Шаардлага хангахгүй вакцинаас сэрэмжил

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Шаардлага хангахгүй вакцинаас сэрэмжил

Биокомбинат ТӨҮГазрын  2010 оны 11 сарын 22-нд  үйлдвэрлэсэн № 1022 тоот цувралын  цусан халдвар өвчнөөс сэргийлэх идэвхигүйжүүлсэн вакцин нь Мал Эмнэлгийн Эмийн Сорилт Баталгаажуулалтын Улсын Лабораторийн шалгалтаар  чанарын шаардлага хангахгүй гарсан болно. Гэтэл Биокомбинат ТӨҮГ-ын ерөнхий технологч Ц.Өлзийтогтох нь албан тушаалаа урвуулан ашиглаж дур мэдэн Монгол Улсын “Эм, эмнэлгийн хэрэгслэлийн тухай“ хуулийн 10-р зүйлийн 10.2.5 дах заалт, мөн хуулийн 16-р зүйлийн 16.1 дэх заалтыг ноцтой зөрчиж хөдөө орон нутагт малд тариулахаар ачуулсан байна.

Улсын лабораторийн шалгалтаар MNS 4984-2005 стандартын шаардлага хангахгүй, мал эмнэлгийн хэрэглээнд тэнцэхгүй нь тогтоогдсон 2010 оны 11 сарын 22-нд үйлдвэрлэсэн  №1022 тоот цувралын 1200 литр 100 гаруй сая төгрөгийн цусан халдварын  эсрэг вакциныг хэрхэвч хэрэглэж болохгүйг аймгуудын мал эмнэлгийн газар, малын эмч нарт  онцгой анхааруулан албан ёсоор мэдэгдэж байна. Манай лаборатори зохих журмын дагуу шаардлага хангахгүй вакциныг буцаан таталтыг хийлгэж  устгалд оруулна. Чанарын шаардлага хангахгүй вакцин хэрэглэснээс гарах сөрөг үр дагаврын хариуцлагыг Мал Эмнэлгийн Эмийн Сорилт Баталгаажуулалтын Улсын Лаборатори хүлээхгүй болно.

Биокомбинат ТӨҮГ-ын удирдлагууд  2010 оны хавар Цусан халдварын  №947 тоот цувралын 1200 литр 100 гаруй сая төгрөгийн өртөг бүхий вакциныг мөн MNS 4984-2005 стандартын шаардлага идэвхит чанараар хангахгүй гэж лабораторийн дүгнэлт гарсан байхад дээрх хуулийн заалтыг үл хүндэтгэн хөдөө орон нутагт ачуулж мал эмнэлэгт хэрэглүүлсэн ноцтой зөрчил гаргасан юм. Мөн энэ мэтчлэнгийн хууль бус үйлдлийг  урд жилүүдэд  удаа дараа гаргаж чанарын шаардлага хангахгүй гарсан вакциныг хөдөө орон нутагт ачуулж хууль зөрчиж улсыг хуурч , хохироодог байсан баримт олон бий. Энэ хууль бус үйлдлээ зосоохыг манай байгууллага удаа дараа анхааруулж байсан. Цаашид дахин ийм хууль бус үйлдэл гаргахгүй холбогдох хуулийг чанд мөрдөн ажиллахыг анхааруулж байна.                        

Мал Эмнэлгийн  Эмийн Сорилт
Баталгаажуулалтын Улсын Лаборатори

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж