Сан Сиро бороогоор уйлав

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Сан Сиро бороогоор уйлав

Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн энэ улирлын 1/8 шигшээ буюу хасагдах шатны тоглолтууд өчигдөр шөнө эхэллээ. Өчигдөр хоёр тоглолт болсон ба Италийн Милан хотноо Сан Сиро цэнгэлдэхэд Английн Тоттэнхэм зочилж эхний тулаанаа хийв. Талбайн эзэн багийн дасгалжуулагч Массимилиано Аллэгри гараанд 34 настай хагас хамгаалагч Кларэнс Сийдорфийг гаргасан нь алдаа болсон гэдэг нь харагдлаа. Онц үйл явдалгүй үргэлжилсэн эхний хагасыг ширүүн бороо улам уйтгартай болгосон юм. Мөн миланы хаалгач Кристиан Аббиати 18 дахь минутанд гэмтэж талбайг орхижээ. Дараагийн хагаст Росонэричүүд давуу тоглолтыг олох гэж хичээсэн ч Тоттэнхэмийн хамгаалалтыг үнэндээ нэвтэлсэнгүй. Златан Ибрахимович л италийн багаас хамгийн боломжийн довтолгоог хийж байлаа. Харин Тоттэнхэмийн бүрэлдэхүүнд гэмтлээс эргэн ирсэн Рафаэл ван дэр Ваарт, Аарон Лэннон нар сайн тоглолтыг гаргасан. Нидерланд хагас төвөөс найруулж, баруун жигүүрээр Лэннон Италийн багийг сандаргаж байв. Улмаар 80 минутанд Аарон Лэнноны эхлүүлсэн хурдан довтолгооноор Питер Крауч тооны харьцааг нээсэн байна. Энэ нь тоглолтын цорын ганц гоол болж 1:0-ээр Тоттэнхэм ялалт байгуулсан байна. Тоглолтын төгсгөлд Жэннаро Гаттузо бие барьж чадсангүй. Тоттэнхэмийн туслах дасгалжуулагч Жөү Жорданы нүүрэнд гар хүрч, улмаар хоёр багийг хамарсан үл үйлголцол гарч тоглолт дуусчээ. Гаттузогийн үйлдэлд УЕФА ямар шийтгэл оногдуулахаа хараахан шийдээгүй байна. Ямар ч байсан Стивэн Пийнаар дээр гаргасан алдааныхаа төлөө Миланы ахлагч шар хуудас авснаар Вайт Харт Лэйн цэнгэлдэхэд болох хариу тоглолтыг өнжихөөр болж байна.

Бичлэг үзэх

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж