
Удирдлага нь солигдсон Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа хэрхэн өрнөж байгааг сонирхлоо. Тус газрын үүдээр ороход үүдний танхимд иргэд урт дараалал үүсгэсэн байв. Тэдгээр иргэд өөрт буй хувьцаагаа худалдахаар болон хувьцааны талаар мэдээлэл авахаар зогсч байгаа нь энэ аж. Гэхдээ олонхи иргэн “Тавантолгой ордын хувьцааг эзэмшихийн тулд хэрхэн данс нээлгэх вэ” гэсэн асуултад хариулт авах хүсэлтэй аж. Нэг ёсондоо үйл ажиллагаа нь урьдын л адил үргэлжилж байв. Одоогийн байдлаар Монголын Хөрөнгийн биржид 350 орчим компани бүртгэлтэй байдаг юм байна. Гэхдээ эдгээрээс зөвхөн 80 гаруй компанийнх нь хувьцаа идэвхтэй арилжаалагдаж байгаа ажээ.
Монголын Хөрөнгийн бирж дээр “Удирдлага нь энэ” гээд заачих хүн одоогоор байхгүй ажээ. Учир нь Лондоны Хөрөнгийн биржээс ганц ч хүн ирээгүй байгаа бөгөөд гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч түр хугацаагаар эзгүй байгаа юм байна. Тус биржийн олон нийттэй харилцах албаны мэргэжилтнүүд “Одоогийн байдлаар Лондоны Хөрөнгийн биржээс томилогдон ирсэн хүн байхгүй. Холбогдох хүмүүсийн хэлж буйгаар бол энэ оны дөрөвдүгээр сард ирэх бололтой. Р.Содхүү гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэн өгснөөс өөр бүтцийн өөрчлөлттэй холбоотой ажил хийгээгүй. Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжих, худалдан авахтай холбоотой үйл ажиллагаа урьдын адил хэвийн үргэлжилж байна” хэмээх хариултыг л өглөө.
Төрийн өмчийн хорооны мэргэжилтэн Монголын Хөрөнгийн биржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чинзоригоос дараах асуултад хариулт авлаа.
-Монголын Хөрөнгийн биржийг удирдах Лондоны Хөрөнгийн биржийн төлөөлөгчид ирээгүй байгаа юм байна. Гэрээнд гарын үсэг зураад ажлаа хүлээгээд авчихаагүй юм уу?
-Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Гэхдээ одоогоор Монголд ирэх хараахан болоогүй байна. Одоо стратегийн гэрээ байгуулах ажил үлдсэн. Уг гэрээнд Лондоны Хөрөнгийн биржийнхэн Монголын Хөрөнгийн биржид хэдий хугацаанд, ямар ажлуудыг хийх вэ зэрэг нарийн асуудлуудыг тусгах юм. Гэрээнд ямар зүйл, заалт оруулах вэ гэдгийг хэлэлцэж байгаа.
-Тэгвэл уг гэрээг яг хэзээ үзэглэх вэ. Монголын Хөрөнгийн биржийн шинэ удирдлагууд хэзээ Монголд ирж Хөрөнгийн биржийг хөгжүүлэх ажлаа эхлэх бол?
-Цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна. Ямартай ч уг ажлыг яаравчлуулахыг тал талаасаа хичээж байгаа. Ирэх гурав, дөрөвдүгээр сараас гэрээнд гарын үсэг зурж, Монголд хүрэлцэн ирэх байх.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин