Ерөнхийлөгч төвийн бүсийн аймгуудад ажиллав

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч төвийн бүсийн аймгуудад ажиллав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 17-21-ний өдрүүдэд Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгуудад ажиллаж, орон нутгийн үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, хаваржилтын байдалтай танилцлаа. Тэрбээр өнөөдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирнэ. Төрийн тэргүүн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын малчин Ц.Дондовхүү, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын малчин Н.Батболд,  Архангай аймгийн Хотонт сумын малчин Д.Мэргэн нарын хот айлд зочилж хаваржилтын байдалтай танилцсан юм. Мөн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүүхэд залуучуудын паркийн ногоон байгууламжаар орж, тус аймагт  бодит ажил  болж  буй бусад бүтээн байгуулалттай танилцан, орон нутгийн иргэдтэй уулзалт ярилцлага  хйисэн юм. Харин Баянхонгор аймгийнхан Ерөнхийлөгчид жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, бизнесийн чиглэлээр хийсэн  ажлуудаа танилцуулсан юм. Тухайлбал “Их тэнгэрийн хүч” сүүний үйлдвэр, “Буган халиун” саалийн фермер, “Баянхонгор” баруун бүсийн худалдааны төв, өвс тэжээлийн нөөцийн агуулах, тус аймгийн шүүхийнхэн  ажлаа танилцуулж, төрийн тэргүүнтэй санал бодлоо солилцсон юм. Төрийн тэргүүний хөдөө орон нутагт ажиллах гурав дахь өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хот, Төвшрүүлэх, Хотонт, Хашаат, Өгийнуур, Цэнхэр сумын  иргэд, хөдөлмөрчидөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд баримталж буй бодлого, санаачлага, хуулиудын талаар танилцууллаа. Харин өчигдөр Өвөрхангай аймгийн Хар хорин сумаар орж, Хархорин музейг үзэж сонирхлоо.  Японы хөрөнгө оруулалтаар барьсан уг музейн барилгын ажил дуусч, тус сумаас олдсон түүхийн дурсгалт олдворыг нутагтаа авчрах, үзмэрийг дэглэх ажил үлджээ. Ерөнхийлөгч музейн үзмэрийн бүрдүүлэлт тааруу байгааг сануулж, ирэх гуравдугаар сард хийх нээлтээ хойшлуулахыг  зөвлөсөн юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж