Шүүгчид шилдгүүдээ тодруулав

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Шүүгчид шилдгүүдээ тодруулав

Анхан, давж заалдах болон захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчид, Тамгын хэлтэс, албадын дарга нарын нэгдсэн зөвлөгөөн энэ сарын 14-16-ны өдрүүдэд Их тэнгэр цогцолборт болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, шүүхийн шинэтгэлийн талаар өөрийн байр сууриа саналаа илэрхийлсэн байна. Энэ үеэр Шүүгчдийн холбооны тэргүүн Б.Батцэрэн Ерөнхийлөгчийн “Шударга байцгаая” гэсэн уриалгыг  шүүгчид дэмжиж шударга ёсны зарчим, үнэт зүйлсээ тодорхойлсон “Шударга ёсны тунхаг”-тай болж байгааг мэдэгдээд хамгийн эхний хувийг нь төрийн тэргүүнд гардуулан өгөв.

      Зөвлөгөөний үеэр мөн шүүгчид шилдгүүдээ шалгаруулсан байна. Хамгийн сайн менежменттэй шүүхээр анхан шатны шүүхүүдээс Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүх, давж заалдах шатны шүүхүүдээс Дорнод аймгийн шүүх, захиргааны хэргийн шүүхүүдээс Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүх шалгарчээ. Харин шилдэг шүүгч-багшаар Нийслэлийн шүүхийн шүүгч Б.Батцэрэн, чадварлаг шүүгчээр Нийслэлийн Захиргааны шүүхийн шүүгч Т.Энхмаа, зохион байгуулагч шүүгч-манлайлагчаар Архангай аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дашдондов, санаачлагатай шүүгч-шинэчлэгчээр Нийслэлийн шүүхийн шүүгч Д.Дамдин-Од тус тус шалгарчээ.
    Мөн ажил үйлсээрээ бусдаа тэргүүлэн хошуучилж ажилласан Нийслэлийн шүүхийн шүүгч Л.Даваасүрэн, Баянгол дүүргийн шүүхийн шүүгч Д.Наранцэцэг, Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн, Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч З.Гүлбарша, Завхан аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл, Улсын дээд шүүхийн нягтлан бодогч Б.Хишигсүрэн нарыг Шүүгчдийн холбооны өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнасан байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж