Монголын телевизэд хувьсгал болно

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Монголын телевизэд хувьсгал болно

Бидний мэдэх телевиз 

Монголчууд анх зурагт үзэх болж, техникийн дэвшилтэй таницсан үеийг 1967 он хэмээн тэмдэглэсэн байдаг. Тэр үед бид төрөөгүй байсан болохоор зурагт хэрхэн гарч, ямар нэвтрүүлэг үзэж байсныг нь хэлж мэдэхгүй ч энэ бол нүүдэлчний иргэншилтэй, малчин монголчуудын амьдралд европын цоо шинэ соёл нэвтэрч байсан түүхэн үе. Тиймээс өвөө, эмээ маань зурагтыг “шидэт хайрцаг” хэмээн нэрлэдэг байсан гэдэг.

Харин 1990-ээд он буюу биднийг хүүхэд байхад ихэнх айлын хойморт “Темп”, “Рекорд” хэмээх оросын хар цагаан зурагт залраатай байлаа. Дэлгэцийнх нь хажуугийн чихийг мушгиж сувгаа тааруулна. Үндэсний телевиз 18.00-22.00 цагт л гарна. Гадаад суваг гэвэл Оросын “ОРТ1”-ээс өөр суваг байхгүй. Тэр үед өөр олон суваг үзэж болдог хэмээн төсөөлөх нь битгий хэл гардаг хоёрыгоо ч аятайхан үзэхэд бэрх байв. Нэг нь байрны дээвэр дээр гарч антенаа хөдөлгөөд “Болж байна уу” гэхэд тагтан дээр байгаа нөгөөх нь гэр рүү дамжуулж, зурагтын өмнө зогсож байгаа би “Жирэлзээд байна аа” хэмээн мэдээлнэ. Антен нь бүр болохгүй байвал телевиз дээрээ хүчтэй нэг цохиод, аз таарвал аятайхан гарна. Сувгаа тохируулах гэж эргүүлсээр байгаад чих нь хугарчихна. Хагарч унасан чихнийх нь араас гарч ирсэн төмрийг бахиар мушгиж, амралтын өдөр 16.10 цагаас гардаг хүүхдийн киногоо үзэх гэж үйлээ үздэг байснаа санадаг юм.

Энэ үед телевиз аналог системээр нэвтэрдэг байсан. Өнөөдөр ч хэвээрээ байгаа л даа. Азаар зах зээлийн нийгэмд шилжсэнээр бид зурагтаа нэг их удаан “зодолгүй” удирдлагатай, өнгөт телевизор үздэг болсон. Төд удалгүй техник технологийн хөгжлийн зах зухаас мэдэрч, кабелийн телевиз үздэг болов. Дэлхийн олон орны дуу хөгжим, кино, спорт, танин мэдэхүйн шилдэг сувгуудыг үзэх боломжийг кабелийн телевизээс олсон юм. Энэ нь өглөө сонин уншиж, өдөр радио сонсож, орой зурагт үздэг байсан монголчуудын амьдралын хэв маягийг эвдсэн. Харин өнөөдөр бараг айл болгон орчин үеийн LCD, LED, Mirror телевизтэй болж, Монголд цацагдаж буй дотоодын сувгийн тоо 20 шүргэж, бид зурагтаа харьцангуй сонголттой үздэг болсон.    

Ийнхүү телевизийн хөгжил, хувьсал нүдэн дээр минь өрнөж, он цагийн түүхийг өртөөлөн ирсэн билээ. Өнөөдөр телевиз бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болж чаджээ. Гэвч  мэдээллийн технологийн дэвшил бидний хэрэглээнд асар хурдацтайгаар нэвтрэн орж буй ХХI зуунд телевизийн  хөгжил цоо шинэ шийдлийг авчирч байна. Харин монголчууд анхны аналог системтэйгээ  байсаар байна. Энэ технологи нь техникийнхээ хөгжлөө хэдийнэ гүйцэхээ больж, нэвтрүүлгээ цацахад гологдох боллоо. Тиймээс бид өндөр нягтралын “Full HD” гаралт бүхий нарийвчлал сайтай зурагт худалдан авч тавьсан ч түүнийхээ ид шидийг үзэж чадахгүй байна. Мөн л дээр үеийнх шигээ дотоодын хэдэн сувгаа жирэлзүүлэн үзсээр.

2015 он гэхэд дэлхий нийтээрээ тоон системд шилжинэ
Дэлхийн телевизийн хөгжлийн заагт амьдарч буй бид шинэ үеийн телевизор гэртээ худалдан авч тавьсан ч түүнийхээ ид шидийг үзэхгүй суугаа нь харамсалтай. Сүүлийн үед манайд HD буюу өндөр нягтралын дүрсийн форматаар нэвтрүүлгээ бэлтгэдэг телевиз эхнээсээ гарч ирээд байгаа ч үзэгчид түүнийг нь өндөр түвшинд хүлээн авч чадахгүй байгаа юм. Тиймээс телевизүүдийг тоон технологийн хэрэгсэлтэй болгох талаар сайхан мэдээ чих дэлсэх болсон. Арга ч үгүй юм. Нийгмийн сэтгэл зvй, олны санаа бодлыг төлөвшvvлэх болон иргэдийн хүмүүжил, боловсролд оруулдаг телевизийн хувь нэмэр маш өндөр. Тийм ч учраас нийгмийн хөгжилд чухал vvрэг гүйцэтгэдэг телевизийн хөгжил улс орон, төр засгийнхны анхаарал, ивээлд байдаг салбаруудын нэг байсаар ирсэн. 

Тоон системийг энгийнээр ойлговол бид гэртээ дуу, дvрсний өндөр нягтралтай(HD), чанартай дүрс бүхий телевизийг олон сонголттойгоор хvлээн авч vзнэ гэсэн үг.

Одоогийн байдлаар дэлхийн 14 улс телевизээ тоон системд хэдийнэ шилжүүлжээ. Харин 42 орон уг системийг нэвтрүүлэхээр бэлтгэж байгаагийн нэг нь манай улс. Ийнхүү бүх орон аналог системээс тоон системд шилжих эцсийн хугацааг 2015 он байхыг Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас хүртэл уриалжээ. Энэ дагуу манай Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт "Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлж, телевизийн олон сувгийг орон даяар хүлээн авах боломжийг бүрдүүлнэ" гэж заасан байгаа юм. Энэхүү Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд бэлтгэл ажлыг 2014 оны долдугаар сарын 31-ний 00.00 цаг хүртэл хангахыг Засгийн газраас мөн шийдвэрлэсэн аж. Үүний дагуу манай улс телевизийн аналоги системээс тоон системд шилжих бэлтгэл ажлыг хэдийнэ хийж эхэлсэн байна. 

IPTV буюу шинэ үеийн телевиз

Монголын телевизүүдийн дамжуулах техник өнөөх л хуучныхаараа тул телевизорт гологдоно. Дүрс нь жирэлзэж, дуу нь шуугина. 

Тэгвэл өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд мэдээлэл харилцааны томоохон, хvчирхэг сvлжээ болох шилэн кабелийн интернэт протокольд суурилсан Gigabit Passive Optical Network(GPON) сүлжээг телевизийн салбарт өргөнөөр ашиглаж байна. Энгийн шилэн кабелийн сүлжээ нь мэдээллийг мегабитээр дамжуулдаг байсан бол GPON нь гигабитээр хэмжигдэх мэдээллийг дамжуулдаг гэхээр хэр зэрэг хүчирхэг сүлжээ гэдэг нь ойлгогдоно. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдэд илүү их багтаамжтай мэдээллийг өндөр хурдаар, чанарын өндөр түвшинд  хүргэхээс гадна дан ганц телевизийн суваг дамжуулахаас гадна интернэт, суурин утасны үйлчилгээг нэгэн зэрэг дамжуулж хэрэглэгчдэд хүргэж байгаа  юм.

Энэхүү гайхалтай технологиор дамжин хүрч буй телевизийг IPTV(Internet Protocol Television) хэмээн нэрлэдэг аж. IPTV-г телевиз болон vзэгчийн харилцааны шинэ бөгөөд ухаалаг хэв маяг хэмээн нэрлэж болно. Энэ нь бидний мөрөөдөөд байдаг телевиз үзэх эрх чөлөө. Үзэж буй нэвтрүүлгээ зогсоох, хүссэн нэвтрүүлгээ үзэж амжихгүй үедээ тусгай санах ойд хадгалж, дараа нь хэдийд ч тавиад үзэх боломжийг энэ систем бүрдүүлдэг аж. Тийм ч учраас тоон технологийн өндөр нягтралын IPTV-г мэдээллийн зууны үзэгчид сонгох болжээ. Тоон системд шилжсэн гадаадын олон үзэгч IPTV-гийн ид шидийг эхнээс нь үзэж, телевиз үзэх эрх чөлөөг жинхэнэ утгаар нь эдэлж буй.

Өнгөрсөн зуунд хүн төрөлхтний бүтээсэн гайхамшгуудын нэг бол телевиз. Энэ гайхамшгийн ХХI зууны үзэгчдэд зориулсан хувилбар болох  IPTV тун удахгүй танай гэрийн хойморт залрахад бэлэн болоод байгааг мэдэгдэхэд таатай байна.
Дэлхийн технологийн гайхамшиг болсон уг үйлчилгээг Монголын анхны “Гурвалсан үйлчилгээ” буюу IPTV, Интернэт, Суурин утасны “Юнивишн” компани тун удахгүй хүргэнэ гэнэ.

Өөрөө телевизийн антен болох шахан зогсож, нүдээ бүрэлзүүлэн байж телевиз үздэг байсан цаг түүх болон үлдэж, Монголын телевизийн хөгжилд томоохон хувьсгал болох нь ээ. Дэлхий нийтээр нэгдэж буй тоон систем монголын үзэгчдэд таахын аргагүй олон гайхамшгийг мэдрүүлэх нь биз ээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж