Зам засвар, шинэчлэлд 67 тэрбум төгрөг зарцуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Зам засвар, шинэчлэлд 67 тэрбум төгрөг зарцуулна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ жилийн зам засварын ажлыг долдугаар сарын нэгэн гэхэд дуусгах үүрэг салбар нэгжүүдэд даалгажээ. Энэ жил шинээр зам тавих, засварын ажлын теэдерийг ирэх сарын нэгэнд зарлаж, дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд засвар, тохижилтын ажлыг эхлүүлэхээр болсон байна.  Энэ жил 73 км  замын шинэчлэгдэх болон шинээр барих гэнэ. Улсын хэмжээнд 2016 оныг хүртэл 5572 км авто замыг шинээр барих буюу шинэчлэхээр төлөвлөжээ. Өчигдөр Хангарьд ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн Авто замын газрын дарга Д.Од “Бидний хянаж хариуцдаг замаар нэг сая гаруй нийслэлчүүд зорчдог. Нийслэл хотын авто замын  өнгө үзэмж, чанар чансаа бидний хяналтаас шалтгаална. Өнгөрсөн жилүүдэд зам дагасан олон асуудал гарч байсан. Зам засвар, шинэчлэлээс болж зам хааснаас үүдэлтэй түгжрэл, замын ачаалал, иргэдийн бухимдал зэрэг олон асуудал гардаг. Ийм асуудал гаргахгүй Тиймээс энэ ажилд хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэн ажиллана” гэдгийг онцолж байв.  Нийслэлийн авто замын газар энэ сарын нэгнээс  инженер техникийн ажилчдын дунд мэргэжлийн түвшин тогтоох шалгалт авч, нийслэлийн авто замын инженерүүдийг дайчлан, гүйцэтгэгч байгууллагуудад тавигдах норм дүрмийг шинэчлэн боловсруулсан байна. Зам засварын ажил дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэх бөгөөд зарим засвар, шинэчлэлийн тендер өнөөдрөөс эхлэн зарлагдах аж. Зам засварын тендер будлиантсанаас засварын ажил удааширч, чанаргүй хийгддэг гэх олны хэл ам байнга дагах болсон. Энэ жил зам засварын тендерийг олон нийтэд ил тодоор зарлан, сонгон шалгаруулна гэдгээ Нийслэлийн авто замын газар мэдэгдэж байгаа ч хийх ажил, хэлсэн үгний үнэ цэнийг цаг хугацаа харуулах л үлдэж. 

Энэ жилийн зам засварын ажилд  нийт 67 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Үүнээс улсын төсвөөс 1,8 сая төгрөг,  нийслэлийн төсвөөс  7,6 сая төгрөг,  нийслэлийн замын сангийн 9,4 сая төгрөг  тус тус зарцуулах гэнэ.  Энэ онд  Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн оноос хэрэгжиж буй 12,3 км шинэ авто замын барилгын ажил үргэлжлэх бөгөөд  Ботаникийн эцсээс Шархадны эцэс хүртэлх 6,5 км замын ажлыг эхлүүлэхээс гадна Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Энгельсийн гудамжийг Их тойруутай холбох “Нарны гүүр” гүүрэн гарцны барилгын ажил мөн энэ онд үргэлжлүүлэх юм.  Өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр өнгөрсөн онд хэрэгжиж эхэлсэн 12 төслийг үргэлжлүүлэн гүйцэтгэх юм байна.  Энэ онд нийслэлд:

Шинэ дөрвөн замын уулзвартай болно

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хувьд авто замын ачаалал хэрээс хэтэрч, замын хөдөлгөөнд оролцогчид ихэд бухимдах болсон. Иймээс замын хөдөлгөөний ачааллыг сааруулах зорилгоор нийслэлийн замын сангийн хөрөнгөөр Энхтайвны өргөн чөлөөний  Олимп их сургуулиас Их сургуулийн гудамжны уулзварыг нэгтгэж  дөрвөн замын уулзвар бий болгох зам /0,5км/, СХД-ийн  XV хороо  I-р хорооллын XII байрны араас дэнж хүртэлх 0,2 км авто зам болон шинээр гүүр барих ажил өрнөх нь ээ. Мөн гэр хорооллын болон орон сууцны хороолол доторх авто замын урсгал засварыг хийх аж.

Өөрийн хөрөнгөөр 49.35 км зам засварлан шинэчилнэ

Өөрийн хөрөнгө оруулалтаар зам засварын ажлыг гүйцэтгэх ажлын тендерүүд хугацаа алдах тохиолдлууд цөөнгүй гарч байгаа. Харин энэ онд иймэрхүү байдал давтагдахгүй гэдгийг холбогдох албаны мэргэжилтнүүд онцолж буй. Энэ оны тухайд өөрийн хөрөнгө оруулалтаар нийт 49,35 км зам тавихаар болсон. Үүнд:  Чингисийн өргөн чөлөөг Нарны замтай холбох 1.65 км авто зам,  Цайз захаас Шархадны эцэс хүртэлх 3.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлт Багануур дүүрэг, IV хороо, Жаргалант төв гудамжны 1.5 км авто зам, 22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлт хийх юм байна. Мөн Таван шараас Толгойт, Орбитын уулзвар хүртэлх 2.5 км авто зам, Дамбын замаас Сэлбэ голын зүүн эргээр Шадивлан хүртэлх 6 км авто зам, Сансарын ШТС-аас Дамбадаржаа хүртэлх 6.7 км авто замын өргөтгөл шинэчлэл. Түүнчлэн Бага тойруугийн 2.6 км авто зам буюу Цэцэг төвөөс МУБИС хүртэлх авто зам, Залуучуудын өргөн чөлөөний 0.9 км авто зам,  ажилчны гудамж буюу Гурвалжингийн гүүрний урд талаас Чингисийн өргөн чөлөө хүртэлх 3.5 км авто зам, ТЭЦ-4-ийн 6.4 км авто зам, Гоодойн зуслангийн 3.3 км авто замын өргөтгөл шинэчлэл гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

Сонгихохайрхан дүүрэг шинэ гүүртэй болно

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 3,7 км зам болон 418 метр замыг шинээр барьж засварлах гэнэ. Энхтайваны өргөн чөлөөний  X хорооллын уулзвараас Саппорогийн аюулгүйн тойрог хүртэлх 1,2 км авто зам болон Дарь-Эх Шадивлан чиглэлийн авто зам дахь Сэлбэ болон Бэлхийн гол дээгүүрх гүүрүүдийн шинэчлэлт. СХД-ийн  IV, V дугаар хороог заагласан далан дээгүүр 2,5 км авто зам. Мөн шинээр гүүр тавина. Гоодойн зуслангийн авто зам, Майхан толгойн авто замын гүүр хоолой шинээр барих гэх мэт.

Сансарт нүхэн гарцтай болох гэнэ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүрэгт нэгдүгээр хороо 34-р байрны ард 2,6 км Авто зам гүүр байгуулна. МөнЭнгельсийн гудамжны 0,3 км авто замын шинэчлэл, Дунд голын 48 метр гүүрийн өргөтгөл, түүнчлэн Их тойруу, Сансарын туннелийн явган хүний нүхэн гарц, Баянзүрх дүүргийн  IV хороо, 805 дугаар ангийн урдаас эцсийн худаг хүртэлх 1,0 км авто замын шинэчлэлийг хийхээр тендерийг зарлахаар төлөвлөжээ.

Төлбөртэй зогсоол бий болгоно

Орон нутгийн өмчийн концессын жагсаалтад тусгагдсан төсөл, арга хэмжээг хийхээр төлөвлөсөн гэнэ.  Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол Гурван гал худалданы төвийн урд, Барилгачдын талбай, Замын цагдаагийн газрын урд, ТЭДИ төвийн дэргэд мөн Улаанбаатар зобид буудлыын зүүн талд шинээр барих аж

Шинээр таван нүхэн гарц барих ажил дөрөвдүгээр сард эхэлнэ

Нийслэлд шинээр таван нүхэн гарц барина. Үүнд Ард кино театрын өмнө, 120 мянгат, Төв цэнгэлдэхийн харалдаа, 100 айлын уулзвар, Улсын Их дэлгүүрийн уулзвар, Төв шуудангийн уулзвар зэрэг газруудад  нүхэн гарц барихаар төлөвлөжээ. Нүхэн гарц барих ажлууд дөрөвдүгээр сарын 20 гэхэд эхэлсэн байна гэдгийг холбогдох газрын мэргэжилтнүүд амалж байв.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж