Францын удирдаач Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Францын удирдаач Монголд ирлээ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт Францын удирдаач Роберто Рессико ирлээ. Тэрбээр өнгөрсөн лхагва гаригт Монголд ирсэн бөгөөд ирэх гуравдугаар сард тоглох Ж.Бизэ “Кармен” дуурийг удирдах юм. Хөгжмийн багш, хөгжимчин, удирдаач “XEREMIA” хамтлагийн ахлагч Роберто Реcсико анх 2009 онд Монголд ирж байсан бөгөөд тухай үед “Кармен” дуурийг хүүхдэд зориулан шинэчлэн тавьжээ. Мөн Дж.Вердийн “Риголетто” дуурийг удирдаж байсан юм. Харин энэ удаад тэрбээр “Кармен” дуурийг удирдах бөгөөд түүний санаачлагаар ирэх гуравдугаар сарын 5-нд 13.00 цагаас хүүхдэд зориулсан “Кармен” дуурийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тоглох юм.

Энэхүү дуурийн нээлт 1875 оны гуравдугаар сарын таванд Парис хотноо болсон боловч олны шүүмжлэлтэй тулгарч байсан ч удалгүй амжилт олж анхны тоглолт 48 удаа тасралтгүй тоглосон гэдэг.

“Кармен” дуурь 1880 оноос Дэлхийн хамгийн алдартай дуурийн тоонд зүй ёсоор багтжээ. Алдарт “Кармен” дуурийн удиртгал хөгжим, “Тореадорийн дуу”, “Хабанера”, “Цэцгийн дуу”-г сонгодог урлагтай дуртай үзэгчид андахгүй. Энэ дуурийг анх 1987 дөрөвдүгээр сарын 5-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулганы найруулгаар үзэгчдийн хүртээл болсон бөгөөд Ардын жүжигчин Ч.Мөнхшүр эрх чөлөөт, үзэсгэлэнт цыган бүсгүй Кармены дүрийг бүтээж байв.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж