Цаашдаа гишүүд “төгөлдөр хуур” тоглохгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Цаашдаа гишүүд “төгөлдөр хуур” тоглохгүй

УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржтой ярилцлаа.

-УИХ-ын ээлжит чуулган завсарлалаа. Өнгөрсөн чуулганыг хийх ёстой ажлынхаа 50 хувийг л гүйцэтгэлээ, тааруу ажиллалаа гэж дүгнэх тал бас бий. Таныхаар парламент намрын чуулганаар хэр үр дүнтэй ажилласан бэ?

-Чуулганы завсарлагын үеэр ингэж чөлөөтэй ярилцаж байгаад баяртай байна. Сүүлийн үед хэвлэлүүдээр парламент тааруу ажилласан, тавин хэдхэн хувьтай ажилласан байна гэж шуугиж байгааг харсан. УИХ-ын намрын чуулганаар 26 хуулийг нэр зааж, бусдыг бусад асуудлын хүрээнд хэлэлцэхээр УИХ-ын даргын захирамж өнгөрсөн зун гарсан. Намрын чуулганаар хийсэн ажлаас дурдвал нэр заасан хуулиудын заримыг хэлэлцэж батлаад, заримыг хаврын чуулганд шилжүүллээ. Бусад асуудлын хүрээнд УИХ 144 хуулийг баталсан. Хэлэлцсэн нийт хуулийг аваад үзвэл намрын чуулганаар хэлэлцсэн асуудал 90 гаруй хувийн биелэлттэй байгаа. Энэ бол бодит дүн.

 Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр УИХ-ын гишүүдийг сайн, дунд, муу, маш муу  гэсэн үзүүлэлтээр хүмүүсийн саналыг авч тавьж байгаа юм билээ. Үүнийг би хувьдаа сайн зөвшөөрөмгүй байгаа юм. УИХ-ын үйл ажиллагааг сургуулийн сурагчдад дүн тавьж байгаа юм шиг дүгнэх нь тийм ч зохимжтой биш. Хууль тогтоох үйл ажиллагаа гэдэг нэлээд онцлогтой байдаг. Улс даяар дагаж мөрдөх хуулийг хэлэлцэж баталдаг учраас тухайн хуулийн төсөлд туйлын хариуцлагатай хандаж байж л хууль гаргадаг. Зарим хууль сар шахаж байж батлагдаж байна. Зарим нь хэдхэн хоногт гарчихдаг. Хэдэн парламент дамжиж гардаг хууль ч бий. Гадаад орны зарим парламентын туршлагыг үзэх юм бол 10-20 жил хэлэлцсэн хуулийн төсөл байж л байдаг. Гол нь УИХ хууль тогтоох ажилдаа туйлын хариуцлагатай хандах ёстой. Зөвхөн тоон үзүүлэлт бидний ажлын хэмжүүр биш. Сонгогчид нь л дүнгээ тавиг л дээ.

-Аль олон дуугарсан гишүүн сайн, дуугүй суусан нь муу гэсэн нэг тийм хэмжүүр бас байна аа даа?

-УИХ-ын гишүүдийг хэн нь олон дуугарав, хэн их ярив гэдгээр дүгнэнэ гэдэг жаахан өрөөсгөл. Гишүүдийн ажлыг тоогоор уралдуулж дүгнэнэ гэдэг тийм сайн тохирох үзүүлэлт биш. Ажил хэрэгч хандлага, хэлж байгаа үгийн агуулга, ач холбогдол чухал. Үргэлж нуршаад байхгүй, цөөн боловч жинтэй үг дуугардаг гишүүн зөндөө бий. Манай Тамгын газарт УИХ-ын гишүүдийн ажлыг тоон үзүүлэлтээр гарга гэсэн үүрэг байдаг. Түүн дээр үндэслээд зарим хүн дүгнэлт хийгээд хамгийн олон дуугарсан нь тэр, хамгийн цөөн дуугарсан нь тэр байна гээд, цөөн дуугарсанд нь нэр хоч зүүгээд байдаг тал бий.

-Ажиглахад Засгийн газрын гишүүнээр давхар ажилладаг гишүүдийн хэлсэн үгийн тоо дандаа 0 гэж гардаг юм билээ?

-Аргагүй шүү дээ. Тэдэнд бусад гишүүдийн асуултад л хариулахаас биш өөрөө дуугарах боломж бараг байхгүй. УИХ-ын үйл ажиллагаанд гаднаас сайн муу гэсэн үнэлэлт өгөөд байгааг Тамгын газар бас судалж үзсэн. Магадгүй цаанаас зохион байгуулалттайгаар одоогийн гишүүдийн нэр хүндийг унагах, УИХ-ыг муу гэж харуулах гэж хийж байгаа ажил ч байж магадгүй гэсэн таамаг бас төрөөд л байгаа. УИХ сайн ч, муу ч нийт сонгогчдын саналаар байгуулагдсан өөрийнх нь төр. Хууль тогтоох засаглалыг хэрэгжүүлж байгаа байгууллага. УИХ-д тааруу дүн тавихад манай зарим гишүүн нөлөөлж байгаа тал бийг ч бас үгүйсгэхгүй. Олны нүдэн дээр бусдын кнопыг дардаг, тэр байтугай өөрөө батлалцаж УИХ-аас гаргасан шийдвэрийг эргэж хүний хүн шиг шүүмжилдэг тал ч байгаа.

-Намрын чуулган өндөрлөхийн өмнөхөн энэ асуудлыг УИХ-ын даргын зөвлөл хуралдаж хэлэлцсэн сурагтай байсан. Бас Засгийн газарт бичиг явуулахаар болсон дуулдсан?

-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж саяхан үүнийг ярьсан. УИХ-ын шийдвэрийг гаргахын өмнө гишүүдийн дунд жинхэнэ мэтгэлцээн болдог. Бүлэг, байнгын хороо, ажлын хэсэг дээр чухам би, чи-дээ хүрдэг шүү дээ.  Тэр мэтгэлцээний үеэр өөрийн байр сууриа хамгаалж, үндэслэлээ бусдадаа ойлгуулахын төлөө хатуугийн хатуу үгийг хэлж болно. Хэрвээ үндэслэлээ баталж хамгаалж чадахгүй бол хуульд тусч чаддаггүй. Тэгээд санал хурааж, олонхиороо баталсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийг нийт ард иргэд төдийгүй гишүүд өөрсдөө дагаж мөрдөх ёстой. Хуулиа сурталчлах ёстой. Хууль нэгэнт гарчихсан хойно “Би ийм байсан” гэсэн байдлаар яриад явах нь ёс зүйгүй асуудал гэдэг талаар УИХ-ын  даргын дэргэдэх зөвлөл хатуу байр суурь илэрхийлсэн. УИХ-ын шийдвэрийг Засгийн газар бүх шатандаа биелүүлэх үүрэгтэй. Гэтэл УИХ-аас гаргасан шийдвэрийг Засгийн газрын танхимын зарим гишүүн, яамдын хариуцлагатнууд хэвлэлийн бага хурал зарлаж эсэргүүцэж байсан тохиолдол бий. Энэ бол туйлын зүй бус асуудал. Ийм байдал цаашдаа гарахгүй байх. УИХ-ын нэр хүнд гадаад, дотоод олон зүйлээс шалтгаалдаг учраас энэ мэт өөрөөс шалтгаалах алхмыг гишүүд хийхгүй байх нь зүйтэй.

-Түрүүн намрын чуулганы ажил 50 хувийн гүйцэтгэлтэй гэж асуусан маань УИХ-ын сонгуулийн хуультай холбоотой юм л даа. Тийм том хуулийг намрын чуулганаар гаргаж чадсангүй шүү дээ?

-Энэ Сонгуулийн хууль их дуншиж байгаа хууль мөнөөс мөн. Үнэхээр ч өнөөдөр нам, эвсэл, сонгогчдын хүсэн хүлээж байгаа хууль. Цаг нэлээд давчуухан үлдэж байгаа нь бас үнэн. Иймээс Сонгуулийн хуулийг намрын чуулганаар хэлэлцэхийн төлөө бас нэлээд ажилласан. Гэхдээ сая яагаад Сонгуулийн хуулийг хаврын чуулган руу шилжүүлэхээр болов гэхээр хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, гишүүдээс маш олон зарчмын зөрүүтэй санал гарсан. Тэдгээрийг нэгтгэж нэг тийш болгох ёстой. Хоёрдугаарт, сонгуулийн хариуцлага гэдэг юмыг их тодорхой оруулах ёстой. Сонгуулийн авлига гээд яриад байдаг. Тэр нь юу юм. Ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг оруулж өгөхгүйгээр хуучин хуулиар нь гаргах юм бол хэрэг байхгүй.

-Сонгуулийн тогтолцоон дээр гол нь гацаад байгааг яах вэ?

-Тогтолцоог яахыг эцсийн байдлаар шийдээгүй байна. Дээрх хэдэн асуудлыг чуулганы завсарлагаар шийдчих юм бол Сонгуулийн хууль хаврын чуулганаар гарах боломжтой. Хүсэн хүлээсэн хууль гараагүй болохоор хүмүүс түүнийг шаардах нь бас зүйтэй л дээ.

-Их Хурлын ажлыг хамгийн их гацаадаг шалтгаан бол гишүүдийн ирц хүрдэггүй явдал. Энэ нь тэдний ёс зүйтэй ч холбоотой байх. УИХ-ын гишүүдийн ирцийг Тамгын газар ил тодоор мэдээлдэг болсон. Үүнд гишүүд тийм ч таатай ханддаггүй юм шиг?

-Тамгын газраас гишүүдийн ирцийг ил тод зарлаж, хэвлэлээр мэдээлдэг болсонд зарим гишүүн эмзэглэдэг нь үнэн. УИХ-ын удирдлагаас бидэнд өгсөн үүрэгтэй учраас УИХ-ын Тамгын газар цаашдаа ч чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдаанд гишүүдийн оролцож байгаа ирцийн байдлыг ил тод мэдээлсээр байх болно.

-Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр өөрөөс бусдын кнопыг дарж санал өгөхийг Дэгийн хуулиар гишүүдэд хориглосон. Гэтэл гишүүд маань сэтгүүлчдийн хошигнож хэлдгээр “төгөлдөр хуураа тоглосоор” байна. Үүнийг яаж зогсоох вэ?

-Нэгдсэн хуралдаан дээр санал будилаантах, бусдын товчлуур дарах гэх мэтийн дутагдлыг эрхэм гишүүд гаргаад байдаг. Сая энэ талаар УИХ-ын удирдлагаас үүрэг аваад Тамгын газар ажиллаж байна. Санал хураах системийг нэлээд боловсронгуй болгох цаг болчихож. Гишүүн зөвхөн өөрийнхөө кнопыг дардаг, цаад систем нь ч тухайн хүнээ таньдаг механизм хийнэ. Хурууны хээг ашиглах уу, өөрийнх нь царай зүсийг таниулах уу гэдэг дээр манай техникийнхэн ажиллаж байна.

-Одоо машин, хаалга, сейф тийм болчихлоо шүү дээ?

-Тийм болчихлоо. Тэгэхээр цаашдаа учиргүй будилаантай, “төгөлдөр хуур” тоглох асуудал гарахгүй байх аа. Хурууны хээгээр идэвхждэг картын систем нэвтрүүлчихвэл гишүүд зөвхөн өөрийнхөө саналыг өгөх, эзгүй нь эзгүйгээрээ үлдэх боломж бүрдэнэ гэж бодож байгаа.

-I PAD гэж том асуудал гараад ирлээ. Гишүүдийг I PAD-жуулснаар мөнгө үрэгдэх үү, хэмнэгдэх үү?

-Манай Тамгын газраас УИХ-ын үйл ажиллагааг цахимжуулах тал дээр нэлээд анхаарч байгаа. УИХ-ын архивыг цахим болголоо. Номын сангаа цахим болгохоор судалж байна. УИХ-ын өөрийн үйл ажиллагааг техникийн дэвшилтэй холбож боловсронгуй болгох зайлшгүй шаардлага гарч байна. Парламентын  хэвийн үйл ажиллагааг хангахад зориулж 65 сая төгрөгийн өртөгтэй цаас ашигладаг.

-Бүтэн жилийн цаасны хэрэгцээний өртөг үү?

-Тийм. Хуулийн төслийг 76 гишүүнд хувилж тарааж байна. Зарим хуулийн төсөл 200-300 хуудастай. Чуулган, байнгын хороодоор хэлэлцэх асуудал, гишүүдийн зарчмын зөрүүтэй санал, хурлын дараалал гээд бүх зүйл цаасан дээр бууна. Одоо бид энэ их цаасан овоог байгүй болгох ёстой. Нийгэмд аль хэдийнэ техникийн шинэчлэл явчихсан байхад УИХ-ын гишүүд цаасан овоон дунд сууж байж таарахгүй. Энэ чиглэлээр АНУ-ын “Apple” фирмтэй гэрээ байгуулан хамтарч эрхэм гишүүдийг I PAD-жуулах ажил хийж байна. Фирмийн хоёр жилийн баталгааг аваад 76 гишүүндээ I PAD тавьж өгнө. Гишүүд түүнийг бүрэн ашиглах ёстой. Сейфэндээ хадгалах юм уу, хүүхэддээ өгч болохгүй. Ингэснээр жилд 65 сая төгрөгийг цаасанд зарцуулахаа зогсооно. I PAD ашиглах талын сургалтыг Тамгын газрын ажилтнууд, гишүүдийн туслахуудад хийгээд эхэлчихсэн.

– I PAD-жуулсны өртөг ямар гарч байна?

-Нэг нь нэг сая гаруй төгрөг. Цаасаа хэмнэх учраас энэ ажил үр дүнгээ өгнө.

– Сая нэг гишүүн ярилцлага өгсөн байна лээ. Хуульчид муу хүмүүс. Гишүүдийн санаачилсан төслийг боогдуулдаг, буцаадаг гэж. Тийм хаалт боолт хуульчдын зүгээс байдаг уу?

-Ш.Сайхансамбуу гишүүн Эрүүгийн хууль санаачлаад тэр нь буцчихлаа. Түүнээс болж сэтгэлийн хөөрөл, гомдлоор ярьсан байлгүй. Хууль, хуульч хоёрыг үл тоовол сайн юманд хүрэхгүй. Нэг, хоёр тийм хүн байж мэднэ. Нийт хуульчдыг хүний адаг гэж харлуулж таарахгүй. Хуульгүй явах, хуульчийг үл тоовол буруу замаар будаа тээнэ. Эрх зүйт төрийн үндэс бол хууль. Түүнийг сахиулж цаг наргүй явдаг хуульч, шүүгч, цагдаа, прокуроруудыг хамаагүй доромжилж таарахгүй байх. Хууль тогтоох байгууллагад нэг алтан зарчим байх ёстой. Энэ нь мэргэжлийн хүний үгийг сонсох. Хуульч хүн гэхэд бусад мэргэжлийн хүний үгийг сонсч байж хуулиа хийж, хууль тогтоох үйл ажиллагаанд оролцдог. Би хуульч хүн гээд Мал эмнэлгийн тухай, Бэлчээрийн тухай хуулийг санаан зоргоороо хийнэ гэвэл аюултай балмад явдал. Түүн шиг би л УИХ-ын гишүүн гээд хуульчийн нарийн мэргэжил шаардах ажилд дураараа зүтгэвэл бас л балмад явдал.

-Та том улс төрийн тогоонд байсан хүн. Одоо Тамгын газрын дарга болоод хөндлөнгөөс харахад юу ажиглагдаж байна?

-Миний хувьд аль нэг нам, эвсэлд үйлчлэх биш, Тамгын газрыг гайгүй ажиллуулах ёстой гэсэн бодолтой явдаг. Заримдаа ч гишүүдээ өрөвдөж л байдаг. Хууль тогтоох үйл ажилагаа бол маш хүнд хүчир хөдөлмөр. Өрөвдөхдөө өрөвдөж, өмөөрөхдөө өмөөрөх тал бий. Хийж байгаа ажил нь олон түмэнд зөв хүрч байвал болох нь тэр.

-Гишүүдийн туслах, зөвлөхүүдийн ажлын чадвар ямар байдаг вэ. Нэг үе ордноор дүүрэн цай зөөхөөс цаашгүй мисс хүүхнүүд байна гэсэн шүүмжлэл гардаг байсан. Түүнийг бодвол арай дээрдэж байх шиг байна. Та баталж ажилд авдаг хүний хувьд ямар шаардлага тавьдаг вэ?

-Туслах, зөвлөхүүд мэдлэг чадвартай, хариуцлагатай байх ёстой гэж санагддаг. Таны захирамжаар, та гарын үсэг зурж тэднийг ажилд авдаг шүү дээ гэж асууж байх шиг байна. Тэр үнэн. Би гарын үсэг зурдаг, захирамж гаргадаг. Гэхдээ ямар хүнийг авах вэ гэдгийг би биш, гишүүн мэддэг. Гишүүний сонгож авчирсан хүний анкетыг авч, овог нэрийг нь хараад л гарын үсэг зурахаас аргагүй. Гэхдээ хэр сайн чадвартай туслахтай байснаас УИХ-ын гишүүний өөрийн нэр хүнд, үйл ажиллагаа шалтгаалдаг гэдгийг өөрсдөө мэддэг байх. Албан бичиг төлөвлөж чаддаггүй хүн ч мэр сэр байдаг л юм.

-Энгийн сэдэв рүү орох уу. Сар шинэ болоод удаагүй байна. Та яаж шинэлэв?

-Сар шинэ сайхан боллоо. Би цагаан сараар Дорноговийн Хөвсгөл суманд байдаг өндөр настай ээжтэйгээ очиж золгоод говийн шүтээн, Хамарын хийдэд заларч байдаг Ловон Бадамжунай бурхнаа буяны саднуудтайгаа хамтарч жавил сэнтийд нь залаад ирлээ. Туулай жил сэтгэлийн сайхан ариуслаар эхэлж байна. Би өөрөө бурхны шашнаа шүтдэг, говийн ноён хутагтаа шүтдэг их шүтлэгтэй хүн дээ.

-Аргын тооллын нэгдүгээр сарын 1-ний өглөө хүмүүс нар хардаг болж. Та энэ зан үйлийг гүйцээдэг үү?

-Зарим хүн галт тэргээр явж нар мандахыг хардаг болсон байна лээ. Хүн хүний хувийн сонирхол, бэлгэшээл юм даа. Яаж сайн энерги авах вэ, яаж сэтгэлээ ариусгах вэ гэдэг хүн хүний хэрэг. Би хувьдаа тэгдэггүй. Нэг их зардал хөрөнгө гаргаад япончууд шиг нэгдүгээр сарын 1-нд явна гэдэг зохимжгүй ч юм шиг. Харин шинийн нэгний өглөө бол өөр хэрэг. Хүн болгон зам мөрөө гаргана. Ууландаа гарч өргөлөө өргөж залбирна. Энэ бол байх ёстой. Хүн гол нь их сайхан сэтгэлийн ариусалтай, эв эетэй, зөв энергитэй байвал Монгол орон маань сайхан хөгжинө.

-Та шүтлэгтэй гэсэн мөртлөө ан хийдэг хүн үү. Буу барьсан зураг тань зарим сайт дээр байхыг харлаа?

-Ан гөрөө эргүүлэхийг 15-16 жилийн өмнөөс бүр больсон. Амьтны амь таслахгүй гэсэн тангаргийг өөртөө өргөсөн. Надад Америкийн хуульчдын бэлэглэсэн мундаг сайн буу бий. Байж л байдаг юм. Сүүлийн үед зарим сайт дээр нөхөр Ц.Шаравдорж буу барьчихсан гараад байгаа юм. Миний их дээр үеийн зураг. Миний нэг дүүгийн зөөврийн компьютерт байсан зургууд байна лээ. Тэр компьютерийг хулгайд алдчихсан юм. Тэр зургууд гарч ирээд байна гэдэг чинь хулгайн эзэн ойрхон байгаа юм биш биз гэж бодогдоод л байна.

-“Тунгалаг Тамир”-ын Хонгорын “Энэ бүчийг олонтой газар зүүгээд яваарай гэсэн юм” гэдэг шиг үү?

-Манай хэвлэлийнхэн хүний зургийг гаргахдаа эзнээс нь асуучихаж байгаарай л гэж хэлмээр байна даа.

                     Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж