Эрүүл мэндийн сайтын нээлт болно

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн сайтын нээлт болно

Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй Эрүүл мэндийн төслийн хүрээнд зүрх судасны өвчин, чихрийн шижин, зам тээврийн осол гэмтэл, умайн хүзүүний болон хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээллийг агуулсан интерактив вебсайт нээгдэж байна.  Сайтыг олон нийтэд толилуулах нээлтийн ажиллагаа маргааш 11.00 цагаас “Улаанбаатар” зочид буудлын “Хархорин” хурлын танхимд болох аж.

Уг сэдэвчилсэн сайтыг халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлс болох буруу хооллолт, таргалалт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэт хэрэглээ зэрэг олон нийтийн дунд дэлгэрсэн буруу дадал хэвшлийг бууруулах, хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болсон зүрх судасны өвчин, зам тээврийн осол гэмтэл, умайн хүзүүний болон хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх сэдвээр үнэн, зөв мэдээлэлд суурилсан, эрүүл зан үйлийг хэвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор боловсруулсан байна.

Мөн тодорхой сэдвээр эрүүл мэндийн салбарын тэргүүлэх эрдэмтэн, мэргэжилтнүүдийг урьж, ярилцлага, хэлэлцүүлэг, чат зохион байгуулж, иргэд, олон нийтийн сонирхсон асуултад хариулах байнгын булан ажиллуулах зэргээр интерактив хэлбэрээр ажиллах ажээ. Сайтаар улирал тутмын мэдээллийн онлайн сонин гаргаж, төслийн хүрээнд хэрэгжиж буй ажил, олон нийтийн дунд зохиогдсон арга хэмжээ, бусад шинэ мэдээ, мэдээллүүдийг танилцуулахаас гадна эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулсан булан ажиллуулахаар болжээ.  

Д.ОЮУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж