Улаанбаатар 2014 онд утаанаасаа сална

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Улаанбаатар 2014 онд утаанаасаа сална

УИХ-ын Байгаль орчин, хүнс,  хөдөө аж, ахуйн байнгын хорооны гишүүд өчигдөр намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнав. Тус байнгын хороо нь намрын чуулганы хугацаанд нийт 15 удаа хуралдаж, давхардсан тоогоор 42 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Эдгээрээс Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль ач холбогдлоороо хамгийн томд орж байгаа юм. Хуульд Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийг газраа барьцаалан урт хугацаат,  бага хүүтэй зээл авах боломж  олгож,  орон сууц барих болоцоо нөхцөлийг бүрдүүлэх.  Нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутагт руу чиглэсэн хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх. Бүсийн нэмэгдэл олгох замаар нийслэлийн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг хотоос хөдөө рүү шилжүүлэх таатай нөхцөл бүрдүүлэх. Нийслэлийн алслагдсан дүүргүүдийг хөгжүүлэх замаар Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах. Түүнчлэн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага,  нийслэлийн Засаг даргатай  хамтран тогтооно. Ингэснээр тухайн бүсэд түүхий нүүрс болон агаар бохирдуулах бусад хаягдал зүйлс шатаах, зориулалтын бус газар хог хаягдал хаях, агаар бохирдуулах бодис ялгаруулдаг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, стандартын шаардлага хангаагүй цахилгаан халаах хэрэгсэл ашиглах, цахилгаан эрчим хүчийг ахуйн зориулалтаас бусад хэлбэрээр ашиглахыг хуулиар тус тус хоригложээ. Мөн Ерөнхийлөгч нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг  зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий үндэсний хороог байгуулна.  Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Ерөнхийлөгчийн зарлигаар батлах юм. Харин Засгийн газар ирэх гуравдугаар сарын 15-ны дотор багтаан нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах төсвийн төсөл,  арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах үүрэг хүлээгээд байна.
Хуульд мөн эдийн засгийн томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр заажээ. Тухайлбал, гэр, амины орон сууцаа стандартын шаардлага хангасан дулаалгаар дулаалж,  хийн түлшээр дулаанаа хангаж байгаа нөхцөлд шөнийн цахилгааны үнийг 50 хувь хөнгөлнө. Ингэхдээ оройн 18.00 цагаас өглөөний 09.00 хүртэлх цагийн цахилгааны үнийг хөнгөлөхөөр заагаад байгаа юм. Хэрвээ агаарын бохирдлыг бууруулах шинэ техник, технологи нэвтрүүлбэл тухайн аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлнэ. Мөн гадаадаас энэ чиглэлээр оруулж ирэх техник, технологид гаалийн татварын хөнгөлөлт үзүүлэх гэхмэтчлэн заалтууд тусгалаа олжээ. Эдгээр арга хэмжээг авч ажилласнаар Улаанбаатар хот 2014 он гэхэд утаанаасаа салж чадна. Дээрх зорилгод хүрэхийн төлөө Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар хамтран ажиллах болно гэж мэдэгдлээ. Хэрэв албан тушаалтан энэ хуулийг хэрэгжүүлэх хүрээнд ажиллахгүй, мөн хууль, тогтоомж зөрчвөл  Төрийн албаны хуулийн дагуу хариуцлага ногдуулах юм байна. Тодруулбал, хуулиар үүрэг хүлээгээд биелүүлээгүй зөрчил хоёр удаа гаргавал албан тушаалаас халагдах хүртэл хариуцлага тооцох аж.
Тус байнгын хорооноос батлуулсан хоёр дахь чухал хуульд Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоол юм байна. Тогтоолоор Говьсүмбэр, Дорноговь аймгийн зарим хэсгийг хамран орших Чойрын Богд уул, Бүрдэнэ булаг, 18 Богд уул, Дундговь аймгийн Дэлгэрхангай уул, Сүхбаатар аймгийн Онгон таван булаг, тэдгээрийн орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Дундговь аймгийн зарим газар нутгийг дамнан орших Бага газрын чулуу, түүний орчмын нутгийг хамруулан байгалийн дурсгалт газрын ангиллаар тус тус хамруулан нийт 150 орчим мянган га газрыг улсын тусгай хамгаалалтад авсан байна. 
Ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэх асуудлын дараалалд УИХ-ын гишүүн Р.Буд, П.Алтангэрэл нарын 19 гишүүний санаачлан боловсруулсан Бэлчээрийн тухай хуулийн төсөл аж. Завсарлагааны хугацаанд гишүүд тойрогтоо ажиллах үеэр малчдаас энэхүү төсөл дээр санал авна. Мөн УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг нарын өргөн мэдүүлсэн Зарим байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн зарим тогтоолын төсөлтэй хэлэлцүүлгийг нь уялдуулах шаардлагын үүднээс хаврын чуулганаар хэлэлцэгдэхээр болжээ.
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж