Нүүрс тойрсон сэдвээр Монголд чуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Нүүрс тойрсон сэдвээр Монголд чуулна

Тавантолгойн нүүрсний орд дэлхийн хөрөнгө оруулагчдын ан­хаар­лыг татаж эхэллээ. Монголын нүүрсний нөөцийг 300 жилд хүрэлцэх хэмжээний хэмээсэн бол гол худалдан авагч урд хөршийн мөнхийн хэрэглээ нь нүүрс юм. Хамгийн сүүлийн мэдээгээр Авст­ралид сүүлийн 50 жил тохиол­доогүй үер болсон нь нүүрс олборлолтыг зогсооход хүргэсэн. Үүнээс болж тус улс нүүрсний хэрэгцээгээ хангахаар гадаад улс орон руу хандаж, Монголын нүүрсийг судалж эхэлжээ.

Хөрөнгө оруулагчдыг соронздож байна

Тэгвэл яг энэ үед нүүрс олборлогч, тээвэрлэгч, хэрэглэгч­дийг нэг дор цуглуулсан “Coal Mongolia-2011” олон улсын чуулга уулзалтыг www.mining.mn сайт зохион байгуулах гэж байна. Мөн арга хэмжээг зохион байгуулахад Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар хамтарчээ. “Монгол-дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч” уриатай “Coal mongolia-2011” олон улсын чуулга уулзалт энэ сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатарт болно. Чуулга уулзалт дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдыг авчрах, Монголын нүүрсийг дэлхийн зах зээлд хүргэх, үүнд төр засгаас үзүүлэх бодлого чиглэлийг тусгах гурван талын хэлэлцээрийг нэг дор цогцлоох зорилготой.

Чуулга уулзалт үндсэн болон салбар хуралдаан гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Үндсэн хуралдаан нь “Монгол Улсын нүүрсний салбарын бодлого, төлөвлөлт”, “Нүүрсний зах зээл ба гадаад худалдаа” зэрэг сэдвийг хамрах бол салбар хуралдаанууд нүүрсний хайгуул олборлолтын техник, технологи, нөхөн сэргээлт зэрэг сэдвээр болох юм байна.

Дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагчдыг татах зорилготой уг чуулга уулзалтад 403 байгууллагын 450 гаруй зочин төлөөлөгч оролцоно. Нийт оролцогчдын 35 орчим хувь нь Хятад, Австрали, Канад, Герман, БНСУ, ОХУ зэрэг 12 улсын төлөөлөгч ажээ.

Томоохон олборлогчид мэдээлэл хийнэ

Чуулга уулзалтын дөрөв­дүгээр хэсэг “Нүүрсний хөрөн­гө оруулалтын төслүүд ба үйлдвэрлэл” хуралдаанд Монголд нүүрс олборлогч томоохон компа­ниудын төлөөлөл илтгэл тавина. Монголд нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн өмчит нэлээд уурхай бий. Бүр олон улсын зах дээр гарч хөрөнгө босгож эхэлсэн нь ч буй. “Энержи ресурс” Хонгконгийн хөрөнгийн бирж дээр, “Хүннү коал” Австралийн бирж дээр тус тус IPO хийсэн. Тэд дээрх чуулга уулзалтын үеэр илтгэл тавьж, хөрөнгө оруулалтын төс­лийн талаарх мэдээллээ танилцуулах ажээ. Монголын нүүрс олборлогчид “Эрдэнэс Тавантолгой”, Хөшөөтийн кокс нүүрсийн төсөл, Овоотын коксжих нүүрсний төслийн талаар мөн танилцуулах юм.  Энэ салбар хуралдаанд “Дэлхийн эрчим хүчний хэрэгцээг хангах нь” сэдвээр “Prophecy Resources inc”-ийн ерөнхий захирал Жон Ли илтгэл тавих нь анхаарал татаж байгаа юм.

Нүүрсний тээвэрлэлт ба дэд бүтцийн асуудал үйлдвэрлэгч болон хэрэглэгчдэд том асуудал. Төмөр замын тээврээр дамжуулан Зүүн өмнөд Ази, ОХУ-аар дамжуулан алс Дорнод болон Япон, Солонгос, Европ хүрэх бололцоотой байгаа. Чуулга уулзалт энэ сэдвийг ч мөн хөндөж, Монголын төр, засгийн эрхмүүд илтгэл тавих юм байна.

Жижиг уурхайнууд мөнгө босгож эхэллээ

Нүүрс гэхээр Шарын гол, Багануур эсвэл Шивээ-Овоо гэх ойлголтыг бид хэдийнэ халах цаг ийн иржээ. Алдагдалтай ажиллаж, арай ядан амиа тээж яваа гэдгээр ойлгогддог байсан дээрх компаниудын хувьцаа сүүлийн хагас жилийн дотор суга өсөх болов. Хөрөнгийн биржийн арилжаагаар хямдхан, цөөн тоогоор нааш цааш шидэгддэг байсан эл хувьцаа өдгөө багагүй эрэлттэй байна. Тэдгээрийн хувьцааны үнэ өсөх болсныг зарим хүн хөөсрөл гэх нь бий. Энэ талаар нүүрсний олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулагчдаас тодруулахад дараах тайлбарыг өгсөн юм. Багануурын уурхайд Солонгосын компани хөрөнгө оруулан хамтран ажиллах санал тавьж, харин Шарын голын уурхайн тодорхой хэмжээг америкчууд худалдан авч тус уурхайг өөд нь татах болжээ. Тэгвэл Шивээ-Овоогийн уурхайг түшиглэн цахилгаан станцын цогцолбор барьж эрчим хүч үйлдвэрлэн Хятад руу экспортлохоор болсон нь ийнхүү үнэ цэнэ нь өсөхөд хүргэжээ.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж