Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр 09.30 цагт “Түлш эрчим хүчний салбарын өнөөгийн байдал” нээлттэй сонсгол эхлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд Түлш, эрчим хүчний дэд зөвлөлөөс зохион байгуулж буй уг сонсголоор түлш эрчим хүчний салбарын асуудлаар мэдээлэл сонсгож байна. Сонсголд Дэлхийн банкны эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх техник туслалцааны төслийн зөвлөх Ray Purcell “Үндэсний стратегийн төлөвлөлтийн систем” сэдвээр мэдээлэл танилцуулав. Мөн Эрдэс баялаг, эрчим хүчний яамны газрын дарга Т.Цэвээнпүрэв тус салбарын бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт цаашдын зорилтын талаар танилцууллаа. Түүний мэдээлснээр бол 2000-2008 онд Монгол Улсын 333 сумаас 308 нь ямар нэгэн байдлаар эрчим хүчний эх үүсвэртэй холбогдсон, 26 сум сэргээгдэх эрчим хүчээр хангагдаж байгаа гэлээ. Нэг хэсэг 100 мянган нарны гэрэл хөтөлбөр биелэхгүй байгаа гэсэн шуугиан дэгдэж байсан. Тэгвэл ноён Т.Цэвээнпүрэвийн танилцуулснаар бол одоогоор 100 000 айл өрх сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болсон. Одоо 20 мянга орчим өрхийг нарны гэрлээр эрчим хүчээ ашиглах боломжтой болговол уг хөтөлбөр биелсэн гэж үзэх боломжтой болж байгаа гэнэ. Эрчим хүчний салбарын үнийг чөлөөлөх, хувьчлах талаар асуудал олон жилийн турш яригдаж байгаа. УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталсан 72 дугаар тогтоолын дагуу тус салбарт 2014 он хүртэл шат дараатай үнэд өөрчлөлт оруулах болон, хувьчлалын асуудлыг шийдэх боломжтой болсон гэж байна. Сонсгол үргэлжилж байна.
А.АНУ