Аваргууд анхны ялагдлаа амсав

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Аваргууд анхны ялагдлаа амсав

Монголын сагсан бөмбөгийн холбооны “Ниссан” премьер лигийн нэгдүгээр
тойргийн ээлжит тоглолтууд боллоо. Лигийн отгон баг болох “Сүлд” спорт
хорооны “Офицерууд” энэ удаа гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын
удирдуулсан “Ирвэс”-ийн эсрэг тоглож 90:75-аар буулган авчээ. Энэ нь
тэдний хоёр дахь хожил бөгөөд багийн гол довтлогч Б.Мөнхбаяр 22 оноо
авсан байна. Харин хоёр дахь тоглолт америк лигионеруудыг эгнээндээ
нэгтгэсэн “Ав-Атар” болон “TLG-13” багийн хоорондын тулаанд шинэ цэргүүд
ялалт байгуулав. Эхний гурван үед эн тэнцүү өрсөлдсөн ч “Ав-Атар”-ууд
төгсгөлийг гайхалтай хийж 82:54-өөр илт давуу хожсон юм.

Нээлтийн
тоглолтод бэртэл авсан “Ав-Атар”-ын довтлогч С.Пүрэвцэрэн талбайдаа
эргэн ирсэн ч төгсгөлд дахин хөнгөн бэртэл авснаар сэлгээний суудалд
тухлав. Энэ тоглолтод “Ав-Атар”-ын тоглогчид жигд тоглолт үзүүлсний
ачаар ээлжит хожлоо авсан гэхэд болно. Харин “TLG-13” америк лигеонер
Девоны тоглолт төдий л харагдахгүй байв. Тэрээр багийнхантайгаа болон
орчин тойрондоо дасаж амжаагүй байгаа нь харагдсан. Өнгөрсөн жилийн
аварга “Хасны хүлгүүд” өөрсдийн гол өрсөлдөгч “Харцага”-тай тоглож
77:68-аар хожигдлоо. Энэ нь тэдний анхны хожигдол байв. Нэг хэсэг нам
гүм байсан “Баганат Өргөө”-гийн довтлогч Ц.Мэргэн энэ жилээс эхлэн
“Харцага”-уудын бүрэлдэхүүнд тоглож байгаа бөгөөд багийнхаа хожилд чухал
үүрэг гүйцэтгэсэн тэрээр 18 оноо авчээ. “Хүлгүүд”-ээс М.Отгонмөнх 25,
О.Ууганбаяр 14, Б.Мөнхболд 11 оноо авсан ч энэ нь багийн хожилд
хангалттай байсангүй.


Б.Мөнхзул.


Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж