“Өнгө цогцлоон урлаг болгохыг хичээдэг”

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

“Өнгө цогцлоон урлаг болгохыг хичээдэг”

Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд “Урлаг 10” үзэсгэлэн гарч байгаа билээ. Энэхүү үзэсгэлэнд зураач Я.Оюунчимэг багш үе үеийн төгсөгчидтэйгөө хамтран уран бүтээлээ дэлгэн харуулсан юм. Тэрбээр Дүрслэх урлагийн дунд сургууль, Санкт Петербургийн Репинийн нэрэмжит уран зургийн академийг төгссөн авьяаслаг зураач, чадварлаг сурган хүмүүжүүлэгч юм.Түүнтэй уулзан уран бүтээл, үзэсгэлэнгийн талаар ярилцлаа.

-“Урлан 10” үзэсгэлэнгээ нээсэнд тань баяр хүргэе. Шавь нартайгаа хамтран гаргаж байгаа үзэсгэлэнгийнхээ талаар сонирхуулахгүй юу?

-За баярлалаа. Би ОХУ-д Репинийн академийг төгсөж ирээд ДУДС-д 32 жил ажилласан. Багшлах явцдаа найман удаагийн төгсөлтөөр 87 хүүхдийг зураачийн мэргэжлээр төгсгөсөн. Тэгээд хүүхдүүд маань санаачлаад 87 шавиас маань 29 нь оролцон хамтарсан үзэсгэлэн гаргалаа.

-Энд таны хэдэн бүтээл тавигдсан бэ?

-Миний 16 бүтээл тавигдсан.

-Таны уран бүтээлийн талаар ярилцъя. Таны уран бүтээлүүдийг харж байхад гэрэл гэгээтэй, өнгөний хурц сонголттой, тод, цоглог санагдлаа.

-Баярлалаа. Эмэгтэй хүн болохоороо тэр ч юм уу их олон өнгийг нэг хавтгай дээр цогцлоон урлаг болгохыг хичээдэг.

-Ер нь голчлон цэцэг их зурдаг уу? Энд олон сайхан цэцгийг өнгө алаглуулан дүрсэлсэн байна?

-Би байгальд их дуртай. Хөдөө их явдаг. Алсад гол мяралзан наана нь цэцэгт нуга  сайхан харагдаж байхад дараа нь бүүр ойрхноос  цэцгийг хөл доороосоо  харахад олон гоё өнгө алаглан харагдаж байх жишээтэй. Харин холоос цэцгийг харахад мэдэгдэхгүй ерөнхий мөртлөө дотор нь өнгөнүүдийн ямар цогцлоо байна тэр бүхнийг гаргахыг боддог.

-Ямар цэцэгт хамгийн их дуртай вэ?

-Бүх цэцэгс гоё л доо. Өөр өөрийн өнгөтэй, өөр өөрийн хөдөлгөөнтэй. Монголын байгаль дээр ургаж байгаа цэцэгс олон гоё өнгөтэй, бусад орныхоос өөр өвөрмөц олон өнгө нэгтгэсэн байдаг.

-Балетийн өмнөх үеийн “Гурван бүсгүй” гэж таны энэ уран бүтээл нүдэнд их туслаа

-Би балетчидад их дуртай, харахад зурмаар байдаг. Яг гоё мөчийг олж зурж чадахгүй л байгаа юм. Тоглолтын өмнөх нэртэй олон цуврал зургуудаа бүтээсэн. Тэрний нэг нь энэ байна.

-Өнөөдрийг хүртэл бие даан хэдэн үзэсгэлэн гаргаж байсан бэ?

-Бие даан гаргасан үзэсгэлэн тийм ч олон байгаагүй ээ. Дөрөв л байгаа болов уу. Хамтарсан болон тогтмол гардаг үзэсгэлэнгүүдэд их оролцож байдаг.

-32 жил гэдэг бол бага хугацаа биш шүү дээ. Энэ хугацаанд өөр өөрийн ертөнцтэй олон арван шавийг уран бүтээлийн замд нь чиглүүлэн гаргасан. Таныг юу багшийн мэргэжил рүү хөтлөн оруулсан бэ?

-Анх бид нарыг ОХУ руу сургуульд явуулахдаа эргэж ирээд энэ сургуульд багшилна шүү гэдэг даалгавар өгч явуулсан юм. Зураасан зургийн ангид би Цэвэгжав багшийн хүү Дагванямтай хамт явж суралцсан. Бид хоёрдугаар курсээ төгсөөд нарийн мэргэжил рүү сонгож ордог. Дагваням маань “Би чулуун барын сураад Монголд чулуун барыг хөгжүүлнэ. Чи төмөр барын ангид ороод Монголд төмөр барыг хөгжүүлээрэй” гэхэд нь зөвшөөрөн хоёр өөр ангид орж байсан юм. Тэрээр чулуун барын их сонин гоё арга ажиллагаатай зураач болсон. Харамсалтай нь төгсөж ирээд сургуульдаа хэдхэн сар багшлаад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Би тэр даалгавраа биелүүлж ажиллаад сургуулиасаа тэтгэвэртээ гарсан даа. Уран бүтээлч хүн болохоор тэтгэвэртээ  гарсны дараа л чөлөөт уран бүтээлч болж нилээн юм хийж, эхэлж байна. Би өөрөө зураасан зургийн ангид явсан ч уран зураг, тосон будгаар ажиллах их дуртай. Сүүлийн үед тосон будгаар ажиллаж, сурч байна. Эмэгтэй, ээж хүн  гэр орныхоо ажлыг авч яван, багшлах бол тийм ч амар ажил биш. Тиймдээ ч их уран бүтээл гаргаж амжаагүй. Гэхдээ зүгээр суудаггүй ээ. Гадаад дотоодын олон үзэсгэлэнгүүдэд оролцож явна.

-Анх сургуульд явахад эргэж ирээд багшлана шүү гэхэд ямар сэтгэгдэл төрж байсан бэ? Юу таныг багшийн мэргэжл рүү хөтөлсөн бол?

-Тухайн үед бид нар чинь яг багшийнхаа үгээр байлаа шүү дээ. Багш сургуульд сураад эргэж ирээд багшлана гэсэн л бол түүнийг нь биелүүлнэ.

-Магадгүй тухайн үед хэрвээ сургуулиа төгсөөд эргэж ирээд багшлалгүй цаг зав гарган уран бүтээлээ хийсэн сэн бол гэж сэтгэл дундуур байх үе байсан болов уу?

-Үгүй ээ. Миний дотор жаахан дундуур байсан юм юу вэ гэвэл би уран зургийн ангид сурч чадаагүйдээ л харамсаж байсан. Гэхдээ би шинэ шинэ техник ажиллагаа болон усан будгийн техникийг сурсандаа баяртай байдаг.

-Өмнө нь манайд төмөр барын урлаг хэр хөгжиж байсан бэ?

-Бас бүүр байгаагүй ч гэж хэлж болохгүй. Би ирээд сурсан болгоноо боломжийнхоо хэрээр хүүхдүүддээ заан ажилласан. Манай хүүхдүүд ч авьяастай сайн хүүхдүүд, их ч юм сурцгаасан. Төмөр барын ангид орсон ч зураасан зургийн төрлийн бүгдийг л сурсан л даа. Энд манайд чулуун барыг хийх чулуу, машин гээд нөхцөл, боломж нь байхгүй. Төмөр барын манай хүүхдүүд их сайн сурцгаасан. Энэ үзэсгэлэнд бүтээлүүд нь дэлгээтэй байна.

-Багш хүний хамгийн аз жаргалтай агшин?

-Шавь нар маань сэтгэлд хүрсэн сайхан уран бүтээл хийхэд л өмнөөс нь их баярладаг.

-Багш болгон өөр өөрийн сурган хүмүүжүүлэх арга барилтай байдаг шүү дээ. Ингээд ярилцаж байхад таныг ширүүн багш биш байх гэсэн бодол төрлөө.

-Би ер нь хүүхдүүдийнхээ хэн нь ямар өвөрмөц арга ажиллагаатай, ямархуу бие хүн бэ гэдгийг нь таньж мэдээд тэр сайн тал дээр нь түшиглээд цаашаа яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр алдааг нь засаж, хэлж явдаг арга барилтай гэж боддог. Түүнээс биш эхлээд хүүхдийг болохгүй гээд хэлчих юм бол энэ уран бүтээл хийх гэж байгаа гоё сэтгэлийг нь унтраачихна шүү дээ. Мөн энэ урлагт чинь хүн хүний бие даасан өөрийн гэсэн бүтээл гарах учраас хамаагүй тулгаж болохгүй. Хүүхдийг өөрийг нь их ойлгоод тэр хүнийг ямар юм гаргаж бүтээх гэж байгаа тэр сэтгэл дээр нь тулгуурлаж ажилладаг.

-Уран бүтээлдээ тавьдаг зорилго тань?

-Үгээр хэлж болохгүй, хүн хараад өөрөө бүгдийг уншиж чадахаар, хүний сэтгэлийг хөглөх бүтээл хийх  зорилготой ажилладаг.

-Үе үеийн олон төгсөлт дунд бусдаасаа ялгарсан өвөрмөц ертөнцтэй шавь нар байдаг шүү дээ.

-Тийм олон сайхан хүүхдүүд байсан. Анх зураач болох гэсэн өөдрөг сайхан сэтгэлтэй хүүхдүүд орж ирдэг. Их гоё, өвөрмөц сэтгэдэг Одонбаяр, Ганзориг, Амарбаясгалан, Ган-Эрдэнэ гээд бүгдээрээ л өөр өөрийн онцлогтой.

-Таны шавь нараас мэргэжлийг тань өвлөж аван багш болсон хэдэн шавь байдаг вэ?

-Би яг тоолж үзээгүй юм байна шүү. Одоо лав гурав, дөрөв нь багшилж байгаа. ДУДС-д миний ажлыг аваад багшилж байгаа Гандулам, Амарбаясгалан багшилж байна. Булган аймгаас ирж суралцсан хүү маань эргээд нутагтаа багшилж байгаа. Аймгуудаас ирсэн хүүхдүүд голдуу аймагтаа зургийн багш хийж байна.

-Таны уран бүтээл хэрхэн төрөн гардаг вэ? Зураачдын дуу цөөнтэй, дотоод ертөнцтэйгөө тулалдаж байдаг хүмүүс гэдэг?

-Асар их сэтгэлийн хөдөлгөөнөөр уран бүтээлээ хийдэг л дээ. Хүн харахад юм ярихгүй дуугай ч дотроо их юм бодож их боловсруулж байж сайн уран бүтээл гарна л даа.  Зураачид бол харсан үзсэн бүхнээсээ шинийг харж, сэтгэж байдаг хүмүүс.

-Таны урын сандаа хичнээн уран бүтээлтэй вэ?

-200 гаруй байх аа. Би тэр бүр тоолоод бичээд байдаггүй ээ. Ерөнхийд нь тоо гаргахад 200 давж байсан.

-Бүтээл бүр тань танаас урган гарч байгаа ч хамгийн хайртай бүтээл тань ямар зураг байдаг бол?

-Бүгдээрээ л өөр өөрийн онцлогоор хийе гэж бодсон болохоор яг тэр бүтээл гэж нэрлэхэд амаргүй л дээ.

-Хүн бүрт мөрөөдөл байдаг. Та мөрөөдлийнхөө уран бүтээлийг хийсэн үү?

-Мөрөөдлийнхөө уран бүтээлийг хийнэ л байх даа гэж бодож байна. Хүний нас их богинохон юм. Сураад л байдаг. Зураг гэдэг маань их олон талаас нь бодож, боловсруулж байж жаахан зүйл гардаг юм байна. Харин их юм бодож байж түүнээс гарч байгаа нь бага, тэр санасан бодсондоо хүрнэ гэдэг нь хүний нас хүрэхээргүй ер нь дандаа сурч байдаг л юм байна.
Фото цомгийг энд дарж үзнэ үү.
Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж