Рүди Гей дөрвөн долоо хоног талбайд гарахгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Рүди Гей дөрвөн долоо хоног талбайд гарахгүй

“Мемфис Гриззлис” багийн довтлогч Рүди Гей зүүн мөрөндөө авсан бэртлийн улмаас сар гаруй хугацаанд талбайд гарахгүй болжээ. Энэ нь плей-оффын сүүлчийн байрлалын төлөө хүчтэй өрсөлдөж байгаа “Гриззлис”-т маш том хохирол байж болох юм. Рүди Гей мягмар гаригийн орой “Филаделфиа 76” багтай хийсэн тоглолтын хоёрдугаар үед гэмтэл авч, талбайг орхисон юм. Багийн зүгээс түүний гэмтэл эдгэхэд доод тал нь дөрвөн долоо хоног шаардлагатай гэж мэдэгджээ.

Гей 19,8 оноо, 6 самбараас бөмбөг авалтыг нэг тоглолтод дунджилж байсан юм. “Денвер Наггетс”, “Юта Жазз”, “Портланд Трейлблейзерс” зэрэг хүчтэй багуудтай плей-оффын байрлалын төлөө өрсөлдөж байгаа “Гриззлис”-т энэ том хохирол байж болох ч азаар ОЖ Мэёо 10 тоглолтын торгуулиа гүйцээгээд багтайгаа эргэн нэгдээд байгаа нь сайн мэдээ юм. “Мемфис” 2005-2006 онд хамгийн сүүлд плей-оффт шалгарч байсан бөгөөд хэрэв энэ жил орвол сүүлийн таван жил шалгарч байгаа анхны тохиолдол нь болно.

Рүди Гей тус багийн онооны лидер төдийгүй шийдвэрлэх мөчид түүний гарт бөмбөг байдаг. Нэгдүгээр сарын 24-нд Торонтогийн эсрэг, арваннэгдүгээр сарын 20-нд “Майами Хит”-ийн эсрэг хожлын гоолуудыг хийж байснаас нь харахад багтаа ямар үүрэгтэй тоглогч вэ гэдэг нь илэрхий.

Коннестикутийн их сургуулиас NBA-д орж ирээд таван жилийг өнгөрүүлээд байгаа Гей өнгөрөгч зун таван жилийн 82 сая ам.долларын гэрээг багтайгаа байгуулсан билээ. Рүди Гэйг эзгүйд Зак Рандольф, Майк Коунли нарын оноо авалт нэмэгдэх шаардлагатай болж байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж