Цагдаа нар төрөөс мөнгө нэхэмжилнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Цагдаа нар төрөөс мөнгө нэхэмжилнэ

“Цагдаагийн ар гэрийн холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Алтангэрэл болон  цагдаагийн албан хаагчид  тэдний ар гэрийнхний төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал хийлгэв. Тэд 2008 оны сонгуулын үймээний үеэр бэртэж гэмтэж хохирогчоор тогтоогдсон 397 албан хаагчдын  эмчилгээний зардлыг төрөөс гаргаж өгөх хэрэгтэй гэсэн мэдээллийг өгсөн юм. Өмнө нь эдгээр албан хаагчдад төрөөс тэтгэмж өгөхийг хүссэн өргөдлийг тус холбооноос Ерөнхий сайд Сү.Батболд, Улсын Ерөнхий  Прокурор П.Дорлигжав, Хуульзүй дотоод хэргийн сайд Д.Нямдорж нарт хүргүүлсэн нь өнөөдрийг хүртэл  ямар нэгэн хариу мэдэгдэл өгөөгүй гэнэ. Тиймээс өнөөдөр сэтгүүлчдээр дамжуулан төрийн эрх бүхий албаныханд дээрх хүсэлтийг дахин уламжилж буй аж. Тэдний өгсөн мэдээллээр энэ сарын 9-ний өдөр тухайн үед Эргүүл хамгаалалтын газрын албан хаагч Э үймээний үеэр бэртсэн гэмтлээсээ болж амь үрэгдсэн юм байна. Мөн хурлын үеэр цагдаагийн албан хаагчид “Долдугаар сарын 1-ний үймээний үеэр үүрэг гүйцэтгэж яваад бэртсэний  улмаас тархи толгой өвддөг, ухаан алдах зэрэг зовиуртай болсон”  талаараа ч ярив. Хэрэг явдал гарсаны дараа дээрх 397 цагдаагийн албан хаагчдад төрөөс 3-12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгож байжээ. Гэвч   уг мөнгөн тэтгэмж хүнд, хүндэвтэр зэргийн гэмтэл авсан зарим нэг хүний  эмчилгээний зардалд  хүрэлцээгүй юм байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж