Евролигийн шөвгийн 16 тоглолтууд явагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Евролигийн шөвгийн 16 тоглолтууд явагдлаа

Сагсан бөмбөгийн европ тивийн хүчирхэг лиг Евролигийн шөвгийн 16-д тунаж үлдсэн багууд дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа. Хэсгийн гурав дахь тоглолтууд өчигдөр явагджээ.

H хэсэгт багтсан Туркийн “Фенербахче Уолкер”, Литвийн “Залгарис Каунас” багууд хоорондоо тоглосон. “Фенербахче”-гийн хувьд гурван хожилтой хэсгийг тэргүүлэгч гэсэн статустайгаар тоглолтыг эхлүүлсэн ч талбай дээр тийм ч давуу байж чадаагүй юм. Хоёр багийн тоглолт үндсэн цагт 69:69 харьцаатай тэнцэж, улмаар цаг сунган өрсөлдсөн. “Залгарис” багаас хоёр тоглогч 13 оноо авч, багаа тэргүүлсэн бол бусад тоглогчдын хувьд ерөнхийдөө жигд тоглолтыг үзүүлжээ. Талбай дээр гарсан бүх тоглогчид оноо авсан байна. Улмаар нэмэлт цагт 16 оноог авснаар 85:84 харьцаатай “Фенербахче”-г хожиж, энэ шатанд анхны ялалтаа байгууллаа. Хэдийгээр Туркийн багаас Омер Онан 23 оноо авч, сайн тоглолт үзүүлсэн ч багт нь тус болсонгүй, анхны хожигдлоо хүлээлээ. Гэвч тэд хэсгийг тэргүүлсэн хэвээр явна.

Италийн аваргууд болох “Монтепаши Сиена”, Сербийн “Бартизан Белград” багууд G хэсгийн ээлжит тулааныг өрнүүлсэн. Италид болсон тоглолт аль аль багуудын хувьд тун чухал байсан. Учир нь энэхүү хоёр баг хэсгийн сүүл мушгиж байснаас гадна, “Белград” хожилгүй явж байсан. Тийм учраас тэдэнд боломжоо хадгалж авч үлдэх хариуцлагатай тоглолт болсон юм. Гэсэн ч тэд “Монтепаши”-гийн багийн тоглолтыг яагаад ч зогсоож чадсангүй. Римантес Каукенас 17, Шон Стоүнрүүк, Дэвид Мосс нар тус бүр 10 оноогоор багаа тэргүүлснээр үндсэн цагт 77:74 харьцаатай ялалт байгуулж, хоёр дахь хожлоо авчээ.

“Партизан Белград” ийнхүү хожилгүй баг хэвээр үлдсэн бол “Монтепаши” ирэх долоо хоногт Туркийн “Эфес Пилсен”-тэй учраа таарахаар үлдлээ. Хэрэв тэд “Пилсен”-ийг хожвол дараагийн шатанд шалгарах магадлал улам бүр нэмэгдэх юм. Өнөөдөр бусад хэсгийн нийт зургаан тоглолт явагдана.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж