Ардчилсан намынхан 21 аймагтай холбогдлоо

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Ардчилсан намынхан 21 аймагтай холбогдлоо

Ардчилсан намын дарга нар сар бүрийн хоёр дахь долоо хоногийн пүрэв гаригт 21 аймаг дахь тус намын удирдлагуудтай холбогдон мэдээлэл өгч, санал солилцдог уламжлалтай. Энэ удаагийн Видео хуралпд намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, намын нарийн бичгийн дарга нар, 21 аймгийн намын дарга, удирдлагууд оролцсон байна.

Хурлыг нээж намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Ардчилсан нам өнөөдөр хоёр дахь удаагаа“Видео хурал зохион байгуулж байна. Өмнө нь ҮЗХ-ны 33 дугаар хурлын өмнө анхны хурлаа зохион байгуулсан. Энэ хугацаанд бид ҮЗХ-ны 33 дугаар хурлыг хийж, “Монгол хүн 2020” хөтөлбөр болон Намын дүрмийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцүүллээ. Дорнод аймагт “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулж, энэ амралтын өдрүүдэд Булган аймагт, ирэх долоо хоногийн амралтын өдрүүдэд Дорноговь аймагт зохион байгуулахаар болсон. Дараа дараагийн удаад аль аймгуудад зохион байгуулахаа бид сарын эхээр зарлана” гэсэн байна.

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Дорнод аймагт зохион байгуулсан “Монгол хүн 2020” хэлэлцүүлгээс ажил хэрэгч олон санал гарсан. Энэ бүтэц зохион байгуулалтаар бусад аймгуудад хэлэлцүүлэг зохион байгуулна. Бүх сум, бүх аймгийн хөтөлбөрүүд нэгдэж байж “Монгол хүн 2020” хөтөлбөр болно” гэжээ. 

Намын дүрмийн өөрчлөлтийн ажлын хэсгийн хувьд ирэх долоо хоногт сүүлийн хурлаа хийн тэндээс гарсан төслөө аймгийн намуудад илгээн, хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөсөн байна. Харин дүрмийн төслийн хүрээнд санаа, оноогоо хэлж, дор бүрнээ хэлэлцүүлэг өрнүүлж, ажил хэрэг болгох тал дээр сайн анхаарахыг энэ үеэр намын удирдлагууд анхааруулжээ. 

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж