“Намрын бор хурууд шиг уул Алтай минь” ном төрлөө

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

“Намрын бор хурууд шиг уул Алтай минь” ном төрлөө

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн жижигхэн өрөө өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Цайллагын ширээ засан ахмад сэтгүүлч, зохиолч гээд олон зочид цуглан мэнд усаа мэдэлцэн золголт хийнэ. Уулзалгүй удсан хүмүүс шинэ номын нээлт дээр чуулсан нь энэ байлаа.

Шинээр эмхлэн гаргасан “Ардын эрх” сонины түшиг тулгуур ноён нуруу нь болж байсан нэрт сэтгүүлч Гэндэнгийн Бямбажал агсны гэгээн дурсгалд зориулж хань, үр хүүхдүүд нь түүний бүтээлүүдийг эмхэтгэн “Намрын бор хурууд шиг уул Алтай минь” нэртэй шинэ ном хэвлүүлжээ. Түүний хань, үр хүүхэд журмын анд, ойр дотныхон нь хайрт аав, халамжит хань, сайн багш, авьяаслаг үзэг нэгт анд, нөхрөө эргэн дурсан энэ л танхимыг зорин ирсэн нь энэ байлаа. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн энэ л жижигхэн өрөөг сонгон түүний дурсгалд зориулсан номын нээлтийг хийсэн нь ч учиртай ажээ. Тэрээр ажил амьдралынхаа сүүлийн жилүүдийг энэ өрөөнд элээн 2006-2009 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд референт, ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.

Хэдийгээр тэрээр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч түүний уран бүтээл үйл хэрэг өнөөдөр ч үргэлж буйг түүний бүтээлийн энэхүү ном харуулсан юм. Хүний бие одовч, хийсэн бүтээсэн нь үлддэг. Эл номонд түүний бичин туурвисан хөрөг найруулал, аян замын тэмдэглэл, нийтлэл, сурвалжлага, найруулал өгүүлэл, дурдатгал ярилцлага, эссе, сэтгүүл зүй, сэтгүүлчийн хөдөлмөрийн тухай болон Жалын тухай бусдын үг, зул, түүхэн он цагийг хүүрнэсэн хөрөг зургийн цомог нь багтжээ.

Тэрээр улс орны амьдрал, хөдөлмөрийн сайхан хүмүүсийн тухай олон арван нийтлэл найруулал болон гадаад дотооддоо аялан аян замын тэмдэглэл, найруулал бичиж туурвихын хамт “Дурсгалын мөнгөн бөгж”, “Далайн цагаан өргөө” өгүүлэл, найраглалын ном туурвин гаргажээ. Мөн найз нөхөдтэйгээ нийлэн арваад ном гаргасан байна.

Энэхүү бүтээл нь сэтгүүл зүйд шинээр хөл тавьж байгаа хэн бүхэнд ширээний ном болохуйц бүтээл болжээ гэдгийг номын нээлтэд хүрэлцэн ирсэн зочид ярьж байсан юм.

Г.Бямбажал бол мэргэжилдээ үнэнч сэтгүүлч, Монгол дахь хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөө тууштай тэмцэгч, зүрх сэтгэл, хөдөлмөр бүтээлээ эх орон, хүн ардынхаа сайн сайхны төлөө тууштай зориулсан туйлын хөдөлмөрч, авьяаслаг бүтээлч сэхээтэн байсан юм. Тэр хамтран зүтгэгч үзэг нэгт анд нөхдөдөө түшиг тулгуур нь болсон сайн зөвлөгч нөхөр нь, залуу сэтгүүлчдийг өсгөж хөгжүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэж ажилладаг багш нь, өрх гэр, үр хүүхдүүд, ач зээ нартаа халамжит хань, хайрт эцэг, өндөр өвөө нь байсан. Түүний үнэнч, шударга, тууштай, цэвэр цэмцгэр, хөдөлмөрч нийтэч, эгэл жирийн ардын дундаас баатар төрүүлж чаддаг авьяас билгийг анд нөхөд нь эргэн дурсан өнөөдөр ч гэсэн бидний дунд амьд сэрүүн байдаг хэмээв.

Тэрээр улсдаа хөдөлмөрлөсөн 44 жилийн 40-ийг нь Монголын сэтгүүл зүйд зориулсан юм. Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Дарви сумын сургуульд 1958 оноос багш, 1962 оноос Боловсролын яамны хэвлэлийн хэлтэст хянагч редактороор ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байжээ. 1972 онд Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуулийг сэтгүүлчийн мэргэжлээр төгссөнөөс хойш Монголын хэвлэл мэдээллийн салбарт тасралтгүй ажиллажээ. “Үнэн”, “Ардын эрх”, “Монголын мэдээ”, “Өнөөдөр” сонинд сэтгүүлч, нарийн бичгийн дарга, хариуцлагатай нарийн бичгийн даргын албыг 35 жилийн турш хашиж, Монголд хариуцлагатай, ёс зүйтэй сэтгүүл зүйг төлөвшүүлэхийн төлөө өөрийн ухамсарт бүх амьдралыг зориулсан манай ахмад, туршлагатай сэтгүүлч, чадамгай зохион байгуулагч байлаа. 

Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлж төрийн дээд шагнал Д.Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон медалиудаар шагнасан. Тэрээр “Ардын боловсролын тэргүүний ажилтан”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, МСХ-ны шагналт сэтгүүлч юм.

Тус номын нээлтэд түүний гэргий Ё.Бадам, үр хүүхэд, ач зээ нар болон МСНЭ-ийн дарга Т.Баасансүрэн, нэрт сэтгүүлч, төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Хорлоогийн Цэвэлээ, ахмад сэтгүүлч Г.Жамъяан, төрийн шагнал зохиолч Д.Нямаа, “Өнөөдөр” сонины тоймч И.Ренчинханд зэрэг сэтгүүл зүйн салбарт мөр зэрэгцэн ажиллаж байсан найзууд, түүний шавь нар, ах дүүс нь хүрэлцэн ирсэн байлаа. Халуун дулаан уур амьсгал дор хуучлан шинэхэн номын хуудас эргүүлэн эргэн дурсан байгаа заримынх нь нүдэнд нулимс хүртэл цэлэлзэн байсан юм.

Номын нээлт дээр түүний гэргий Ё.Бадамтай цөөн хором ярилцлаа.

-Миний хань Г.Бямбажал 40 жил сонин, хэвлэлийн гол гал тогоонд ажиллан сурвалжлага, нийтлэл, эссэ, найруулал, аян замын тэмдэглэл гээд улс орны өнцөг булан бүрт болж байгаа үйл явдал, хүмүүсийн туршлага, сайн сайхан зүйлийг олон түмэнд хүргэх гэж туурвиж байсан. Тэдгээр бүтээлүүдийг хүүхдүүд маань эмхэтгээд ном болгон гаргаж байна. Энэ номыг бүтээхэд миний охин Б.Туул эхийг нь хийгээд, редактороор нь МСНЭ-ийн ерөнхийлөгч Т.Баасансүрэн ажиллаа. Энэхүү номоо олон түмэнд таниулж хүргэх гэж баяр хийж байна.
 
-Шинэхэн номын нэрийн тухайд?
-Миний хань Ховд аймгийн Дарви сумын хүн байсан. Байгаль, уул ус, нутгийнхаа төлөө зүрх сэтгэлээ зориулж, түүний төлөө бичиж  явсан. Улс орныхоо өнцөг булан бүрт байгаа аль л сайн сайхан бүхнийг олон түмэндээ хүргэх гэж хөдөлмөрлөсөн. Өөрийнхөө төрсөн нутагт очоод хамгийн сүүлд бичсэн найруулгынх нь нэрээр энэхүү номоо нэрлэсэн.

Аавынхаа уран бүтээлийг эмхэтгэн гаргасан Б.Туултай уулзан номын нээлтийн  сэтгэгдлийг нь сонслоо.
-Манай аав бол 40 гаруй жил сэтгүүлч хийсэн. Аав маань бичсэн бүх материалаа эмх цэгцтэй хадгалдаг хүн байсан. Бид аавынхаа дурсгалд зориулан тэр бүх материалуудыг нь эмхэтгээд “Намрын бор хурууд шиг уул Алтай минь” номыг хэвлүүлсэн. Энэхүү номонд багтсан бүтээлүүд нь дандаа цаг үеийнхээ үйл явдлыг харуулсан дандаа ажил хэрэгч хүмүүсийн амьдрал ахуй, нийгэмд туршлага болохуйц зүйлсийг хийж байсан.

-Аав хүнийхээ хувьд ямар хүн байсан бэ?
-Өрөвч нинжин сэтгэлтэй бид нарт үлгэр дууриал болсон ховорхон сайхан аав байсан. Бид нар аавынхаа үнэнч шударга чиг шугамыг нь бариад бүгдээрээ л тийм зарчмаар амьдрал ахуйгаа залгуулаад сайн сайхан амьдраад явж байгаа. Аавынхаа нэр төрийг өндөрт өргөхийн төлөө хичээн явж байгаа.

-Өвөөгийнхөө мэргэжлийг өвлөж байгаа хүүхэд байгаа юу?
-Одоохондоо байхгүй байгаа ч гарах байх гэж найдаж байгаа. Яг мэргэжлийг нь эзэмшээгүй ч гэлээ бичих тал дээр өвлөн авсан зүйлс бидэнд байдаг л даа. Ийм сайхан ном хэвлүүлж гаргасандаа маш их баяртай байна.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж