Ц.Түмэнхишиг: Хувьцаа гаргахад зөвлөнө

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Ц.Түмэнхишиг: Хувьцаа гаргахад зөвлөнө

Ц.Түмэнхишигт: Хөрөнгө босгохоос эхлээд хувьцаа гаргах хүртэл нь ганцаарчлан зөвлөнө

Хөрөнгийн бирж дээр мөнгө босгох нь Монголчуудын хувьд моод биш болжээ. Ялангуяа уул уурхайн компаниуд IPO хийж эхэлсэн, бас хувьцаа гаргах хүсэлтэй олон компаниуд гарц хайн хүлээж сууна. Тэгвэл тэдэнд ганцаарчлан зөвлөгөө өгөхөөс эхлээд хувьцаа гаргах хүртэл нь хамтарч ажиллах нэгэн арга хэмжээг дэлхийд алдартай компанийн мэргэжилтнүүд Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Уул уурхайн үндэсний ассоциацийн дэмжлэгтэйгээр энэ сарын 22-нд “Хаан палас”-т болох уг аргах хэмжээний талаар “Билиг Капитал” компанийн дэд захирал Ц.ТҮМЭНХИШИГТЭЙ ярилцлаа. Тэрээр Англид сургууль төгсч, Швецарийн хамгийн том, дэлхийд алдартай “UBS” банкны Европ, Ойрхи Дорнод, Азийг хариуцсан Лондон дахь салбарт хувьцаа гаргах, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байжээ.

-Танай компани “Нортон Роүз” групптэй хамтран уул уурхайн компаниудад Хонконг, Австралийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа яаж гаргах тухай зөвлөгөө өгнө гэж сонслоо?

-Тийм ээ. Манай компани Лондонд төвтэй “Нортон Роүз” компанитай хамтран уул уурхайн компаниудад зөвлөгөө өгнө. “Нортон Роүз” энэ чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай компани. Энэ компаниас хоёр зөвлөх ирнэ. Нэг нь Австралийн, нөгөө нь Хонконгийн хөрөнгийн биржид уул уурхайн компаниуд яаж бүртгүүлж, хувьцаагаа гаргах тухай танилцуулга хийж, зөвлөгөө өгөх юм. Энэ хоёр хүн бол дээрх биржэд уул уурхайн компаниудыг хувьцаа гаргахад нь зөвлөгөө өгөх чиглэлээр мэргэшсэн олон улсын мэргэжилтнүүд л дээ.

-Монголын компаниудад хамгийн түрүүнд ямар зөвлөгөө шаардлагатай байгаа вэ?

-Манай улсын компаниудын олонхи нь хайгуулын лицензтэй байдаг. Хайгуулын лицензтэй компанийг шууд Хонконгийн хөрөнгийн бирж дээр гаргах нь нэлээд төвөгтэй. Хамгийн доод тал нь хоёр жил шаардана. Гарлаа ч “Энержи ресурс” шиг их хэмжээний мөнгө босгоход хэцүү. Олон улсын олонхи компани хайгуулынхаа хөрөнгийг Австралийн хөрөнгийн бирж дээр босгож хайгуулаа бүрэн хийж, нөөцөө стандартын дагуу тогтоосныхоо дараа Хонконгийн хөрөнгийн биржид давхар бүртгүүлдэг. Улмаар Хонконгийн бирж дээр босгосон хөрөнгөөрөө үйлдвэрийнхээ дэд бүтцийн асуудлаа шийддэг. Ийм дарааллаар хөрөнгө босгоход юу юу шаардлагатай байдаг тухай зөвлөлгөөнд оролцох компаниудад зөвлөнө.

-Тэгэхээр манай улсын компаниуд эхлээд Австра¬лийн хөрөнгийн бирж  дээр бүртгүүлэх нь арай хялбар гэсэн үг үү?

-Тийм. Хонконгийн хөрөн¬гийн бирж нь Австралийн хөрөнгийн биржээс өндөр шаардлага тавьдаг. Австра¬лийн хөрөнгийн бирж бүртгүүлэх хүсэлт гаргасан компа¬ниасаа заавал батлагдсан нөөцийн үнэлгээ шаарддаггүй. Боломжит нөөцөө тогтоосон байхад л болдог. Гэхдээ нөөцийг нь тогтоож, баталгаа-жуулсан хүн нь тухайн компанид ямар ч хамааралгүй хүн байх ёстой. Энэ нь манайд бол гаднын мэргэжилтэн, эсвэл мэргэшсэн компани гэсэн үг л дээ. Мөн мэдээж компанийнх нь үйл ажиллагаа тогтвортой байх ёстой. Харин Хонконгийн хөрөнгийн бирж болохоор заавал олон улсын стандартын дагуу нөөцөө батлуулсан байхыг шаарддаг. Тухайлбал, ЖОРК стандартаар нөөцөө баталгаажуулсан байхыг шаардана. Бас тодорхой хэмжээний үйлдвэрлэл явуулсан байх шаардлагатай.

-Манай уул уурхайн компаниудад олон улсын бирж дээр хөрөнгө босгох боломж бүрэн дүүрэн байгаа юу?

-Манай компанийн үзэж буйгаар, манай улсад олон улсын хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгох чадалтай компаниуд бий. Ялангуяа Австралийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах боломжтой компани олон бий. Даанч хувьцаа гаргахаас өмнөх үеийн санхүүжилт дээрээ гацчихдаг. Анх хувьцаа гаргахад хамгийн тохиромжтой Автралийн хөрөнгийн биржид бүртгүүллээ гэхэд эхний ээлжинд тодорхой хэмжээний өрөмдлөг, судалгааны ажил хийнэ. Нөөцөө тогтоолгоно гээд нэлээд хөрөнгө шаарддаг. Энэ хөрөнгө нь байхгүйн улмаас гацаанд ордог.

-Удахгүй болох зөвлөлгөөнөөр хувьцаа гаргахаас өмнөх үеийн санхүү-жилтээ яаж олох тухай зөвлөх үү?

-Тэгэлгүй яах вэ. Хувьцаа гаргахын өмнө хөрөнгө босгох олон арга байдаг. Тухайлбал, хөрвөх бонд гаргах, компанийнхаа зарим хувийг хөрөнгө оруулагчдаа шилжүүлэх гэх мэт арга бий. Уул уурхайн төсөлд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой компаниуд манайхтай хамтарч ажилладаг. Энэ арга хэмжээний нэг онцлог нь тухайн компанийн чиглэл, боломжид тохирсон зөвлөгөөг ганцаарчлан тусгайлан өгнө. Тухайн компанийн онцлогт тохирсон зөвлөгөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд тусгайлан өгч байсан тохиолдол Монголд урьд өмнө байгаагүй. Монгол удирдлагатай уул уурхайн компаниудын олонхи нь төслийнхөө үнэлгээг гаргахдаа эдийн засгийн үр ашгаар нь биш, боломжит нөөцөөр нь гаргачихсан байдаг. Тэр үнэлгээ нь үйлдвэрлэлийн хүнд, хөнгөн байдлаасаа шалтгаалаад төслийнх нь жинхэнэ үр ашгийг өөрчилдөг. Үүнээсээ болоод хөрөнгө оруулагч татах асуудлаа хүндрүүлдэг. Эсвэл өөрсдийнхөө байгаа юмыг үнэгүйдүүлдэг. Үнэлгээний маш олон загвар байдаг. Бид энэ тухай ч гэсэн зөвлөгөө өгнө.

-”Нортон Роүз” групп энэ чиглэлээрээ хэр туршлагатай вэ?

-”Нортон Роүз” групп бол олон жилийн түүхтэй, хууль, санхүүгийн байгууллага. Дэлхийн 30 гаруй улсад салбар байгуулага нь үйл ажиллагаагаа явуулж байна. Олон орны уул уурхайн компаниудыг хувьцаа гаргахад нь зөвлөгөө өгч хамтарч ажилласан. Монголын компанитай хамтарч ажилласан туршлага ч бий. Тухайлбал “Петровис”-ийн охин компани “Петро Матад” компанийг Лондоны хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргахад нь хамтарч ажилласан. Яг одоо Монголын хоёр төсөл дээр ажиллаж байгаа. Удахгүй энэ хоёр компани аль нэг Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргана. Компани хоорондын гэрээний нууцлалын дагуу одоохондоо нэрийг нь хэлэх боломжгүй.

-”Нортон Роүз” групп нь зөвхөн Хонконг, Австралийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах компаниудад зөвлөдөг юм уу?

-Олон улсын аль ч бирж дээр хувьцаагаа гаргахыг хүсч байгаа компанитай хамтарч ажилладаг. Монголын компаниуд хувьцаагаа гаргахад хамгийн тохиромжтой, арай хялбар гэдгээр нь энэ удаагийн зөвлөлгөөнөөр Хонконг, Австралийн хөрөнгийн биржийг сонгож байгаа юм.

-Компаниуд зөвлөлгөөнд оролцох саналаа ирүүлж байна уу?

-Нэлээд хэдэн компани оролцъё гэсэн саналаа ирүүлсэн.

-Саналаа ирүүлсэн компаниуд танайхтай хамтарч ажиллалаа гэхэд ямар хугацааны дараа Австралийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах боломжтой вэ?

-Ямар төсөл вэ гэдгээсээ шалтгаална. Хувьцаа гаргахын өмнө хөрөнгөтэй юу, үгүй юу гэдгээс шалтгаалаад 8-12 сарын дотор хувьцаагаа гаргах боломжтой. Манай компани хувьцаа гаргахын өмнөх санхүүжилтийг босгоход, дээрх хоёр бирж дээр хувьцаагаа гаргахад “Нортон Роүз” групптэй хамтран ажиллах удаан хугацааны хамтын ажиллагааны боломж ч бий.

-Зөвлөлгөөнд оролцох компаниуд ямар нэгэн төлбөр төлөх үү. Зөвлөлгөөнийг зохион байгуулах нь танай компанид ямар ашигтай юм бэ?

-Цаашдаа хамтарч ажиллах түншээ энэ зөвлөлгөөнөөс хайж байгаа болохоор ямар нэгэн төлбөр авахгүй. Тиймээс зөвлөгөө авах, төслийнхөө үнэлгээг хийлгэх, хувьцаа гаргах хүсэлтэй компаниудыг энэ удаагийн зөвлөлгөөнд идэвхтэй оролцохыг урьж байна.

С.Шийлэгтөмөр
Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж