Одонгийн мөнгийг энэ сарын 20-оос олгоно

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Одонгийн мөнгийг энэ сарын 20-оос олгоно

“Эхийн алдар” одонгийн мөнгийг тойрсон олон асуудлын талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны мэргэжилтэн дараах тодруулгыг нийтэлжээ.

-Одоогийн байдлаар хичнээн эх Эхийн алдар одонтой байна вэ?

-Одоогийн байдлаар “Эхийн алдар” одонтой 129,0 мянган эх байгаа. Үүнээс,

1.    “Эхийн алдар”  1 дүгээр зэргийн одонтой / найм ба түүнээс дээш хүүхэдтэй/ 37,6 мянган эх

2.    “Эхийн алдар”  II зэргийн одонтой  /5- 7хүүхэдтэй/ 91,4 мянган  эх байна.

-“Эхийн алдар” одонтой эхэд ямар хэмжээний мөнгөн тусламж олгож байна вэ?

-УИХ-ын  2010  оны 54 дүгээр тогтоолоор 2010 оны аравдугаар сараас эхлэн  “Эхийн алдар” одонтой эхэд жилд нэг удаа олгодог мөнгөн тусламжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн байгаа.  Өөрөөр хэлбэл  “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонтой эхэд  жилд нэг удаа 100 мянган төгрөг  өгдөг байсныг нэмэгдүүлж  200 мянган төгрөг, Эхийн алдар II зэргийн одонтой эхэд  жилд нэг удаа 50 мянган төгрөг  өгдөг  байсныг нэмэгдүүлж  100 мянган  болгон  нэмэгдүүлсэн юм.  Энэ арга хэмжээтэй холбогдуулан одонтой эхчүүдэд олгох тэтгэмжийн зөрүүг 2010 оны эцсээс эхлэн олгосон юм.

-2011 онд “Эхийн алдар” одонтой эхчүүдийн мөнгийг хэзээнээс эхлэн олгох вэ?

-2011 оноос “Олон хүүхэдтэй эхийг урамшуулах тухай” шинэ хууль хэрэгжиж эхлээд байна. Тус хуулийн хүрээнд одон авах нөхцөлийг багасгаж, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй эхийг II зэргийн, зургаа ба түүнээс дээш хүүхэдтэй эхийг Эхийн алдар I зэргийн одонгоор шагнах болсонтой холбоотойгоор 2011 онд шинээр одон авах эхчүүдийн тоо нtлээд нэмэгдэхээр байгаа. Нийт 2011 онд “Эхийн алдар” одонтой 242,5 мянган эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжид 33,2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Хуучин “Эхийн алдар” одонтой 129 мянган эхэд жилд нэг удаа олгох 100 мянга, 200 мянган төгрөгийн  мөнгөн  тусламжийг энэ сарын 20-ноос эхлэн олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тааруулан харьяа банкуудаар нь олгох юм.

-“Эхийн алдар” I, II зэргийн  одонг хоёуланг нь авсан эхчүүд ямар хэмжээний мөнгөн тусламж авах вэ?

-“Эхийн алдар” I, II зэргийн  одонтой эхийн хувьд I зэргийн одонгийн 200 мянган төгрөгийг жилд нэг удаа авна. Хоёр одонтой эхийн хувьд давхцуулан мөнгөн тусламж авахгүй.

-Шинээр одон авах эхчүүд хаана, хэнд хандах вэ?

-Хөдөө орон нутагт сумын Засаг даргын тамгын газарт, нийслэлд хороод дээрээ очиж материалаа бүрдүүлж өгнө. Шинээр одон олгох ажлыг сум,  дүүрэг, аймаг, нийслэлийн  шат шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр, холбогдох бичиг баримтыг үндэслэн Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог. Одон авах эхчүүд өөрийн иргэний үнэмлэх, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэрэг бичиг баримтаа бүрдүүлж харьяа орон нутгийн захиргааны байгууллагаараа дамжуулан  иргэдийн хуралд хандах хэрэгтэй. Тэгэхдээ хамгийн бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх шаардлагатай.

-Шинээр одон авах эхчүүдийн одонг хэзээнээс эхлэн олгох вэ. Одон авсан эхчүүд энэ оны мөнгөн тусламжаа яаж авах вэ?

-Өмнөх жилүүдэд “Эхийн алдар” одонг  Эх үрсийн баярын үеэр өгдөг байсан ба энэ онд ч энэ жишгээр өгөх ба одон олгох хүний тоо, бэлтгэл ажил  их байгаа тул зургадугаар сарын 1-ээс эхлэн сүүлийн хагас жилдээ багтаж  шинээр одон олгох ажлыг зохион байгуулна. Шинээр одон авах эхчүүд “Эхийн алдар” одонгоо авсны дараагаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан хандан, “Эхийн алдар” одонгийн үнэмлэхээ авч очин, одонтой эхчүүдэд жилд нэг удаа олгодог мөнгөн тусламжаа авч болно.

Эх сурвалж: Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж