Ерөнхийлөгч Өвөрхангай аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Өвөрхангай аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгуудад энэ сарын 17-21 өдрүүдэд ажиллана. Тэрбээр өнөөдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод  хүрэлцэн ирээд байна.  Ерөнхийлөгч Арвайхээр хотод очих зам зууртаа Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нэгдүгээр багийн малчин Ц.Дондовхүүгийнд зочилж, хаваржилтын байдалтай танилцлаа.  Өлзийт сумын малчин Ц.Дондовхүүгийнх аймгийн төвөөсөө 60 км, сумын төвөөсөө 40 км зайд хаваржаалдаг юм байна.  Ц.Дондовхүү малчин 1970 оноос хойш тасралтгүй мал маллаж, энэ жил бог, бод нийлсэн 800-гаад толгой  мал тоолуулжээ.

Тэрбээр Ерөнхийлөгчид хандан “Өнгөрсөн зун зуншлага сайн байсан болохоор малын хорогдолгүй байна. Өнгөрсөн өвлийн зудад малынхаа  багагүй хувийг алдсан . Малчид туршлагатай болж, нөгөө талаар сургамж авсан  болов уу. Энэ жил хадлан тэжээлээ хангалттай базаасан” хэмээн дуулгасан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Арвайхээр хотод хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд болон Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүллээ. Үүний дараа Ерөнхийлөгч Өвөрхангай аймагт шинээр байгуулагдсан Хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэнтэй танилцлаа. Өнөөдөр 18.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нутгийн иргэдтэй уулзалт, ярилцлага хийх юм. Харин маргааш Баянхонгор аймагт ажиллана.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж