
ЮУН АЛТ ТУШААЖ, ТАТВАР ТӨЛӨХ. ЦААНА ЧИНЬ…
Энэ бүхнийг харгалзан үзэж УИХ-аас Гэнэтийн ашгийн 68 хувийн албан татварыг энэ оноос эхлэн тэглэж, оронд нь Өсөн нэмэгдэх роялти буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг өсгөхөөр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг уул уурхайн салбарынхан Гэнэтийн ашгийн 68 хувийн албан татвар авах шийдвэртэй харьцуулбал “чих зөөлөн” хүлээж авсан. Харин урт нэртэй хууль буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, тусгай зөвшөөрөл олгох хууль хэрэгжиж эхэлснээр эхний ээлжинд 254 алтны компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Энэхүү шийдвэр алт олборлогчдын дургүйцлийг төрүүлж, тэд “Уул уурхайгаа аврах хөдөлгөөн” зэрэг хөдөлгөөн байгуулж, өөрсдийн саналыг төрд хүргэж эхэлсэн. Учир нь эдгээр тусгай зөвшөөрөл нь алтны нийт нөөцийн 40 орчим хувийг хамардаг учир алт олборлохын төлөө бус алт олборлох эрхтэйгээ үлдэхийн төлөөх тэмцэлд алтны компаниуд ханцуй шамлан ороод байна. Томоохон компаниуд нь жижиг компаниудынхаа өмнөөс нөхөн сэргээлт хийхээ амлаж, харилцан ашигтайгаар ажиллах санал боловсруулж, Засгийн газарт хүргүүлээд байгаа. Гэхдээ тэд зөвхөн хүсэлт хүргүүлээд орхиогүй. Хэрэв тусгай зөвшөөрөлтэй газраа тэдний хэлснээр зөнд нь орхивол “нинжа” нарын хоол болж, харин ч байгаль сүйдэх болно гэдгийг ч давхар сануулсан. Үүний хариуд УИХ-ын нэр бүхий гишүүд батлагдаад жил гаруйн хугацаа өнгөрсөн ч хэрэгжиж амжаагүй урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж, иргэний хөдөлгөөнийхөнтэй халз тулсан юм. “Алт” хөтөлбөр хэрэгжиж эхлээд алтны олборлолтын хэмжээг өсгөсөн гавьяатай ч алт олборлогч аж ахуйн нэгжүүд байгаль орчноо хайрлаж, нөхөн сэргээлт хийхийг умартсан гэж болно. “Дайны хажуугаар дажин” гэгчээр хаана л алттай газар байна тэнд л “нинжа” нар газрын хэвлий сэндийлж, судсыг нь ханаж байгаа нь маргашгүй үнэн. Үүнээс үзэхэд уг хуулийг хэрэгжүүлэх нь зүйтэй мэт.
Гэтэл урт нэртэй хууль хэрэгжиж эхэлбэл, алт олборлогчдоос гадна тэдэнд итгэж зээл олгосон арилжааны банкууд ч хүнд байдалд орж болзошгүйг Монголбанкнаас хийсэн судалгаа харуулж байгаа. Тусгай зөвшөөрлөө хураалгах 254 компанийн 100 гаруй нь арилжааны банкинд тусгай зөвшөөрлөө барьцаалан зээл авсныг Засгийн газарт мэдээлсэн. Тэгэхээр алтны салбарын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Тэд эцсийн шийд хэрхэх бол гэдгийг л хүлээх үлдлээ.
МОНГОЛЫН ЭКСПОРТОД АЛТ МООДНООС ГАРАХ УУ
Монголын нүүрс моодонд оров. Нүүрсний салбараар дамжуулан Монгол Улсад өмнө нь хэзээ ч гарч байгаагүй эдийн засаг, дэд бүтцийн өсөлт ирэхийг бараг хүн бүр ойлгож эхэллээ. Нүүрс олборлогчид олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийж, Монголын нүүрс дэлхийд үнэ хүрэв. Жил ирэх тусам л нүүрсний олборлолт өсч, экспортод гаргах нүүрсний хэмжээ хэдэн зуун тонноор өсч байна. Монгол Улсын хэмжээнд 2000 онд 5067.3 мянган тонн нүүрс олборлож байсан бол 2009 онд 13232.1 мянган тонн болтлоо өсчээ. Энэ тоо цаашид жилд хэдэн зуу биш мянган тонноор өсөх төлөвтэй болсон. Нүүрс экспортлогч томоохон орнуудад гарсан хямрал, урд хөршийн нүүрсний эрэлт, хямд атлаа чанартай нүүрс хайсан улсууд Монголын нүүрсний чанарыг гэнэт олж харсан зэрэг шалтгаанаас болж нүүрсний үнэ аажмаар өсч эхэллээ. Нэг тонн нүүрсний үнэ 2002 онд 10 ам.доллар байсан бол энэ оны эхний улирлын байдлаар 44 ам.долларт хүрсэн байгаа юм. Нэгэн цагт Монголын алт олон улсын хөрөнгө оруулагчдын шуналыг хөдөлгөдөг байсан бол өнөөдөр нүүрс маань тэдний анхаарлын төвд орж, “шүлсийг нь гоожуулж” эхэллээ. Алт моодноос гарч, нүүрс моодонд орох нь ээ.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин