“Гутал” үнэт цаасны ханш 101,1 хувь өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

“Гутал” үнэт цаасны ханш 101,1 хувь өсчээ

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт үнэт цаасны арилжааг таван удаа явуулж, 54 ХК-ийн 1.1 сая ширхэг хувьцааг 1.9 тэрбум төгрөгөөр арилжлаа.

Топ-20 индекс 29383.13 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 1791.02 нэгжээр буюу 6.5 хувиар өсчээ.  Индексийн сагсад багтах Улаанбаатар ЗБ /51.5 хувь/, Могойн гол /51 хувь/, Мах импекс /41.1 хувь/, Таван толгой /40.7 хувь/, Ээрмэл /32.3 хувь/, БиДиСек /22.6 хувь/, Шивээ овоо /15.9 хувь/, Монголиа девелопмент ресорсес /15 хувь/, Шарын гол /5.5 хувь/, Баянгол ЗБ /1.6 хувь/ зэрэг  компанийн үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна.

Зах зээлийн нийт үнэлгээ 192.8 тэрбум төгрөгөөр буюу 6.9 хувь өсч, хоёр их наяд 976.3 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Гутал /101.1 хувь/, Тав /100.4 хувь/, Баянтээг /74.9 хувь/, ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Багануур /17.4 хувь/, Говь /12.9 хувь/, Бишрэлт индастриал /11.7 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

Нийт 54 үнэт цаас арилжигдсанаас 34 үнэт цаасны ханш өсч, 17 үнэт цаасны ханш буурч, гурван үнэт цаасны ханш тогтмол байлаа.

Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /359.4 мянган ширхэг/, Женко тур бюро /259.6 мянган ширхэг/, Гермес центр /203.2 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна.  Үнийн дүнгээр Таван толгой /350 сая төгрөг/, Шарын гол /299.2 сая төгрөг/, Адуунчулуун /245.6 сая төгрөг/ компанийн үнэт цаас  арилжигдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж