Төрийн бус байгууллага уу, ашгийн бус байгууллага уу?

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Төрийн бус байгууллага уу, ашгийн бус байгууллага уу?

Манайхан эдгээр байгууллагуудыг нэгтгээд иргэний нийгмийн байгууллагууд гэж ерөнхийлж байна. Бас гудамжинд цагаан хоолой бариад хашгирч байгаа хүнийг иргэний гэх тодотголоор авгайлдаг билээ. Монголд үйлчилж байгаа төрийн бус байгууллагын тухай хуулинд зааснаар гишүүддээ үйлчилдэгийг нь холбоо, нийгэмд үйлчилдэгийг нь сан гэж тодорхойлсон байна. Менежментийн үүднээс нь авч үзвэл байгууллагуудыг үндсэн дөрвөн хэв шинжид авч үзэж болох юм. Эхний хоёр хэв шинж нь засаглалын (governance) хүрээнд хамаардаг. Эхний хэв шинж нь бол шууд засаглалд чиглэгдсэн засгийн газрын байгууллага юм. Эдгээр байгууллага нь хууль сахиулах үндсэн үүрэг хүлээж, нийгмийн хэв журмыг хэлбэржүүлэхэд голлох үүрэг хүлээнэ.

Гэвч амьдрал баян бүх зүйлийг хуулиар зохицуулах бололцоо үгүй. Мөн нийгэмд нэгдмэл эрх ашигууд бий болдог тул түүнийг зохицуулахад чиглэгдсэн бүтэц шаардагддаг ажгуу. Гэхдээ иргэдийн сонирхолд үндэслэгдсэн бүтэц бий болсоноор бүх хүнд адилхан зүйлс тулгадаг засгийн газрын үүрэг хумигдаж нийгмийн гишүүд эвлэлдэн нэгдэж өөрсдөд тохирох зүйлсийг бий болгохыг эрмэлздэг байна. Үүнийг албан ёсоор төрийн бус байгууллага буюу англиар non government organization гэнэ. Эдгээр байгууллагууд нь хэдийгээр засгийн газрын бус гэсэн утга агуулах боловч нийгэм дэх зохицуулалтыг хийхэд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа засгийн газрын болон олон нийтийн эрх ашгийг хөндсөн үйл ажиллагаанд хяналт тавихад гойд зохицдог байна.

Нөгөө талаар нийгэм дэхь сонирхлуудын зөрчлийг багасгахад шийдвэрлэх үүрэг хүлээдэг. Ер нь төрийн бус байгууллага (non government organization)-ууд нь аливаа сонирхлуудыг төлөөлж байдгийг ойлгох хэрэгтэй. Тэр ч бүү хэл сонирхлуудыг төлөөлж байгаа мэргэжлийн холбоодод зориулан шинэ эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай байгаа юм. Хэрэв тэгж чадвал тухайн салбарын өсөлт хөгжлийн тулгуур болох стандартуудыг мэргэжлийн холбоод бий болгож, хэрэгжүүлж чадна. Эдгээр байгууллагуудыг нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа явуулдаг, өглөг өгдөг, буян үйлддэг сайхан сэтгэлтэй хольж хутгаж болохгүй. Гудамжинд цагаан хоолой бариад жагсахыг уриалагчидтай хамтатгаж бүр ч болохгүй юм.

Судлаач М.ЧИМЭДДОРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж