Ойн бодлогын шинэтгэл зөвлөгөөн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Ойн бодлогын шинэтгэл зөвлөгөөн үргэлжилж байна

Аж ахуй нэгж, иргэдэд ой модыг эзэмшүүлснээр хууль буусаар мод бэлтгэх явдал зогссон. Мөн бэлтгэсэн модоо тээвэрлэхэд хяналтын хуудастай болгосон нь үр дүнгээ өгч байгаа.

-Монгол Улсын ойн газраас зохион явуулж буй “Хамтын оролцоотой ойн менежмент” Үндэсний анхдугаар чуулганы үзэл санаан дор зохион байгуулагдах “ойн бодлогын шинэтгэл” сэдэвт улсын зөвлөгөөнийг энэ сарын 16-аас 17-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Уг зөвлөгөөнд Монгол Улсын 21 аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын дарга нар хүрэлцэн ирж туршлага солилцож байна. Зөвлөгөөний эхний өдөр БОАЖ-ын сайд Л.Гансүх “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ойн бодлогыг боловсруулах шаардлага, хэрэгцээ” сэдвээр илтгэл тавьсан юм.   Ойн газрын дарга М.Тунгалаг “Ойн салбарын өмнө тавигдаж байгаа ойрын болон дунд хугацааны зорилт” сэдвээр илтгэл тавьсан юм. Энэхүү чуулганаар хэлэлцэж шийдэх гол зорилтууд нь Үндэсний анхдугаар чуулганаас хойш өнөөг хүртэл гарсан үйл явцыг үнэлж, дүгнэх. Мөн ойн тухай хууль тогтвортой ойн менежментийг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагын үүрэг, оролцоог дээшлүүлэх арга замыг тодорхойлох. Нөгөөтэйгүүр ойн салбарын хөгжил болоод тогтвортой ойн менежментийг дэмжихэд чиглэсэн ойн бодлогын тухай ойлголтыг бий болгоход оршиж байгаа аж.

Мөн БОАЖ-ын яамнаас санаачлан хэрэгжүүлж буй ойн нөхөрлөл бий болгох ажил орон нутагт үр өгөөжөө өгч бодитоор хэрэгжиж байна гэж зөвлөгөөнд оролцож байгаа төлөөлөгчид хэллээ. Монгол Улсын хэмжээнд мод үйлдвэрлэлээрээ эхний тавд багтдаг булган аймгийн хувьд 1999 оны ой зохион байгуулалтын судалгаагаар 1,900,000 га талбайд ой мод бүхий газар байдаг гэсэн дүн гаргасан байна. Энэ нь Булган аймгийн нийт газар нутгийн 40 хувийг ой мод эзэлдэг гэсэн үг аж. Гэвч Булган аймагт хууль бусаар мод бэлтгэх тохиолдол өмнө нь гарч, мэргэжлийн байгууллага анхаарлаа хандуулж ажиллаж чадахгүй байна гэсэн шүүмжлэлд өртдөг байсан. Булган аймгийн газар нутгийн 40 хувийг ой мод эзэлдэг гэдэг. Гэвч энэхүү тоо судалгаа нь 1999 онд хийсэн судалгааны дүн юм. Булган аймгийн хувьд 1970 оноос хойш Хялганатын мод бэлтгэлийн үйлдвэр ажиллаж тухайн үед нэг жилд 210-аас 250 мянган шоо метр мод бэлтгэж байсан түүхтэй аж. Гэвч 1990 оноос эхлээд мод бэлтгэх жижиг үйлдвэрүүд ажиллаж эхэлснээр мод бэлтгэх үйл ажиллагаа аймгийн хяналтаас гарч ойн санд эрсдэлтэй үйл ажиллагаа бий болсон байна. Харин 2000 оноос аймгийн ойн газар эдгээр аж ахуй нэгжүүдэд сонгон шалгаруулалт явуулж мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийг сонгон шалгаруулсан байна. Өнөөгийн байдлаар булган аймагт мод бэлтгэх эрхтэй хоёр аж ахуй нэгж, ойн арчилгаа цэвэрлэгээ огтлолт хийх зөвшөөрөлтэй таван аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аж. Эдгээр аж ахуй нэгжүүд нэг жилд зургаагаас 10 мянган шоо метр хэрэгцээний мод бэлтгэдэг байна. Гэвч хэрэглээний мод бэлтгэхэд модыг дөрвөн метрээр тайрч салаа, мөчир, орой хэсгийг ашиглалгүй ойд хог болгон хаядаг байна. Энэхүү түүхий эдийг үр ашиггүй хаягдал болгож байхаар модны цех, гар урчуудад нийлүүлж бэлэг дурсгалын нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түлшинд хэрэглэх боломжтой хэмээн үзэж буй төлөөлөгчид цөөнгүй байна. Булган аймгийн хэмжээнд 2010 онд 12 мянган шоо метр хэрэгцээний мод, 76 мянган шоо метр түлшний мод бэлтгэх дээд хязгаар батлагдсанаас бүгдийг бэлтгэсэн хэмээн Булган аймгийн БОАЖГ-ын дарга А.Гантөмөр хэллээ. 2011 онд зургаан мянган шоо метр хэрэгцээний мод огтлолтоор бэлтгэх, 8500 шоо метр мод арчилгаа цэвэрлэгээний чиглэлээр, түлшний мод 36 мянган шоо метр бэлтгэж 36 мянган шоо метр модыг Орхон аймгийн иргэдийн түлшний хэрэглээнд хуваарилах болсон хэмээн тэрээр хэллээ. Арчилгаа цэвэрлэгээ нэрийн дор ойгоос хууль бусаар мод бэлтгэх явдал гарах тохиолдол байдаг. Харин аймгийн иргэд, аж ахуй нэгжүүдийг нэгтгэн нөхөрлөл байгуулж тэдгээрт ой модыг хариуцуулж өгснөөр хууль бусаар мод бэлтгэх явдал багассан байна. Эдгээрээс гадна Хавар, Намар хуурайшилтай улиралд ой мод гал түймэрт өртөж сүйддэг. Булган аймаг шатамхайн зэрэглэл өндөр, гал түймрийн онц аюултай бус нутагт тооцогддог хэдий боловч өнгөрсөн 2010 онд ойд гал түймэр гаагүй амжилттай үджээ. Энэ нь иргэд аж ахуй нэгжүүдэд гэрээгээр ой мод эзэмшүүлсний үр дүн аж. Мөн Хишиг, Бугат, Бүрэгхангай аймгуудад ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлж чаджээ.

Харин Хөвсгөл аймагт нэг жилд 6300 орчим га талбайгаас хэрэглээний мод 15 мянган шоо метр, түлшний мод 160 мянган шоо метрийг бэлтгэдэг байна. Хөвсгөл аймаг нь хууль бусаар мод бэлтгэх явдал газар авсан, тусгай хамгаалалттай газар нутаг ихтэй аймаг. Гэсэн хэдий ч хууль бусаар мод бэлтгэх явдал газар авсан аймгуудын нэг. Харин ой модыг зүй зохистой ашиглах үүднээс мод бэлтгэх зөвшөөрөл хуулийн этгээдэд байлаа гэхэд тухайн сумын удирдлага хуралдаж байж мод бэлтгэх зөвшөөрөл олгох эсэхийг шийддэг байна. Аймгийн хэмжээнд нэг жилд бэлтгэж буй модны 10-аас 20 хувийг бусад аймгийн хэрэглээнд нийлүүлэхээр төлөвлөдөг байна. Энэ талаар тухайн багийн иргэд нийтийн хурлаар хэлэлцэж ашиг олох зорилгоор мод бэлтгэхийг багасгах бодлого баримтлан ажиллаж байгаа гэнэ. Мөн Номин скай компани Хөвсгөл аймгийн Чандмань сумын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүй мод бэлтгэл хийсэн.  Номин скай компани  мод бэлтгэх хүсэлтээ тухайн сумын холбогдох албаны хүнд тавьсан хэдий ч олгосон зөвшөөрлөөс өөр газар тусгай хамгаалалт бүхий газраас 100 шоо метр  мод бэлтгэсэн аж. Харин энэ талаар аймгийн шүүх гэм буруутныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж