“Гэрэл зурагчинд хамгийн чухал нь билгийн нүд”

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

“Гэрэл зурагчинд хамгийн чухал нь билгийн нүд”

Гэрэл зураг түүх өгүүлнэ гэдэг. Нэг агшинг аргамжиж, нэг агшинг түүх болгон үлдээх чадвартай хүмүүс бол гэрэл зурагчид.  Олон олон түүхийг “бичилцэж”, олон олон түүхийг нэг агшнаа аргамжсан  нэгэн эрхэмтэй уулзаж ярилцсан юм. Түүнийг хүмүүс “Улаан-Од”-ын Б.Чантуу гэдгээр сайн танина. Харин зарим нь хурандаа Б.Чантуу хэмээн нэрлэдэг. Энэ эрхэмийн архив ер бусын сонин, содон гэрэл зургуудаар дүүрэн байх. Олон жилийн өмнөх цэл залуухан дарга Ю.Цэдэнбал, гэргий Филатова, сансарын нисгэгч Ж.Гүррагчаа, В.Жанибеков гээд түүний архиваар дүүрэн дурсамж, дүүрэн түүх хөглөрнө.

-Таны архивт сонин, содон зураг их олон байна. Наймдугаар богдын таван настай байх үеийн зураг эх хувилбараараа таны архивт байна. Энэ зургийг та хаанаас олж авсан бэ?

– Гончигцэрэнгийн Агваанлувсанг таван настайд нь найдугаар богд Жавзандамба хутагтаар тодруулж, Монголын төр шашны тэргүүнд залсан. Тэр түүхэн үйл явдлыг зургийг мөнхлөхөөр 1875 онд Бээжингээс хоёр зурагчин ирж зургийг нь авч байсан юм билээ. Богдын зургийг тэр үеийн  монголчууд жаазлаад хоймортоо залдаг байж л дээ. Тэгээд үе дамжин хадгалагдсан тэр зургийг  би нэг айлаас олж авч архивласан юм. Миний архивт байгаа ховор нандин зургуудын нэг.

-Богдыг өөрийн гэрэл зурагчинтай байсан гэж зарим түүхчид ярьдаг шүү дээ. Ямарч байсан Наймдугаар богдыг ширээнд нь залах үед Монголд гэрэл зурагчин байгаагүй юм байна, тийм үү?

-Богдыг таван настайдаа Монголд ирэх үед манайд гэрэл зурагчин байгаагүй. Харин 1904 онд буюу богдыг 25 настай байхад түүний албатууд дотроос Дамбийжанцан, Бадам гэдэг хүмүүс анх өөрийн сонирхлоор сүүдэр зураг татаж сурснаар Богдод тоогдсон гэдэг. Тэгээд Богд аппарат хэрэгслийг нь Бээжингээс захиалж авчруулж байсан гэсэн баримт байдаг юм билээ.  Гэрэл зургийн аппараттай болсон нөгөө нөхдүүд Богдоос гадна тухайн үеийн хаад, ноёд, худалдаачид, энгийн ардуудын зургийг ихээр авах болж. Эндээс нь Монголд гэрэл зургийн түүх жинхэнээрээ бичигдэх  болсон байна.

-Тэр үеийн хүмүүс зураг авахуулах дургүй байсан юм биш үү. Зургаа авахуулбал нас богиносно гэж монголчууд ярьдаг байсан гэдэг?

-Дээдсүүд өөрийн эрх ямбын хүрээнээс гэрэл зургийг алдахыг хүсээгүйдээ л тийм цуу үг тараасан байх.  Тэгээд л “Сүүдрээ татуулбал, нас богиносно” гэж мухар сүсгээр аруудыг айлгах гэсэн биз. Монголд гэрэл зургийн мэргэжлийн байгууллага үүссэнийг 1935 оноос эхлэн тооцдог. Үнэндээ бол тийм биш шүү дээ. Үүнээс өмнжөх хагас жарны түүхэн гэрэл зургийг баримтыг үгүйсгэж болохгүй.

-Ингэхэд та хэдэн оноос гэрэл зураг сонирхох болов. Хэн танд гэрэл зураг авахыг зааж байсан бэ?

-1960 онд М.Цэрэнжамц бид хоёр Оросод Комсомолын төв сургуульд суралцахаар явлаа. Тэнд суралцаж байхдаа гэрэл зурагт “дурласан” хэрэг. Бидэнд А.Архипов гэдэг орос багш гэрэл зураг авах анхны “А” үсгийг зааж өгсөн юм. Тэр цагаас хойш41 жил гэрэл зурагтай нөхөрлөлөө. Оросод сургуулиа төгсч, Монгол ирээд “Залуучуудын үнэн” сонинд ажиллаж эхэлсэн. Сурвалжлагчаар анх ажилласан юм. Гэтэл 1969 онд Монголын үндэсний телевизийг байгуулах гээд Ч.Агваанлувсанг оператор болгохоор Орос руу сургуульд явуулаад намайг гэрэл зурагчин болгосон юм.

-Тэрнээс хойш гэрэл зургаар дагнах болсон уу. Гэрэл зурагчин болсондоо шантрах тохиолдол гарч байв уу?

– Гэрэл зургаа авна, сурвалжлагаа бичнэ.  Би сэтгүүлч хүн ганц гартай байж болохгүй гэж үздэг хүн. Наад тал нь хоёр гартай байх хэрэгтэй. Тухайн үед бидэнд ийм шаардлага тавьдаг байлаа. Тэр зангаа өвгөрсөн хойноо ч гээж чадахгүй л явна. Гэрэл зурагчин болсондоо харин ч баярладаг. Шантарч,халшрах тохиолдол гараагүй. Бидний үед зураг авна гэдэг одоогийнхоос тэс өөр байсан. Нэг зураг дараад шууд компьютерт суулгачих биш.  Гэрэл зураг алга дарам хавтгай дээр, агшинд буусан дүрс биш гэж би боддог. Хувь хүн, гэр бүлийнхэн, янаг амраг, анд нөхөд, хуучин шинэ нам, хувьсгал, төр засаг нийгмийн амьдралыг он цагийн нугачаанд түүхчлэн үлдээдэг үлэмжийн баялаг үгүүлэмжтэй, үнэнийг гуйвуулахын аргагүй баримт шүү дээ. Эх орны үзэсгэлэнт байгалийн түмэн гоёыг мэлмий нээж, сэтгэл алдарч, замд гартал буулгах уран зураг байна. Монголчуудын өнгөрсөн, эдүгээг бодитоор буулгасан зузаан шашдир гэр зургаа нанди гнаж явдаг даа.

-Гэрэл зураг авахдаа фактлах тохиолдол гардаг байв уу?

-Одоогийн том дурантай, мундаг аппараттай харьцуулахын аргагүй аппаратаар л зураг авдаг байсан юм. Зургаа авах гээд хойшоо ухрахдаа хөл алдаж  унаж гэмтэх асуудал гарна. 1964 онд Хүүхэд залуучуудын паркийг нээсэн юм. Одоогийнхоор бол Үндэсний соёл амралтын хүрээлэн шүү дээ. Нээлтийн арга хэмжээн дээр Ю.Цэдэнбал даргад нэгэн гадаадын пионер улаан бүч зүүхэд нь  зургийг нь аваад сонингийн нэгдүгээр нүүрэнд гаргах ёстой байлаа. Зургаа ч авлаа, маргааш нь “Залуучуудын үнэн” сонин дээр “Маршалд улаан бүч зүүж буй орос пионер” гээд л тайлбар тавиад гаргачихлаа. Гэтэл намайг Эвлэлийн төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ч.Пүрэвжав дуудуулдаг юм байна. Яваад орлоо, дарга жигтэйхэн ууртай сууж байна. Чиний тэр маршалтай хамт зургийг нь авсан пионер чинь орос биш польш пионер байсан юм гээд л загнаж гарлаа. Бараг л ажилтай үлдэх үү гэдэг дээрээ ярих юм боллоо. Харин аз болж маршал өөрөө Ч.Пүрэвжав руу утасдаж наад хүүхдээ зүгээр байлга гэсэн гэдэг. Тэр үеийн сонинд ажиллах гэдэг ямар их хариуцлагатай зүйл байсан гэж санана. Түүнээс хойш зургийнхаа тайлбарт их анхаарах болсон. Өнөөгийн хүүхдүүд авсан зургаа архивлахдаа тайлбар хийдэг эсэхийг нь мэдэхгүй байна. Бидний үед байнга тайлбар тавина. Нэг ёсондоо түүхийг баримтжуулж байгаа хэрэг шүү дээ. Авсан зургаа хэрэггүй гэж хаяж болохгүй. Зураг болгон өөрийн гэсэн түүхтэй болохоор өнөөдөр биш юм аа гэхэд 10 жилийн дараа хэн нэгэнд хэрэг болох ч юм билүү.

-Ю.Цэдэнбал дарга зурган дээр их гоё гарсан байдаг. Зураг авхуулахдаа хэр дуртай байсан бэ?

– Дарга их сайхан ааштай хүн байсан даа. Сурвалжлагчийн ажлыг их ойлгодог, зургаа авахуулахдаа дуртай. Ямар одоогийнх шиг холоос татна гэх биш. Та ингээд зогсч бай, инээмсэглэ гэж ирээд л зургийг нь дардаг байлаа шүү дээ. Одоогийн дарга нар гэрэл зурагчдыг тэгж хэлэх юм бол хүлээж авахгүй байх. Хууль, дүрэм яриад.

-Тэр үед ямар аппарат “моод” болж байв?

-“Зенит”-ээр зураг авдаг байсан. Октябрийн баяраар гэхэд л аппаратаа нэхийнд ороогоод авч явдаг байлаа. Гэрэл гэж шанага шиг том зүйл хажуудаа бариад явна шүү дээ.

-Зургаа авна, сурвалжлагаа хийгээд цалин сайн авдаг байсан уу?

-Сайн авдаг байсан. Орчин үеийн Монгол гэдэг сэтгүүлд зургаа их нийлүүлнэ. Бид тэр сэтгүүлд зургаа их борлуулдаг байсан. Би чинь 1963-1969-онд “Залуучуудын үнэн” сонинд утга зохиолын ажилтан, гэрэл зургийн сурвалжлагч. 1972-1991 онд “Улаан од” сонинд хэлтэсийн дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга, ерөнхий эрхлэгч. 1994-1998 онд Монголын сэтгүүлчдийн холбооны нэгдсэн холбоо, 2001-2011 онд “Admon” компаний харьяа “Фото Мон” агентлагт ховор гэрэл зургийн архивийн эрхлэгчээр ажиллаж байна.

-Таны хувийн архивт ингэхэд хичнээн зураг байна вэ. Тоолж үзсэн үү?

-Үзэлгүй яахав. Нийтдээ 3000 зураг байна. Зургуудаа дотор нь дөрөв ангилаад хадгалсан байгаа. Нэг хэсэг нь үйл явдлын зураг байна. Нөгөө хэсэг нь дандаа алдартнуудын зураг байгаа. Гурав дахь хэсэг нь ан амьтны зураг. Дөрөв дэх нь байгалийн гэх мэтээр ангилах нь зүгээр юм билээ. Зураг бүхэн тайлбартай. Ер нь бол гэрэл зургийг Т.Чимид бид хоёр л уншиж чадна гэж онгирмоор байна.  Энэ өвгөн худлаа онгироод гэж битгий бодоорой. Үнэхээр Т.Чимэд бид хоёроос өөр хүн  гэрэл зургийг ном шиг уншиж чадахгүй. Гэрэл зурагчин бол нэгдүгээрт сэтгүүлч, хоёрдугаарт уранбүтээлч, гуравдугаарт түүхч байдаг.

-Та “Улаан-Од” сонинд байхдаа 1981 оны сарын нислэгийг сурвалжилсан гэл үү?

-Тийм.  Тэр түүхэн үйл явдлын гэрч болж ажилласандаа одооч би өөрөөрөө бахархдаг.  Бид 45 хоног бэлтгэл хийгээд, дараа нь шууд Москва ниссэн. Сансарын нислэгийг сурвалжлах гэж байгаагаа гэр орныхондоо ч хэлэхгүй байхыг анхааруулсан юм. Тэнд очоод л “хүү их сайн байгаа” гэж мэдээлдэг байв.

-Хүү гэж хэнийг хэлээд байгаа юм бэ?

-Ж.Гүррагчааг.  Өөрөөр хэлбэл, Ж.Гүррагчаагийн бэлтгэл их сайн байгаа гэж хэлж байгаа прол шүү дээ.  Охин гэж Ганзоригийг нь хэлдэг байсан юм. Биднийг хамаагүй зураг авахыг хориглоно. Цаанаас нэг хальс өглөө өгөөд орой нь шууд хураагаад авчихдаг байсан юм. Нууц зураг авчихсан байж магадгүй гэж хардаж, шалгаж байгаа хэрэг шүү дээ. Сансарт монгол хүн ниссэн тухай мэдээг би Оросоос 30 минутын дараа редакц руугаа мэдээлсэн. Манай “Улаан-Од” сонин “Үнэн”-гээс түрүүлээд тэр өдөр хэвлэгдсэн гэдэг. Тэгсэн Төр хороо утастаад танайх яагаад “Үнэн” сониноос түрүүлж хэвлэгдэв гээд бөөн асуудал үүсгэсэн.

-Та шавьтай юу?

-За даа, шавь гээд хадаг бариад ирсэн хүн байхгүй. Хамт ажиллаж байгаа хэдэн хүүхэддээ л зааж зурж өгөх юм даа. Тэдэнд би хэлдэг юм. Гэрэл зурагчинд хамгийн чухал юм билгийн нүд байдаг. Хичнээн дур сонирхол байгаад билгийн нүдгүй бол олигтой зураг гарахгүй. Нэг байрлал дээр хоёр өөр зурагчин зураг авахад хэн хурдан сэтгэж чаддаг хүний зураг арай л өөр байдаг юм даа. Илүү тод, илүү уншилттай. Тиймээс гэрэл зургийг хэрхэн зохиомжтой авах вэ гэдгээ хурдан сэтгэж чадах хэрэгтэй. Өнөөдөр техникийн хүчин чадал асар хурдацтай хөгжиж байна. Түүнийгээ дагаад гэрэл зурагчин хүний оюун ухаан, сэтгэн бодох чадвар цэг хөгжих ёстой юм. Авсан зураг бүрийнхээ ард он сар өдөр, ямар үйл явдал болсныг нь бичиж хадгалах хэрэгтэй. Байгалийн, уран сайхны зураг бол тайлбар заавал шаардаад байдаггүй. Хүмүүс шууд хараад л уншчихдаг. Харин үйл явдал хөрөг зураганд тайлбар байх хэрэгтэй юм. Хэн гэдэг хүн хэдэнд онд авхуулсан гээд он сар өдрийг нь бичих хэрэгтэй.

-Гэрэл зураг судлал Монголд хэр хөгжсөн байдаг вэ?

-Өө, их муу шүү дээ. Бараг хөгжөөгүй гэхэд болно. Уг нь гэрэл зургийг түүх мэт судлах ёстой юм шүү дээ. Энэ өөрөө бүхэл бүтэн түүхийн нэг хэсэг учраас. Харамсалтай нь үүнийг барьж аваад, хөгжүүлэх хүн алга. Хөрөнгө мөнгөөр ивээн тэтгээд өгөх хүн ч байхгүй байна.

М.Нямсайхан, Ж.Нямсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж