатгалын тогтолцоо юм.  Хэд, хэдэн онцлог шинж чанартай. Нэгдүгээрт, хадгаламжийн даатгалын тогтолцоо нь өөрөө санхүүгийн салбарын системийн хямралаас тодорхой хэмжээгээр сэргийлж байдаг. Хоёрдугаарт, тухайн санхүүгийн салбарт оролцож буй жижиг хадгаламж эзэмшигч, харилцагчийг хамгаалахад чиглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, санхүүгийн хямрал тохиолдсон үед томоохон хэмжээний санхүүгийн хөрөнгөтэй хүмүүс аль болох санхүүгийн мэдээлэлд түргэн шуурхай хүрч чаддаг. Санхүүгийн маш сайн зөвлөхийг авч ажиллуулж чаддаг, тэр хэрээр эрсдлийг хохирол багатай даван туулдаг. Гэтэл жижиг хадгаламж эзэмшигч нь тухайн нөхцөл байдлыг мэдрэх, хямрал тохиолдлоо гэж бодоход түүнээс гарах арга замаа тодорхойлж чаддаггүй, хүлээх эрсдэл нь ч их.  Тиймээс төрийн зүгээс жижиг хадгаламж эзэмшигчдээ хамгаалах чиглэлээр ажиллах нь зүйтэй юм байна. Олон улсад оновчтой хэрэгжиж байгаа шилдэг туршлагуудыг өөрийн оронд нэвтрүүлэх замаар, цаашдаа банк санхүүгийн хямралаас сэргийлэх хэрэгтэй гэж үзсэн. Хадгаламжийн даатгалын тогтолцоог нэвтрүүлснээр манай иргэдийн санхүүгийн байгууллагад итгэх итгэл нэмэгдэж, улмаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа.

-Хоёр жилийн өмнө төр иргэдийн мөнгөн хадгаламж, харилцах хадгаламжид баталгаа гаргасан. Хуулиа хүчингүй болгоё гэхээр банк санхүүгийн системээ хямралд оруулчих гээд байдаг. Хэрвээ хадгаламжийн даатгалын тогтолцоо руу шилчих юм бол хуулийг хүчингүй болгох бололцоо бий юу? 

-Санхүү эдийн засгийн хямралтай холбоотойгоор УИХ-аас 2008 оны сүүлээр банкин дахь иргэдийн мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийг баталсан. Энэ хуулийн дагуу банкны салбарт буй бүх хадгаламж, харилцах дансан дахь хөрөнгө 100 хувь төрийн баталгаанд хамрагдчихсан. Гэхдээ хуулийн үйлчлэх хугацаа дөрвөн жил, 2012 оны сүүлээр хугацаа нь дуусна. Цаашид асуудлыг хэрхэн оновчтой шийдвэрлэх вэ гэдэг гарц гаргах зорилгоор өнөөдөр энэ асуудлыг ярилцаж байна. Бидний харж байгаа гарц олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, сайтар хэрэгжиж буй хадгаламжийн даатгалын тогтолцоог Монголд нэвтрүүлэх явдал гэж үзэж байгаа юм. Гарцаа хэрхэн яаж зөв оновчтой тодорхойлох вэ, санхүүгийнхээ салбарт аль болох бага хэмжээний өөрчлөлт үзүүлэх замаар яаж шийдэх вэ гэдгээ ярилцаж байна. Зөв тогтолцоонд шилжсэнээр нэг талаас жижиг хадгаламж эзэмшигчдээ хамгаалах, нөгөө талаас төсвөөс гарах ачааллыг бууруулах. Гуравт, санхүүгийн салбарт тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мөн Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран энэ чиглэлээр ажиллаж байна.

-Хадгаламжийн даатгалын тогтолцоог амжилттай нэвтрүүлсэн ямар орнууд байна вэ. Манайд дээрх тогтолцоог нэвтрүүлэхэд хамгийн тэргүүнд ямар ажлыг хийх ёстой юм бол?

-Европын зарим улсууд, зүүн Азийн санхүүгийн хямралтай тэмцэх зорилгоор Зүүн азийн гол орнууд болох Япон, Солонгос, Тайвань зэрэг орнууд хадгаламж эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр маш дорвитой алхмуудыг хийж ирсэн. Тийм учраас бид эдгээр орнуудын шилдэг туршлагад үндэслэсэн үндэсний бодлого боловсруулж байна. Хамгийн эхний ээлжинд хадгаламжийн даатгалын байгууллагыг байгуулах хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа. Хоёрдугаарт, даатгагдах хадгаламжийн хэмжээнд дээд хязгаар тогтоох. Тэр нь Монголын жирийн иргэдийн санхүүгийн хөрөнгийг хамгаалахад хүрэлцэхүйц байх.  Гуравдугаарт, энэ систем маань үр ашигтай байх ёстой. Аль болох төсвөөс гарах зардлыг бууруулах чиглэлд тогтолцоог шилжүүлэх ёстой. Дөрөвдүгээрт, төрийн буюу хадгаламжийн даатгалын системд даатгагдаж байгаа бол даатгуулагч буюу хадгаламж эзэмшигч банкны салбар, эсвэл санхүүгийн салбарт өөрсдөө тодорхой хэмжээний хураамж, шимтгэл төлөх ёстой. Тодорхой хугацааны дараа тэрхүү шимтгэл, хураамж арвижна.  Санхүүгийн ямар нэг хүндрэл үүслээ гэхэд жижиг хадгаламж эзэмшигч, харилцагчийн хөрөнгийг шийдээд явах бололцоо бүрдэх юм л даа.

-Жижиг хадгаламж эзэмшигчдийг хамгаалах чиглэлээр даатгалын тогтолцоо нэвтрүүлэх гээд байгаа нь банкин дахь хадгаламж эзэмшигчдийн хувьд жижгүүд хамгийн их хувийг эзэлжээ гэж ойлгож болох уу?
 

-Тооны хувьд жижиг хадгаламж эзэмшигчид банкны салбарт өндөр хувийг эзэлдэг. Томоохон хадгаламж эзэмшигч нь цөөн.

-Ер нь хадгаламж эзэмшигчдийн хохирлыг төр даасан нь тогтолцооныхоо хувьд хэр оновчтой вэ?

-Өнөөдрийн хувьд тогтоолцоог дүгнэхэд эртэднэ. 2008 онд үүссэн эдийн засгийн хүчтэй хямралын эсрэг дэлхийн олон орон энэ арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Түүний нэгэн адил монголын төр банкны салбараа хамгаалах,  хямралаас зайлсхийх үүднээс дээрх  арга хэмжээг авсан. Тухайн нөхцөл байдалд  энэ хуулийг баталсан нь зөв байсан. Харин цаашдаа энэ тогтолцоогоор яваад байх боломжгүй.   Эдийн засгийн боломж хэр билээ. Хэдэн банк байгаа билээ. Энэ бүхнийг бодолцох хэрэгтэй.  Тиймээс олон улсын туршлагыг судалж байгаа нь энэ л дээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж