Уул уурхайнхан шалгалтад бүдрэв

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Уул уурхайнхан шалгалтад бүдрэв

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газар, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран өнгөрсөн сард шалгалт явуулжээ. Энэхүү шалгалтаар  Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтэнд өгсөн үнэлгээгээр нийт аж ахуйн нэгжийн 15,8 хувь нь А /сайн/, 36,8 хувь нь В /хангалттай/, 47,4 хувь нь С /хангалтгүй/, гэсэн дүгнэлт авсан байна. Түүнчлэн Байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилтэнд өгсөн үнэлгээгээр нийт аж ахуйн нэгжийн 10.5 хувь нь А /сайн/, 21.1 хувь нь В /хангалттай/, 68,4 хувь нь С /хангалтгүй/ гэж үнэлэгдсэн аж. Орон нутгийн БОАЖГ, Байгаль хамгаалагчид байгаль орчны хяналтын үүрэг хэрэгжүүлж, гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх, хяналтын төрөл бүрийн арга хэрэгсэл ашиглан үйл ажиллагаагаа эрчимжүүлсээр байгаа аж. Нийслэл хотод гэхэд 2010 онд 6200 удаагийн үзлэг шалгалт хийж, 628 зөрчил илрүүлэн, торгууль, нөхөн төлбөр, гоожингийн борлуулалтын орлогоор нийт 90.1 сая төгрөг төсөвт төвлөрүүлж, төсвийн орлогын төлөвлөгөөг 138.0 хувиар давуулан биелүүлжээ. Энэ хугацаанд орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдтэй хамтарсан шалгалт 235, бие даасан 922, нийт 1157 шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, удирдах дээд байгууллага болон бусад байгууллагын шийдвэр, хүсэлт, иргэдийн өргөдөл гомдол, шүүхэд шинжээчээр, гүйцэтгэлийн зэрэг шалгалтын төрлөөр зохион байгуулан 6265 иргэн, 311 аж ахуйн нэгж байгууллага хамруулан ажилласан байна. Байгаль орчны хууль, тогтоомжуудыг иргэд байгууллагуудад сурталчлах, байгаль орчны болон тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын талаар хүүхэд, залуучуудад, мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулж, давхардсан тоогоор 51376 хүн уг сургалтад хамрагдсан ажээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж