Монголд жижиг, дунд үйлдвэрлэл хэрэгтэй юү?

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Монголд жижиг, дунд үйлдвэрлэл хэрэгтэй юү?

Дэлхийгээр дүүрэн үйлдвэрлэгчид байхад бид импортын бараанаас өндөр үнэтэй  бүтээгдэхүүн гаргадаг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж үйлээ үзэх хэрэг байна уу? Хэрэв хэрэгтэй гэж үзвэл хүмүүсийг ажлын байр, тогтмол цалин орлогоор хангахад л хэрэгтэй байх. Яг л Обамагийн үндэсний эдийн засгаа аврах хөтөлбөрийн уг зорилго шиг утгаар. Хүмүүсийг ажилтай байлгаж, түүгээр нь дамжуулан орлого хуваарилах санаа Герман, Энэтхэг, Беларусьт туршигдсан. Саяхан энэ жишгээр Данийн парламент 4.2 тэрбум еврогоор зургаан жилийн хугацаанд Дани, Германыг холбосон газар доогуурх хонгилыг барих төслийг баталлаа. Хэдийгээр уг хонгилыг барьснаар Копенгагенаас Франкфурт хүрэх төмөр замын тээвэр 30 минутаар хэмнэгдэх боловч энэ нь эцсийн зорилго биш юм.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжие гэж худалдан авагч, хэрэглэгчдэд уриалдаг ч одоог хүртэл яагаад дэмжлэг авч чадахгүй байна вэ? Учир нь дотоодод үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн импортоор орж ирсэн ижил төстэй бүтээгдэхүүнээс нэгдүгээрт, өндөр үнэтэй байдаг. Хоёрдугаарт, чанар, үзэмж тааруу, хэрэглээнд нийцтэй биш… гээд чухлын хувьд үнэ ханшийнх нь дараа орох олон юм бий. Хамгийн гол нь үнэ. Үнэ нь импортын ижил барааныхаас өндөр байна гэдэг түүнийг үйлдвэрлэхэд гаргасан өртөг, зардал нь илүү байна л гэсэн үг.

Импортлохоос үйлдвэрлэх нь өртөг өндөртэй

Уг нь хилийн цаана үйлдвэрлээд хэдэн хоног, сараар тээвэрлэж авчирсан бараа, бүтээгдэхүүнд үүнийх нь зардал, лангууны түрээс, худалдагчийн цалин гээд олон өртөг шингэж байгаа хэр нь дотоодод үйлдвэрлэсэн бараанаас хямд байгаад байдаг? Тэгэхээр дотоодын том, дунд, жижиг үйлдвэрлэгчдийн маань бараа, бүтээдэхүүний өртөг, зардал түүнээс ч өндөр байгаа хэрэг.

Монгол Улс чөлөөт зах зээлийн тогтолцоонд орсноос хойш л өрхийн үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэл, үндэсний үйлдвэрлэл гэж хангалттай их ярьсан ч нэр нь л жижгээс том руу шилжсэнээс нэг их зүйл өөрчлөгдөөгүй мэт. Эрх зүйн орчныг нь аваад үзэхэд ч үйлдвэрлэлийн бизнес худалдаа, арилжааны бизнестэй яг ижил зохицуулалтаар явж байна. Үйлдвэрлэл бол худалдаа, наймаанаас харьцангуй урт хугацааны үйл явц. Хугацаа, барилга байгууламж, боловсон хүчин, техник, технологийн шинэчлэл шаардагдана. Үүнд нь тохирсон нөхцөл бүхий зээл байхгүй. Үйлдвэрлэлийн бизнес, худалдааны бизнест олгодог зээл ижил нөхцөлтэй, татварын бодлого нь мөн ижил. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид үнэн хэрэг дээрээ өөрсдийнхөө хувь заяатай эвлэрч, “банкинд хүү төлж өгөхийн тулд компани байгуулсан” гэж итгэх болжээ. Банкууд ч энэ байдлыг хүлээн зөвшөөрч, “хэзээ ч үйлдвэрлэл эрхлэгчдийн эрэлт, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлж чаддаггүй” гэдгээ хэлдэг. Банк, санхүүгийн дэмжлэг таатай биш, дээр нь татварын зохицуулалт аятай бус, үүн дээр шат шатны хяналт шалгалт, хүнд суртал нэлээдгүй өндөр өртөгтэй.

Зах зээлийг нь хувааж өгөх үү?

Чамгүй урт хугацаанд тууштай ажиллаж, үйлдвэрлэлээ арай томруулсан нэг хэсэг нь эрх зүйн шинэ зохицуулалтыг хүсч байна. Аль нэг салбар дахь монополь үйлдвэрлэгчийг өөр салбарт үйл ажиллагаа явуулахыг хязгаарлаж өгөхийг тэд хүсдэг юм байна. Тэгэхгүй бол томоохон компаниуд жижиг, дунд үйлдвэрлэгчдийнхээ зах зээлийг “булааж авдаг” үзэгдэл энгийн жишиг болж, хөлөө олж ядаж байгаа бизнесүүдийг дампуурал руу түлхэх болжээ. Хөгжилтэй орнуудад энэ үзэгдлийг хуулиар зохицуулж, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг хамгаалах орчин бүрдүүлж өгдөг аж. Энэ нь зах зээлийг нь хуулиар хуваагаад өгчихнө л гэсэн үг. Жишээлбэл, “АПУ” компани зөвхөн үйлдвэрлэлээ эрхлэх хуультай. Түүний бараа, бүтээгдэхүүнийг бөөнөөр борлуулагчид тусдаа. Бөөнийхнөөс авч жижиглэнгээр борлуулагчид нь мөн л тусдаа байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгч нь үйлдвэрлэлээ ч явуулаад борлуулалтаа ч хийгээд, баараа ч ажиллуулаад байж болохгүй гэсэн үг юм. Ийм зохицуулалтаар архи, согтууруулах ундаа үйлдвэрлэх, борлуулах, түүгээр үйлчлэх зах зээлийг том, дунд, жижгүүдэд ялгавартай хуваарилан өгч, хэн хэнийх нь бизнесийг хамгаалдаг аж. Мөн үндэсний хэмжээний нэг том компани байлаа гэхэд зөвхөн үндсэн бизнесээ л хийх, өөр бусад салбар руу орохыг нь тодорхой хэмжээгээр хязгаарласан хууль эрх зүйн орчин бүхий улс орнууд ч байдаг юм байна. Өнөөдөр зарим үйлдвэрлэгч ийм зохицуулалтыг хүсч байгаа аж.

Тээг болсон тендер

Мөн төр засаг үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах биш харин импортын бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдүүлэх, өрсөлдөөнд мэдээж манайхан ялагдах нөхцөлийг бүрдүүлж ирсний нэг жишээ нь тендер. Төсвийн хөрөнгөөс бараа, бүтээгдэхүүн худалдан авахдаа хамгийн хямд үнэ санал болгосныг нь тендерт шалгаруулдаг.
 
Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний тоо ширхэг олшрох тусам нэгжийн үнэ нь хямдардгийг хэн хүнгүй мэднэ. Зөвхөн Монголын жижиг зах зээлд зориулж үйлдвэрлээгүй импортын бүтээгдэхүүний нэгжийн үнэтэй дотоодын бүтээгдэхүүн өрсөлдөх нь боломжгүй талдаа. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэгчдийн хийж чадах бараа, бүтээгдэхүүнийг төсвийн хөрөнгөөс худалдан авах тохиолдолд импортлогчдыг болон Хятадын компаниудыг тендерт оролцуулдаггүй байх зохицуулалтыг Монголын бизнесмэнүүд хүсдэг юм байна. Тендерт Хятадын дурын компани орж ирээд манай үйлдвэрлэгчдийг бут цохьж орхидог, төсвийн хөрөнгө тэдний орлого болоод гараад явчихдагт эмзэглэхээс аргагүй. Уг нь тендерийн буюу төсвийн мөнгө дотоодын үйлдвэрлэгчдэд орлого, дэмжлэг болдог бол сайн сан.

Уул уурхайн орлого бусад салбарт хөрөнгө оруулалт болох уу?

Уул уурхай Монголын хөгжлийн ирээдүй гэдэг үгийг хөрвүүлээд үзье. Эндээс орж ирэх мөнгө бусад салбарт хөрөнгө оруулалт болж, эдийн засгийн бүтцийг сайжруулсан цагт жинхэнэ утгаараа хөгжлийн ирээдүй болох ёстой байх. Гэтэл өнөөгийн нөхцөл байдлаас тийм ирээдүй харагдахгүй байгаа аж. УИХ-ын нэр бүхий гишүүнтэй Хятадын бизнесийн төлөөлөгчид уулзжээ. Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн ордууд ашиглалтад орж байгаа нь тэдэнд ямар завшаан авчирч буйг ойлгосон Хятадууд үйлдвэрүүдээ Монголын хил рүү татаж эхэлсэн байна. Уул уурхайн салбарт шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэн нийлүүлэх, ийм замаар өөрсдөдөө хөрөнгө оруулалт татахыг тэд зорьж байна. Монголын уул уурхайн орлого Хятадын эдийн засгийг бүхий л талаар дэмжих сувгууд тал талд нээгдэж эхэллээ. Уул уурхайг дагаж Монголд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбар сэргэнэ гэдэг үлгэр болж таарах уу?

Шалтгаан ямар байх нь хамаагүй. Нэгэнт л дотоодын хэрэгцээгээ боломжийн хэмжээнд хангах, импортын барааг орлохуйц, тэдгээрээс өрсөлдөх чадвараар илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байгаа жижиг, дунд үйлдвэрлэл тэгэхээр Монголд хэрэг байна уу гэсэн асуулт эндээс урган гарч байна. Өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангах, дэлхийд танигдсан брэнд гаргах энэ тэрийн тухай бодох шаардлага байна уу даа?

Уг нь мэргэжилтэй, мэргэжилгүй олон хүнийг ажлын байранд сурган авч ажиллуулж, тэднээр дамжуулан тогтмол орлогыг ар гэрт нь хуваарилж яваа үйлдвэрлэгчид өнөөдрийн нийгэмд бас ч хэрэгтэй хүмүүс. Өнөөдрийн нөхцөл байдлыг харвал энэ үүднээс л Монголд жижиг, дунд үйлдвэрлэл хэрэгтэй бололтой. Бараа, бүтээгдэхүүн биш, ажлын байр “үйлдвэрлэгчид” гэвэл л илүү онохоор юм уу даа?

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж