“Хүлгүүд”, “Харцага” ээлжит хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

“Хүлгүүд”, “Харцага” ээлжит хожлоо авлаа

Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн Спортын төв ордонд үргэлжилж байна. Шинэ бүтэц, бүрэлдэхүүн, шинэ зохион байгуулалттайгаар үргэлжилж буй Nissan премьер лигийн ээлжит тоглолтууд өчигдөр Спортын төв ордны А заалыг дүүргэсэн үзэгч, хөгжөөн дэмжигчдийн уухайн дунд боллоо. Хуваарь ёсоор өчигдөр гурван тоглолт болсон байна.

“Офицерууд” 79:71 “TLG-13”

МСБХ-ны дээд лигт шинээр хөл тавьсан ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны “Офицерууд” болон Америкийн лигионер тоглогчоор хүч зузаатгасан “TLG-13” багийн хооронд эхний тоглолт болсон. Тоглолт эн тэнцүү эхэлж, эхний үе 19:19 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн ч хоёрдугаар үед “Сүлд” талбайд илүүрхэж, довтолгоогоо ээлж дараалан амжилттай болгож байснаар эхний хагас 44:34 харьцаатай “Офицерууд”-ын давамгайлал дор өндөрлөжээ. Улмаар хоёрдугаар хагаст өгөө аваатай үргэлжилсэн тоглолт 79:71 харьцаатай лигийн отгон багийн ялалтаар өндөрлөж, “Офицерууд” гурав дахь ялалтаа авсан байна. Тоглолтын гол баатар А.Од байсан бөгөөд тэрбээр тоглолтын туршид 31 оноо авч, багийнхаа ялалтын гол хөдөлгүүр нь болсон байна. Мөн С.Батбямба 18, Б.Мөнхбат 11 оноо авчээ. Харин өрсөлдөгч багаас Г.Цэнгүүнбаяр 23 оноо авч, багаа тэргүүлсэн ч хожил авахад хангалттай байсангүй.

“Ав-Атар” 55:72 “Харцага”

Өчигдрийн хоёр дахь тоглолт “Милл хаус” компанийн “Ав-Атар” болон “Энержи Ресурс” компанийн “Харцага” багийн хооронд өрнөсөн байгаа. Америкийн гурван ч лигионерийг эгнээндээ нэгтгэсэн лигийн шинэ баг энэ удаагийн Nissan премьер лигийн бас нэгэн чимэг гэж болно. Лигийг нээж, өнгөрсөн жилийн аваргуудтай хүч үзэн дийлдсэн тэд өчигдөр “Харцага”-д 72:55 харьцаатай хожигдсон. Багийн ахлагч Ш.Сэдбазар 15 оноо авч, багаа манлайлсан ч С.Өрнүүнбилэг 10 оноо, харин бусад тоглогчид хангалтгүй тоглолт үзүүлснээр баг нь ялагдал хүлээсэн байна. Харин “Харцага”-аас лигийн шилдэг тоглогчдын нэг Ц.Мэргэн 21 оноо авсан бөгөөд О.Золбаяр, Б.Нэмэхбаяр нар 10-аас дээш оноо авч, багийнхаа хожилд хувь нэмрээ оруулжээ.

“Хүлгүүд” 96:91 “Буллз”

Өчигдрийн хамгийн сонирхолтой, хамгийн үзүүштэй тоглолт өнгөрсөн жилийн аварга “Хасын хүлгүүд” болон “Баянзүрх Буллз” багийн хооронд боллоо. Эн тэнцүүхэн үргэлжилсэн тоглолтын ялагч нь лигийн гурван удаагийн аварга “Хүлгүүд” байсан бөгөөд Н.Золжаргал 33 оноо авсан нь өчигдрийн хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Түүнчлэн “Хүлгүүд”-ээс О.Ууганбаяр 19, М.Отгонмөнх 16, М.Бадрах, Б.Мөнхболд нар тус бүр 13 оноо авснаар үндсэн цагт 96:91 харьцаатай ялалт байгуулжээ. Харин “Бухнууд”-аас Г.Ихбаяр 25 оноо авч, багаа манлайлжээ.

Хуваарь ёсоор лигийн дараагийн тоглолтууд 18-ны баасан гаригт 17.00 цагаас эхэлнэ.

Баасан гаригт болох тоглолтууд:

“Сүлд Офицерууд” – “Харцага”
“Ав-Атар” – “Баянзүрх Буллз”
“ШУТИС Акулууд” – “ХҮДС Ирвэс”

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж