
Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын дэглэмийн эсрэг, Тунис, Египетийн хүн амтай санал нэгтэйгээ илэрхийлсэн олон нийтийн жагсаал Тегеран хотноо болжээ. Хэдэн арван хүн хэлмэгдэж наад зах нь нэг хүн алагдсан байна. Ираны цагдаагийнхан нулимас асгаруулах хий болон резинэн сумыг жагсагчдын эсрэг хэрэглэжээ.
Энгелаб ба Азади гудамж болон Ираны нийсллийн төвөөр бие биетэйгээ холбогдсон хэдэн арван мянган жагсагчид өнгөрч байгаа тухай Аль-Жазира телевиз мэдээллээ. “Тегераны товчоо” блог 350 мянган хүн жагссан гэж мэдээлсэн байв.
Хий ба сум
“Манай нэг хүн амиа алдаж, хууль хяналтын хүчний есөн хүн оминчуудын („Ираны ард түмний можехадуудын байгууллагын гишүүд) суманд шархадсан. Олон тооны оминчуудыг баривчилсан” хэмээн Тегераны цагдаагийн тэргүүн Ахмад Резу Радан мягмар гаригт ярьсныг Оросын РИА «Новости» агентлаг дамжуулжээ. АР агентлагийн мэдээгээр галт сумны шархтай гурав, гэмтэл бэртэлтэй хэдэн арван хүн эмнэлэгт хүргэгджээ.
Сөрөг хүчнийхний эсрэг нулимас асгаруулах хий, хийн баллон, резинэн сум ба бороохойг цагдаагийнхан хэрэглэсэн байв. Албан бус мэдээгээр хэдэн зуун хүнийг барин саатуулжээ.
Эсргүүцэгсэд Ираны дээд удирдагч Сейед Али Хосейни Хаменеин зургийг шатаан “Мубарак, бен-Али, одоо Сейед Алигийн ээлж” хэмээн уриа хашгирч явжээ. Сануулахад олон түмний эсэргүүцлээр Тунисийн ерөнхийлөгч Зин эль-Абидин бен-Али ба Египетийн ерөнхийлөгч Хосни Мубарак нар албан тушаалаасаа зайлуулагдсан юм.
Жагсагчдын тухай мэдээлэл Ираны Мешхед, Шираз ба Керманшах зэрэг бусад хотуудаас ирж байна. Жагсагчид ба цагдаа нарын хооронд мөргөлдөөн гаран олон арван хүн баривчлагдсан тухай тус улсын гурав дахь том хот Исфаханаас мэдээ иржээ.
Twitter ба Facebook сүлжээний мэдээнд жагсагчидтай сөрөг хүчний лидер Мирхоссейн Мусави түүний гэргий Захра Рахнавард нар нэгдсэн гэж мэдээлсэн байв. Гэвч сөрөг хүчний Kaleme.com порталд мэдээлснээр тэднийг гэрээс нь гаргахгүй байгаа ажээ. Пүрэв гаригаас эхлэн гэрийн хорионд Ираны нэг лидер бөгөөд ерөнхийлөгчийн сонгуульд оролцогч Мехди Кяруби байгаа ажээ.
Харанхуй болонгуут Тегераны гудамжинд гэрлийг унтраан харанхуйгаар далимдуулан тусгай албадын албан хаагчид жагсагчдад халдаж байна. YouTube сүлжээний видеогоор гудамжинд хэдэн зуун хүн шөнийг өнгөрөөсөн нь харагдаж байна.
Нэг өдрийн жагсаал цаашид үргэлжлэх эсэх нь тодорхойгүй. 25 Bahman (Бахман сарын 25 дахь өдөр/ хоёрдугаар сарын 14) бүлгийнхэн ойрын үеийн эсэргүүцлийн хөтөлбөрөө удалгүй зарлахаар Facebook хуудаснаа амлажээ. “Бидэнтэй үлдэгтүн. Бид ялж байна” хэмээн нэг мэдээлэлд нь мэдэгдсэн байлаа.
Хоёрдугаар сарын 14-нд харгисласан шигээ Ираны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа 2009 оны зургадугаар сард гарсан эсэргүүцлийг Ираны эрх баригчид хайр найргүй дарж байсан билээ. Тэр үеийнх шиг энэ даваа гаригт жагсагч олны “Аллах, акбар”, “Дарангуйлагчид үхэл” гэсэн уриаг байшингийн дээвэр ба тагтнаас сонсож болох байв. Үүний өмнөхөн сөрөг хүчний лидерүүд Мусави болон Кярубийн талынхан дунд баривчилгааг явуулсан байв.
Мэдээллийн хориг
Засгийн газар нь интернэт ба шуурхай холбооны ажиллагааг хаажээ. Эрх баригчид эсэргүүцлийн ажиллагааг сурвалжлахыг гадаадын хэвлэлийнхэнд хаасан ба ВСС сувгийн дохиог хүлээн авахгүй болгосон байлаа.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон эсэргүүцэл хийгчдэд хандан “эр зоригийг” хүсээд Египетийн жишгээр улс төрийн системээ нээлттэй болгохыг Тегеранд уриалсан байна. Америкийн Төрийн департамент Twitter сүлжээнд фарси хэл дээр микроблог нээн Исламын бүгд найрамдах улсыг төрөлх хэл дээр нь шүүмжилж эхэлжээ.
“Аль-Жазира” сувгийн сурвалжлагч мэдээлснээр энэ эсэргүүцлийг Ираны ард түмний хүсэл эрмэлзлэл биш харин үндэсний аюулгүй байдалд занал хийсэн хэсэг бүлэг хүмүүсийн ажиллагаа хэмээн эрх баригчид үзэж байгаа гэнэ. Тэд эсэргүүцлийг хууль хяналтынхан таслан зогсоох ёстой гэж байна.
Албан ёсны сайтууд ба телевизээр үймээний талаар огт мэдээлсэнгүй. “АНУ-ын туршуулууд дахиад ялагдлаа” хэмээн Ираны “Фарс” агентлаг мэдээлсэн гэж Британийн Guardian блог дамжуулжээ. Фарс жагсагчдыг “хаант засаглалынхан”, “эрлэгийн эзэд” гэх мэтээр нэрлэсэн байв. Тэдний ард бодит хүчин байхгүй гэж Фарс онцолжээ. Жагсаалын мэдээний оронд өнгөрсөн баасан гаригт тэмдэглэгдсэн Исламын хувьсгалын 32 жилийн ойн арга хэмжээнд оролцсон нэгний дурсамжийг телевиз нэвтрүүлсэн байлаа.