Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёрдугаар сарын 19-ний өдөр Архангай аймагт ажиллалаа. Ерөнхийлөгч эхлээд Боловсролын их сургуулийн харьяа Багшийн сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, багш оюутнуудтай уулзлаа. 60 жилийн туршид улсынхаа төвийн болон баруун бүсийн дунд сургуулийн багш нарыг  бэлдэж ирсэн тус сургуульд өнөөдөр 1700 орчим оюутан суралцаж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оюутнуудын хүсэлтээр Дээд боловсролын санхүүжилт, оюутны тэтгэлэг тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийн үзэл баримтлалын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж ярив. “Уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж,  боловсролын асуудлыг цогцоор нь шийдэх сайхан боломж бүрдэж байна. Боловсролыг хэрхэн чанаржуулах талаар ярьж хийж буй зүйл их бий ч, хийх шаардлагатай зүйл бас байна. Энэ бол нэг салбарын асуудал биш нийгмийн асуудал юм.  Боловсролоор дамжуулж бусад  салбар  сайжирч, хөгжиж явах учиртай.

Бид нарийн судалж, мэргэжлийн хүмүүс, иргэдээр хэлэлцүүлээд дээд боловсролыг санхүүжилтээр дамжуулж өөрчилж, чанары нь сайжруулах нь зөв юм байна гэж үзэж, хуулийн төслийг бэлэн боловсруулан Их Хуралд өргөн барьсан. Дэлхийн олон орны туршлагыг харахад ч дээд боловсролын зардлын ихэнх хувийг төрөөс даагаад явах нь чанартай, сайн боловсролын тогтолцоо бий болгодог юм байна. Манай улс өнөөдөр дээд боловсролын зардлын 90 гаруй хувийг оюутны төлбөрөөс бүрдүүлж байна. Энэ нь тийм хэмжээний эдийн засгийн хүндрэлийг  эцэг эхчүүд, айл өрх гэрүүдийн нуруун дээр үүрүүлж байна гэсэн үг. Сургалтын төлбөр бол тухайн дээд боловсролын санхүүжилтын багахан  хувь нь байх ёстой.

Мөн энэ хуулин дээр оруулсан өөр нэг чухал заалт бол оюутныг цалинтай болгох тухай юм. Цалинтай оюутан хариуцлагатай, сонголттой байдаг. Төр цалин, мөнгө өгчихөөд тухайн оюутныг сайн суралцахыг шаардах эрх нь үүсч байгаа гэсэн үг. Оюутан сар бүр амьжиргааны баталгаажих түвшингийн тал хувьтай тэнцэх хэмжээний буюу 54 мянган төгрөгийн цалинтай байхаар энэ хуульд оруулсан. Сонгосон мэргэжил, суралцаж байгаа идэвхи, амжилт зэргээс шалтгаалж цалин нь өсөөд явах боломжтой байхаар тусгасан. Манай улсад ийм эдийн засгийн боломж нь ч байгаа…” гэж Ерөнхийлөгч ярилаа. 
 
Архангайн Багшийн сургуулийн оюутнуудын цахим мэдээллийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамжийг сайжруулах, оюутны дотуур байр, сургуулийн шинэ байртай болох гэх мэт хөдөөгийн сургуульд тулгардаг бэрхшээлүүд энэ сургуульд ч тулгарч байгааг багш нар хэлж ярьж байв. Багш, оюутнууд Ерөнхийлөгчид Дээд боловсролын санхүүжилт, оюутны тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хууль санаачлан батлуулахаар ажиллаж буйд нь талархаж байна гээд боловсролын чанарыг сайжруулах талаар өөрсдийн санал бодлоо хэллээ.

Эх сурвалж: president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж