Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эрчим хүчний дэд зөвлөлөөс өчигдөр ”Түлш эрчим хүчний салбарын өнөөгийн байдал” нээлттэй сонсгол зохион байгуулсан юм. Шилжилтийн гэх хүнд үед гал алдаж, хөлдөх аюулд тулгараад байсантай харьцуулахад өдгөө энэ салбарынхан “дээврээ даах”-тайгаа болсон ч толгой өвтгөх асуудал чамгүй олон. Тийм ч учраас эрчим хүчнийхний яриа хэлэлцээр их, хөндөх сэдэв олон. Уул уурхайн баялгаа ашиглах гараагаа эхэллээ хэмээн морио давирахтайгаа зэрэгцээд эрчим хүчээ хэрхэх билээ гэдэг асуудалтай тулгараад байгаа, хөдөөгийн айлуудаа бүү хэл сумын төвөө хэрхэн дэнгийн гэрлээс нь салгах, хүн амынх нь тал нь пиг чихсэн нийслэл хотынхоо эрчим хүчийг салаа утсыг хэрхэн зөв гольдролд оруулах вэ гэхчилэн үнэхээр шүдний өвчин гэмээр асуудал олон бий, тэдэнд. Ингээд шинэхэн мэдээллээс тоймлон хүргэж байна.
ТЭЦ-V яасан бэ?
Бодлогын асуудлаар санал солилцож байгаа ямар ч уулзалтын явцад иргэдийн хамгийн ойрын хэрэгцээт асуудлууд хөндөгдөх нь зүй. Тиймээс сонсголын завсар зуур сэтгүүлчид албаны хүмүүсээс ТЭЦ-V–аа сураглахаа мартсангүй. Хүмүүсийн оноон нэрлэснээр ТЭЦ-V албан нэрээрээ бол Улаанбаатар-V цахилгаан станцыг барьж байгуулах тендер зарласан ч харамсалтай нь урагштай ажил болсонгүй. Тиймээс тендерийг дахин зарлаад байгаа ч ямархуу оролцогч саналаа ирүүлж, ямар хурдацтай ажил урагшлахыг одоогоор хэлэхэд хэцүү. Ямар ч гэсэн энэ жилийн эхний хагаст тендерийн шалгаруулалт болох байх гэж найдаж буйгаа албаны хүмүүс хэллээ. Өмнө нь 300 мегават-ын цахилгаан станц байгуулна гэж төлөвлөж байсан ч одоогоор 700 орчим мегават-ын станц байгуулахаас наашгүй гэсэн тойм тооцоо бий. Нэг мегават-ын эрчим хүч үйлдвэрлэх үүсвэр байгуулахын тулд нэг сая орчим доллар шаардлагатай гэсэн тооцоогоор бол ТЭЦ-V-ийг байгуулахад дунджаар 700-800 орчим сая ам.доллар буюу нэг их наяд орчим төгрөг шаардлагатай. Орчим гэж багцаалж байгаагийн учир мөн л нарийвчилсан тоо судалгаа хараахан гараагүй байгаа. Уг нь манай эдийн засаг их наядаар яригдах хөрөнгийг оруулж гаргадаг болсон боловч үүнийг төр ганцаараа хүчрэхгүй гэж үзэж байгаа юм. Уг нь иргэдэд тарааж байгаа 850 тэрбум төгрөгтэй харьцуулахад боломжийн мөнгө мэт боловч станцыг бүтээн босгох, техник, технологи, мэргэжилтэн боловсон хүчнээс эхлээд гадныхныг урин дуудахаас наашгүй гэж байгаа. Байгуулах газрыг нь хэдэн хэдэн хувилбараар ярьж байсан ч Улиастайд гэхээр дэд бүтцийн хувьд хүндрэлтэй гэгчилэнгээр эдүгээ ТЭЦ-III-ийн дэд бүтцийг түшиглэн байгуулахаар болж байгаа бололтой. Уг нь ТЭЦ- III-ийг 2005 онд тэтгэвэрт гаргах нас нь өнгөрсөн юм билээ.
Эрчим хүч импортлогч Оюутолгой, “идэмхий” Эрдэнэт
Нэг хэсэг зэсийн үнэ унаж хямрал нүүрлэхэд саалийн ганц үнээгээ туйлдуулахгүй гэж Эрдэнэт үйлдвэрийн эрчим хүчний үнэд хөнгөлөлт үзүүлж байсан, харин одоо үнэ өсч байгаа юм чинь тэднээс төлөх мөнгийг арай ихэсгэж болдоггүй юм уу гэсэн асуултыг салбарынхан тавьжээ. Зэсийн үнэ унаж байсан үед тус үйлдвэрт төсвөөс 16-17 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байснаа, байдал сайжрахад цуцалсан. Харин одоо нэг аж ахуйн нэгжид тусгайлан илүү үнэ нэхэх нэг талаасаа шударга бус, нөгөө талаасаа хамтарсан үйлдвэр гэдэг утгаараа ярилцаж, тохиролцох асуудал их байгаа. Гэхдээ энэ талаар бас бодсон зүйл бий гэж албаны хүн тайлбарлалаа. Үүнд мэргэжлийнхний хэллэгээр болд чадал энергийн тариф гэсэн шинэ нэр томьёотой төлбөрийн асуудлыг ярилцаж үзэж байгаа гэлээ. Бодвол өндөр энерги чадал ашиглах тусам илүү төлбөр төлнө гэсэн үг юм уу даа. Салбарынхны бас нэг сануулж буй зүйл нь Оюутолгой гэж 5-6 жил ярьж маргаж байсан мөртлөө угтуулаад эрчим хүчний асуудлыг нь шийдэж байж болоогүй юм уу гэсэн зэмлэл. Нэгэнт өнөөдөр Монголдоо “үйлдвэрлэсэн” эрчим хүчээр хангах боломжгүй болохоор ойрын хугацаанд буюу дөрвөн жилийн хугацаанд өмнөд хөршөөс цахилгаан импортолно. Дамжуулах шугам байгуулах техникийн шийдэл зэргийг одоо судалж ярилцаж л байгаа. Үнэ тарифыг ч бас ярилцаж байж шийднэ гэж албаны хүмүүс тайлбарлалаа.
Суурь үнийг чөлөөлөх үү, эсвэл станцуудыг хувьчлах уу?
Эрчим хүчний салбарын хувьчлалыг онцлон дурдаж байгаагийн учир бол энэхүү алхмыг хийж чадвал 1990 оноос хойш өөрчлөгдөөгүй шахам байгаа ганц “систем” гэгдэх хүнд ачаагаа төр хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран өөд татах ганц арга зам юм гэсэн санаа тод сонсогдож байгаагийнх. Дэлхий даяар ч ийм л замыг сонгож буй. Эрчим хүчний салбарыг хувьчлах талаар энэ удаад дэлхийд нэлээд туршлагатай ING банкныхан манайханд туршлагаасаа танилцуулж байгаа юм билээ. Манай бодлого тодорхойлогч яамны хувьд эхлээд эрчим хүч үйлдвэрлэгч станцуудыг төр хувийн хэвшлийн түншлэл буюу концессын гэрээгээр барьж байгуулан, заримыг нь хувьчлах, харин дамжуулах түгээх салбаруудыг төр мэдэлдээ байлгах нь зүйтэй гэсэн байр суурийг баримталж байгаа аж. Ямартаа ч эрчим хүчний салбарт хувийн хэвшлийнхний оролцоог нэмэгдүүлэхэд суурь болох нөхцлийг өнгөрсөн 2010 оны арванхоёрдугаар сард гаргасан УИХ-ын 52 дугаар тогтоолоор бүрдүүлж чадсан гэж үзэж байгаа юм байна. Энэхүү тогтоолыг олзуурхаж байгаа бас нэг зүйл нь 2014 он хүртэл өнөөдрийн уурхай, станцуудын хоорондын хэрүүлийн бай цаашилбал, эрчим хүчний салбарын гол хүндрэл болоод байгаа үнийн тарифыг шат дараатайгаар нэмэх зарчмыг оруулсан. Ингэснээр сард 150квт хүртэл хэрэглээтэй өрхийн цахилгааны хэрэглээний үнийг нэмэхгүйгээр, бусад аж ахуй нэгж, байгууллагууд, өндөр “хэрэглээтэнгүүд”-ийн нэг квт цахилгааны үнийг 110 төгрөгт хүргэхээр зорьж байгаа аж. Чингэвэл эрчим хүчний салбарынхан алдагдалтай ажиллаж буйгаа улиглаж суух биш, урагшлах нэг замд хөл тавина гэж найдаж байгаа гэнэ.