Үнэхээр ч Хятад улс эдийн засгийн чадавхийн үзүүлэлтээр чансаагаа ахиулан, Японы өмнө гишгэж чадлаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээ таван их наяд 878 тэрбум ам.долларт хүргэж, эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд аман хүзүүдсэн Хятад улсыг 20 жилийн дараа АНУ-ыг ардаа орхиж мэднэ гэж олон улсын судлаачид мэдэгдэж байна.
Түүнчлэн Ванга хорвоог орхихынхоо өмнөхөн “2010 он бол эрин солигдохын өмнөх бэлтгэл үе. Түүнээс хойшхи хоёр жилийн дотор хүн төрөлхтөн нэг ёсны шалгалт өгнө. Шалгалтыг давбал амьд үлдэнэ, бүдэрвэл өнгөрнө” хэмээснийг амьсгал хураахад нь сүүлийн үгийг нь сонссон лам Ангел Ковачев хүн төрөлхтөнд дамжуулсан юм. Түүнээс хойш дэлхий дахинд ямар сонирхолтой үйл явдлууд өрнөсөн, бид ямар эрсдэлтэй, эмзэг цаг үед амьдарч буйг харж байгаа биз дээ.
Хамгийн сонирхолтой нь Ванга “Хүмүүс улаан өнгийн мөнгө хэрэглэдэг болно. Надад 100, 5, 0 гэсэн тоо харагдаж байна” гэсэн байгаа юм. Гэтэл өнгөрсөн оны сүүлээс өнөөдрийг хүртэл долларын ханш суларч, Хятадын юаньтай “дайн зарлалаа”. Хойд хөршийн 5000 рубль, өмнөд хөршийн 100 юанийн дэвсгэрт аль, аль нь улаан өнгөтэй. Тэдний хэн нь ам.доллартай тулалдаж ялалт байгуулан, ирээдүйд ноёрхлоо тогтоохыг үгүйсгэх аргагүй. Гэтэл саяхан АНУ-ын Засгийн газар цэнхэр өнгөтэй 100 ам.долларын дэвсгэртийг шинээр гүйлгээнд гаргачихаж. “Ногоон” гэж өнгөөр нь нэрлээд шууд ойлгодог байсан “дэлхийн мөнгө”-ийг одоо “цэнхэр” хэмээн онцлох болох нь. Яагаад заавал цэнхэр гэж. Юань, рубль, өөр хэн нэгэнд бууж өгч байгаа хэрэг үү. Сонирхолтой л юм.
Ямартай ч “Цэнхэр” долларын хэвлэлтэд нэг дэвсгэрт тутамд 14 цент зарцуулжээ. Энэ нь урьд хожид байгаагүй өндөр зардал боловч хуурамчаар үйлдвэрлэхээс сэргийлсэн нууцлал нь үнэндээ дүйцэхүйц баталгаатай болохыг тус улсын Холбооны нөөцийн сангийн мэргэжилтнүүд нотолсон гэнэ. Америкчууд энэхүү шинэчлэлд ихээхэн дургүйцэж байгаа бөгөөд эдийн засагчид, судлаачдын хувьд төсвийн алдагдал, гадаад өрийн хэмжээ эрс нэмэгдсэн нөхцөлд улс орондоо төдийгүй дэлхий дахиныг шинэ хямралд түлхсэн хэрэг боллоо хэмээн үзэж байна.
Ийнхүү улаан, цэнхэрүүдийн дайн эхлэв. Аль нь ч ялж, ялагдсан манайд эрсдэлтэй. Вангагийн зөгнөлд хоёр хүчирхэг гүрний дунд хавчуулагдсан, бас гуравдагч хөрш хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчтэй гар барьсан жижиг орны хувь заяа хэрхэн буух байсан бол. Өнөөдрийн байдлаар инфляци нь 20 хувьд хүрнэ гэсэн аймшигт мэдээг атган суугаа ч Монголын улстөрчдийн шийдвэрээр “Айсуй эрсдэлийг ч давна. Амласнаа ч өгнө” хэмээн хэний ч гаргаагүй замыг тавьж буй. Харин үндэсний эдийн засагчид маань энэ шийдвэрээс эмээж байгаагаа ч нуухгүй байна. Хил залгаа орнуудаас гадна эчнээ хөршүүд маань ч инфляциас эмээж, олон жилийн судалгааны явцад батлагдсан онолын дагуу жороо хэрэглэхээс аргагүйд хүрч байгаа. Энэ жор нь ердөө л мөнгөний бодлогын хүүг хатууруулах арга.
Монголбанкны ерөнхийлөгч асан, “Монголын компанийн засаглалын хөгжлийн төв”-ийн дарга Ж.Үнэнбат ч мэргэжилдээ үнэнч гэдгээ харуулж, бултах аргагүй эрсдэлийн талаар хэлж өглөө. “Төсөв хэтэрхий тэлчихсэн учраас хувийн хэвшлийнхнийг хохироохоос өөр арга алга” хэмээн тэрбээр хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлжээ. Монголбанк улстөрчидтэй муудалцахгүйгээр шийдвэрээ гаргах уу. Эсвэл Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг бодох ёстой юу гэдгээ өнгөрсөн 20 жилд шийдэж чадаагүй л байгаа нь харамсалтай. Ж.Үнэнбатын нэгэн адил, тэгэхдээ яг албан үүргээ гүйцэтгэж байхдаа мэргэжилдээ үнэнч шийдвэр гаргасан А.Батсүх яалаа? Улс төрийн шахаанд орсон шийдвэрээр амиа аргацаасан төв банк байж болох уу. Эцсийн дүнд монгол төгрөг “цаас” мэт үнэлэмжтэй байгаагийн шалтгаан ч үүнтэй холбоотой билээ. Хэчнээн баялагтай байж, дэлхийн анхаарлыг татаад ч төрийн ажил хэргийг улстөрчдөд саймширах аргаар явуулах нь хөгжлийн чөдөр болоод байгааг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.
Энэ “чөдөр” өрсөлдөгчдөд маань “хэрэгтэй” учраас ийм алдааг “зас” гэж зөвлөдөггүй юм. Авлигад дургүй, ардчилсан төртэй улс оронтой наймаалцах хэцүү шүү дээ. Тиймээс энэ бол зөвхөн монголчуудын л санаа зовох, үндэсний асуудал. Монголбанкийг улстөрчдийн олон жилийн түүхтэй далд дарангуйллаас чөлөөлж чадвал үүнийг шийдэхэд тийм ч хэцүү биш. Бид лууны аманд, баавгайн саварт байгаагаа санаж, улс төрийн төдийгүй эдийн засгийн хувьд тусгаар тогтносон, үндэсний бодлогоор явахыг цаг үе, нөхцөл байдал сануулж байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин