НҮБ 2011 оныг “Усны жил” болгон зарлав

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

НҮБ 2011 оныг “Усны жил” болгон зарлав

Тавантолгойн нүүрсийг олборлоод баяжуулах, угаах, коксжуулах гээд бүхий л үйлдвэрийн процесст ус зонхилох үүрэг гүйцэтгэнэ

2011 оныг НҮБ-аас дэлхийн “Усны жил” болгон зарласантай холбогдуулаад Усны газрын дарга Ц.Бадрахаас уг ажлыг угтаж ямар ажил хийхээр бэлтгэж байгаа талаар тодруулсан юм.

-Энэ жилийг НҮБ усны жил болгон зарласан байна. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?

-Өнгөрсөн 2010 оныг “Ойн жил” болгон зарласан.  Энэ жилийг “Байгаль орчин”, “Усны жил” болгон зарлаж байна. Монгол Улс эдийн засгийн шинэ хөгжилд хүрэх тухай ярьж байгаа энэ үед аливаа баялгийг олборлон бий болгож эргэлтэд оруулах нь устай шууд холбоотой. Оюутолгой, Тавантолгойн асуудал яригдаж байгаа өнөө үед бол бүр ч хамаатай. Ялангуяа Өмнөговь аймгийн хэмжээнд усны нөөц хэр зэрэг байна. Мөн ирээдүйд хэрхэн нэмэгдүүлэх асуудлыг судалж арга замуудыг хайх ёстой. Гэвч бид өнөө үед усны эх үүсвэр олно гэхээсээ илүүтэй байгаа нөөцөө хэрхэн зөв зохистой ашиглах тухайд анхаарал хандуулах зайлшгүй хэрэгтэй байна. Усны жилийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд шинээр төлөвлөж хийх ажил маш их байгаа.  Тэгэхээр энэ талд мэдээж их олон талтай асуудал яригдана гэж бодож байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийн усны хэрэглээнд анхаарал хандуулж  цэнгэг болоод бусад усан хангамжийг ялгахаас авахуулаад заримыг нь хамгаалалтад авах хүртэл арга хэмжээ авна гэж бодож байна. Магадгүй одоо байгаа цэвэр усны нөөцөө үйлдвэрлэл явуулахад зориулж  хямдхан өгөх боломж хараахан алга байна. Тэгэхээр үйлдвэрлэлд ус ашиглаж байгаа аж ахуй нэгжүүд хэрэглэсэн усаа цэвэршүүлж дахин ашиглах, ингэхийн тулд хэрхэн цэвэршүүлэх гэдэг асуудал хөндөгдөх болж байгаа юм. Гэхдээ энэ ажлын хүрээнд нарийвчлан төлөвлөгөө гарсан, хийгдэх ажлууд одоо ярихад олон  зуун асуудал болохоор тийм хэмжээний ажил байна.

-Тавантолгойн орд газрыг ашиглахаар боллоо. Мөн тусгай хамгаалалттай газар нутагт алт олборлох үйл ажиллагаа явуулах 250 аж ахуй нэгжийн лицензийн асуудал хөндөгдөж байна. Эдгээрт ямар хэмжээний ус хэрэгтэй болох бол. Усыг хамгаалах эрх зүйн орчин манай улсад хангалттай бий юу?

-Тавантолгойн үйлдвэрийн усан хангамжийн талаар маш их судалгаа хийж байна. Дээр нь Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор гээд томоохон бүтээн байгуулалтын ажил эхлэхээр болсноос гадна шинээр төмөр зам тавих асуудал байна. Тавантолгойн нүүрсийг олборлоод баяжуулах, угаах, коксжуулах гээд бүхий л үйлдвэрийн процесст ус зонхилох үүрэг гүйцэтгэнэ. Социализмын үеэс эхлээд ах дүү найрамдалт орны хамтарсан, тусалсан, төсвийн хөрөнгөөр олон жил хийгдсэн судалгаанууд маш их байна. Гэвч тухайн ордууд усны нөөцийн хувьд өнөөгийн үйлдвэрлэлийн хэмжээнд хүрэх нь хомс байгаа. Тавантолгойн тухайд гэхэд хамгийн багадаа 40 км зайнаас үйлдвэрлэлд хэрэглэх ус татаж авахаас өөр арга байхгүй. 40 км зайд Бор өврийн говь зэрэг газраас усны орд газруудаас усаа татаж авахаас өөр арга байхгүй. Тэгэхээр шинээр усны орд газар олох судалгааг эрчимжүүлж хангалттай мөнгө хаяхаас өөр арга байхгүй. Усны эрэл хайгуулын ажил нь өөрөө чимхлүүр ажилд тооцогддог болохоор уул уурхайн бусад орд газарт хайгуул хийж байгаатай ялгаагүй ажил болдог. Мөн өмнө нь хийж байсан судалгааны үр дүнг шинээр бий болж байгаа нөхцөлүүдтэй тулгах хэрэгтэй. Бид ярихдаа Тавантолгойг багахан орд газар гэж төсөөлж байлаа. Харин одоо дэлхийн хэмжээнд нөөцөөрөө тэргүүлэх нүүрсний нөөц гараад ирж байгаа болохоор түүндээ таарсан усны нөөц хэрэгтэй болсон. Тэгэхээр одоогоор бидний тогтоосон нөөц нь тодорхой орд газрын усны нөөц хүрэлцэхгүй бол хамгийн ойрын бүс буюу 200-300 км газраас ус дамжуулах нөхцөлүүдийг бас судалж байна. Томоохон орд газрууд ашиглалтад орохоор хангайн бүс буюу хойд хэсгээс ус хуримтлуулах зайлшгүй шаардлага гарна. Гадаргын усаар дамжаад газрын доорхи буюу гүний усаа хэрэглэхээс өөр арга манай улсад байхгүй.  Нөгөөтэйгүүр технелогийн дэвшлийг ашиглаж усны хэмнэлттэй технелогийг нэвтрүүлж ашиглах хэрэгтэй. Гадны хөрөнгө оруулагч компаниудад анхнаасаа техник эдийн засгийн үндэслэлд нь  эргэлтэд байгаа усныхаа 70-аас 80 хувийг цэвэршүүлж дахин ашиглах эргэлттэй байхгүй бол танай технологийг бид хүлээж авахгүй гэдэг шаардлага тавих хэрэгтэй. Түүнээс биш хуучин цаг шиг зөвхөн 30 хувийг ашигладаг алдаад асгаж байгаа мэт тийм технологи байж болохгүй.

-Усны үнийн асуудалд ямар бодлого барьж байгаа бол?

-Усны үнэ хэтэрхий бага байна. Манай Улс усыг үнэлэхдээ нөөц ашигласан дээд доод үнийн хязгаартай байсан нь олон жил үргэлжилж байгаад 2009 онд дээд хязгаарт нь хүргэсэн. Тэгсэн ч үнэлгээ бага, өнөөгийн нөхцөл байдалтай нийцэхгүй байгаа болохоор үнийг уян хатан болгох хэрэгтэй. Хүн амд түгээж байгаа усны үнийг багасгах ямар арга зам байж болох талаар мөн судлах нь зүйтэй гэж үзэж байгаа. Аймгийн төвүүдэд худагт ус хүргэж өгөх усны машин байхгүй байхад бид дахиад усны үнэ нэмээд байвал иргэдийн хувьд байдал хүндэрнэ. Нөгөө талдаа авто машин угаалгын газар, арьс шир боловсруулах үйлдвэр зэрэг усыг үр ашиггүй хэрэглэж байгаа усны үнийг нэмэх  зарчмыг агуулж байна. Товчхон хэлэхэд хэн усыг хамгийн их бохирдуулж байна тэр бохирдуулж буй хэмжээгээрээ их мөнгө төлдөг байх хэрэгтэй. Энэ бол шударга зарчим.  Усны менежментийг гадаадын туршлагаас нэвтрүүлье гээд харьцуулахаар Монгол Улс дэлхийн бусад улсаас шууд хуулбарлаад авах стандарт байдаггүй их өвөрмөц экологитой газар. Туул голоор жишээ авч үзэхэд туул голын урсгал 16 хоногийн дотор гадагшаа гардаг.

-Нийслэл хотод олон барилга барьж байна. Үүнийг дагаад барилгын сууринаас гарч байгаа усыг тухайн газар үйл ажиллагаа явуулж буй компаниуд бохир ус гэж хэлээд сувагт хэдэн сараар асгах тохиолдол байдаг. Тэгэхээр энэ усыг цэвэр бохир гэдгийг яаж мэдэх вэ?

 -Байгалийн бүс бүслүүрээс болоод олон янз байдаг. Бидний мэддэг жишээнд Улаанбаатарт өндөр барилга олон баригдаж байна. Энэ явцад суурийн ажлыг  технологийн дагуу хийхгүй байгаа болоод хөрсний ус их хэмжээгээр ундран гарч байгаа. Энэхүү барилгын сууринаас гарч байгаа ус нь цэвэр бохирын хувьд мөн л газар нутгийн бүс бүслүүрийн хувьд ялгаатай байдаг. Барилга байгууламжийн үйл ажиллагаанаас болоод химийн бодисоор бохирдсон байж байгаад тухайн орчинд тархах аюул байдаг. Харин барилгын компаниуд ажлаа зөв  хийж занших хэрэгтэй. Өнөөдөр манайх тэгж чадахгүй байгаагаас олон сараар хөрсний усыг шавхаж байгаа нь усны нөөцөд хамааралтай. Гүнээс гарсан хөрсний ус шавхах гэж байгаа бол энэ болгонд тухайн байгууллага мэргэжлийн байгууллагаас дүгнэлт авах ёстой. Тэгэхээр барилга барьж байгаа байгууллагууд өөрсдөө хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл муу байна. Харин зарим нь зүгээр цэвэрлэх сувагт хоолой татаж ус шавхах тохиолдол  гарч байгаа. Тэгэхээр хуулийг хэрхэн яаж хэрэгжүүлэх гэдэг асуудал байна.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж