Возняцки нэг хожвол дэлхийн №1 болно

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Возняцки нэг хожвол дэлхийн №1 болно

WTA Турын тэргүүн зэрэглэлд багтсан таван тэмцээний нэг болох Дубайн теннисний аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд өчигдөр боллоо. Австралийн нээлттэй тэмцээний шигшээд шалгарсан анхны Ази, тэр дундаа анхны Хятад теннисчин болсон Ли На энэ шатанд Бельгийн Янина Викмайертай өрсөлдлөө. Өмнөх таван жилийн турш Дубайд шөвгийн наймд шалгарсан Ли На энэ удаад ширүүн өрсөлдөөнөөр хасагдсан байна. Эхний сетийн тай брейкт 8-6-аар хүндхэн ялалт байгуулсан Хятад теннисчин дараагийн сетэд мөн л тай брейкт хүрч, дөрвөн удаа хожлын оноогоо алдсанаар санаачилга өрсөлдөгчид нь шилжжээ. Тай брект ялалт байгуулсан Викмайер шийдвэрлэх сетэд хоёр брейк хийснээр 6-2-оор хожиж, дараагийн шатанд шалгарлаа. Бельгийн теннисчний дараагийн өрсөлдөгч нь Израйлийн Шахар Пеер байна.

Жил гаруй хугацаанд ямар нэг тэмцээнд түрүүлээгүй ч дэлхийн чансааны гуравт бичигдэж байгаа Оросын Вера Звонарева, Италийн Роберта Винчитэй хоёрдугаар шатанд өрсөлдөж, 6-1, 6-3-аар хожлоо. Оросын теннисчин сүүлийн хоёр жил Дубайн тэмцээний шөвгийн наймаас мултраад байгаа юм.

Австралийн нээлттэй тэмцээнд шөвгөрснөөс хойш анхны тэмцээндээ оролцож байгаа Италийн Франческа Скьявоне, Хятадын Жан Шуай нар энэ шатанд таарахад чансаа илүү Итали теннисчин илүүрхлээ. Скьявоне өрсөлдөгчийнхөө найман давуулалтын зургааг нь өөрийн талд шийдсэнээр 6-3; 6-1-ээр хожсон байна.

Дэлхийн чансааг эргэн тэргүүлэхээр тэмцэж байгаа Данийн Каролина Возняцки энэ шатанд Оросын Анна Чакветазетай тоглож, 6:1-ээр эхний сетэд илүүрхсэн байна. Дараагийн сетэд ч 5:3-аар Возняцки хошуучилж явахад өрсөлдөгч нь эмчид ханджээ. Талбай дээр арай ядан тогтож байсан оросын теннисчин улмаар ходоод өвдсөн шалтгаанаар тоглолтыг орхиж, ялалт Данийн теннисчинд ирсэн байна. Одоо Возняцки Японы Аюуми Моритаг хожвол эргээд дэлхийн чансааны №1 болох боломжтой юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж