Очирваань шүтээнийг бүтээгчдэд мэндчилгээ илгээв

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Очирваань шүтээнийг бүтээгчдэд мэндчилгээ илгээв

Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойг тохиолдуулан Дээрхийн гэгээн IX Богд Жэвзүндамба хутагтын тааллаар Монгол орон хүчирхэгжин батжихын төлөө бүтээн залж буй Их Очирваань шүтээнийг равнайлах ёслол өнөөдөр Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацанд болов. Тус арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга оролцож, Ерөнхийлөгчийн мэндчилгээг уншин сонсголоо.

Мэндчилгээнд “Дээрхийн гэгээнтэн есдүгээр Богд Жэвзүндамба хутагт, түүний айлтгал дор хамтран зүтгэж байгаа лам хуврагууддаа Монголчуудыг ивээгч бурхан бүгдийн хүч чадлын хураангуй Очирваань шүтээнийг Монгол нутагт бүтээн равнайлах ёслол үйлдэж буй энэ билэгт сайн өдрийн мэндийг дэвшүүлье.

Оройн дээд Очирваань бурхнаа равнайлах энэ ёслол Халхын наймдугаар Богдын лүндэнгээр Монгол Улсын тусгаар тогтнолыг бат бөх өнөд оршоох, мөн эрх чөлөөний төлөөх их үйлсийг бүтээж, Монгол Улсын төрийн мэлмийг амгалан бөгөөд гэгээн болгох их хоёр хэргийг чухалчлан Мигжэд Жанрайсэг бурхныг бүтээн залах ажлаа эхэлсний 100 жилийн ойн босгон дээр тохиож байгаагаараа онцлог бөгөөд их билэг дэмбэрэлтэй үйл явдал хэмээн бодож байна.

1911 оны буюу цагаагчин гахай жилийн зуны илүү зургаан сарын шинийн нэгнээс ажлаа эхэлж, олноо өргөгдсөний гуравдугаар он буюу харагчин үхэр жилийн зуны дунд сарын шинийн найманд  1200 лан алт, 1500 лан мөнгө, 400 гаруй эрдэнийн чулуун шигтгээгээр чимэн Мигжэд Жанрайсэг бурхнаа бүтээн монгол түмэн хоймроо залж байсан түүхтэй билээ. Тэгвэл монголчууд бид монгол эх орноо хүчирхэгжин батжуулах, ард түмнийхээ буян заяа, цог хийморийг  дэвжин бадраахын төлөө бидэнтэй эртний барилдлагатай бурхан бүгдийн хүч чадлыг үзүүлэгч Очирваань шүтээнээ өөрийн таалал болгон 2011 оны ерөөлт энэ сайн өдөр залж, равнай өргөн ёсолж дээрхийн гэгээнтэн есдүгээр Богд Жэвзүндамба хутагт айлдвар үйлдэж, төрийн шүтээн их бурхандаа мандал өргөх гэж  байна. Монгол оронд шашин нь төрөө дээдэлж, төр нь шашнаа хүндэлдэг сайхан уламжлалтай билээ. Иймээс энэ уламжлалаа даган төрийн тэргүүний хувьд бүтээн залсан эл Очирваань бурхан маань монгол түмний минь эв нэгдэл, хүч чадал, билиг оюун, бүтээгч хүчин, буян заяа, цог хийморийн шүтээн байх болтугай хэмээн ерөөе.

 Бид эзэн Чингис хаанаа Очирвааний хувилгаан хэмээдэг. Тэгэхлээр Очирваань бурхнаа шүтнэ гэдэг Чингис хаанаа үеийн үед дээдлэн шүтэж байхын бэлгэдэл юм. Очирваань бурхныг Абтай сайн хан  Монголын төр, түмний шүтээн болгон залж байсан тул төр ёсны түүхэн уламжлалаа сэргээн хөгжүүлэхийн бэлгэдэл хэмээж болно. Очирваань бурхныг монгол орныг даасан их “Ядам” бурхан хэмээдэг учир монгол түмэн маань уламжлалт шашнаа сэргээн хөгжүүлэхийн бэлгэдэл болох биз ээ. Очирваань бурхны орших орон нь Отгонтэнгэр уул тул байгаль эх, газар дэлхийгээ шүтэн дээдлэхийн бэлгэдэл байх болов уу. Очирваань бурхныг  монголын үе үеийн урчууд дээдлэн бүтээж шүтэж ирсэн тул монголын урлаг соёлын сэргэн мандлын бэлгэдэл ч гэж үздэг.

Лам хуврагууд маань сүсэгтэн олныхоо төлөө энэ их бэлгэдэлт, нууцын эзэн Очирыг баригч Очирваань бурхандаа сүслэн мөргөн залбирч, буян номоо арвижуулан монгол түмнийхээ заяа, хийморийг дэвжээж байна гэдэгт итгэж байна” гэжээ. Равнай өргөх ёслолыг тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц нээн үг хэлж, Дээрхийн гэгээн IX Богд Жэвзүндамба хутагт айлдвар айлдан,  Их Очирваань бурханд мандал, ая эгшиг, цогчид өргөжээ. Энэхүү ёслолд Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Гадаад хэргийн сайд Г.Занданшатар, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин болон лам хуврагууд, сүсэгтэн олон оролцсон байна.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж