Олноо өргөгдсөний 100 дахь он

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Олноо өргөгдсөний 100 дахь он

2011 он гарсаар манай гарагийг хувьсгалын салхи бүрхээд байна. Хойд африкийн тэр бүр нэр нь сонсогдоод байдаггүй Тунисээс эхэлсэн хувьсгал тун богино хугацаанд  Арабын хойгийг тэр чигт нь нөмөрлөө.  Сүүлд Серби болон Пакистанд болсон ээлжит бус сонгууль шаардсан жагсаалууд ч мөн л Тунисэээс эхэлсэн хувьсгалт салхины үргэлжилэл юм.  Бидний хажууханд байгаа Казахстанд хувьсгалт салхи нөлөөгөө үзүүлэн мөнхийн эмир Н.Назарбаев “сайн дураараа”  ээлжит бус сонгууль зарлаж байгаа бол хуучин зөвлөлтийн бүсийн Азербаджан, Туркменд ч тун удахгүй хувьсгалт тэмцэл эхлэхэд бэлэн болжээ. Хорин нэгдүгээр зууны дэлхийд хувьсгалыг хүртэл шинэ тодорхойлох хэрэгтэй болжээ. Урьд нь бид нийгмийн байгууллыг бүхэлд нь солихыг л хувьсгал, тэрхүү тэмцлийг удирдагчдыг л хувьсгалчид гэж ойлгодог байсан бол өнөөдөр олигархи болон авилгалд идэгдсэн дарангуй бүлэглэлийг төрөөс зайлуулахыг дэлхий нийт хувьсгал гэж тодорхойлж, мөн зарим оронд сөрөг хүчний удирдагчид ч өөрсдийгөө хувьсгалч хэмээн тодорхойлох нь улам түгээмэл болж байна.  Ардчилсан сонгуулиар сонгогдсон гэдэг нь нэг хэсэг ардчиллын баталгаа болж байсан бол сонгууль луйвардах арга технологи улам нарийссаар дарангуй засаглал бүхий орнуудад сонгууль гэдэг нь эрх чөлөөний дайснууд өөрсдийн тогтолцоог бэхжүүлдэг хэрэгсэл болж хувирлаа.  Туннисийн хөөгддөг Ерөнхийлөгч дөнгөж жил хагасын өмнө л 80-аас дээш хувийн саналаар ардчилсан сонгуульд ялж байсан бол оны өмнөхөн Белорусийн дарангуйлагч мөн л ардчилсан сонгуулиар 80-аас дээш хувийн санал аван ялалт байгуулсан юм.  Эрх чөлөөний эдгээр дайснуудыг ялах нэг л жор байгаа нь гудамжны хувьсгалт тэмцэл гэдгийг олон оронд хүлээн зөвшөөрч байна.  Энэ ч аргаар ялж байна.  Уг нь сонгууль гэж зүйл байдаг ч сонгууль нь  болохоосоо өмнө ялагч нь тодорхой байдаг эсвэл эрх баричидтай тохироо хийсэн нь ялдаг явдал дэндүү түгээмэл байгаа нь Путин, Назарбаев, Чавес нарыг лав сонгуулиар сольж болно гэдэгт итгэх хүн манай гараг дээр цөөхөн үлджээ.

Ядуурал 70 хувиас дээшээ гарсан, баян ядуугийн ялгаа дээд цэгтээ тулсан, шударга ёс гэдэг зүйл ор мөргүй болсон байгалийн баялаг бүхий Монгол мэт улсуудад ардчилсан тогтолцоотойгоо үлдэх сүүлийн боломж нь гадаад дэмжлэг болон иргэний нийгмийн идэвхитэй байдал болоод байна. А.Лукашенко өнөөдөр Европын Холбоо болон АНУ-руу нэвтрэх боломжгүй болсон бөгөөд АНУ-ын компаниудыг Белорусьт хөрөнгө оруулалт хийхийг хориглоод байгаа бол А.Литвиненког Лондонд хордуулсны дараагаас эхлэн Оросын дэд сайдаас доош ангиллын төрийн албан хаагчид болон тусгай албаны бүхий л удирдлагуудад Британи виз өгөхөө бүрэн зогсоогоод байна. Өнгөрсөн оны сүүлээр Украины Ерөнхий Сайд асан Ю.Тимошенког Ерөнхий прокуророос баривчилах асуудал бараг тодорхой болоод байх үед Украин дахь Америкийн Элчин сайд дипломат ёсыг зөрчин байж мэдэгдэл хийн байдлыг намжааж байсан зэрэг нь ардчилсан үйл явцыг бэхжүүлэхэд гадны дэмжлэг ямар чухал болохын илрэл юм. С.Магнитский  гэх хуульчийг хилсээр хорьж амь насыг нь хохироосны төлөө ОХУ-ын шүүх цагдаа прокурорын нийлсэн 60 албан тушаалтан Европын Холбооны виз авах боломжгүй болоод байгаа бол тун удахгүй АНУ-ын конгресс сенатор Б.Кардины өргөн барисан хуулийг баталснаар эдгээр 60 албан тушаалтан АНУ-д хөл тавих боломжгүй болохоос гадна ямар нэгэн санхүүгийн гүйлгээ нь тус улсаар дамжих боломжгүй болох юм.  Бид ч мөн Монгол дахь эрх чөлөөний дайснуудын эсрэг энэ мэт санкцийг авахуулахын төлөө ажиллаж байгаа бөгөөд хэрэв бидний санснаар болвол энэ нь шинэ үеийн Монголын түүхэнд ардчиллыг дархлаажуулахад хийгдэж буй томоохон хөрөнгө оруулалт болох юм.

 Ардчилсан нийгмийн баталгаа болон дархлаа нь идэвхитэй хүчтэй иргэний нийгэм юм.  Ямар ч дарангуй болон авилгалд идэгдсэн засаглалын  ажлын эхлэл иргэний нийгэм рүү дайрах, удирдагчидыг нь худалдаж авахаас эхэлдэг. Магадгүй үг хэлэх эрх чөлөө манай улсад 90-ээд оны жагсаал эхэлсэн тэр шөнөөс ирсэн бол идэвхитэй хүчтэй иргэний нийгэм өнөөдрийг хүртэл бий болж чадаагүй л байна. Магадгүй энэ нь манай ардчиллын хамгийн сул бөгөөд эмзэг цэг нь ч байж болох юм.  Иргэний нийгэм  сульдаатай байх нь нийгэмд тулгарсан асуудал бүрийг том дарга “бие даан” шийдэх боломжийг олгодог бөгөөд энэхүү эрх мэдлийн төвлөрөл нь эрх чөлөөний дайснуудад тогтолцоогоо бэхжүүлэх хамгийн сайн хөрс болдог,  Монголд ч яг л энэ зураг харагдаж байна.

Хамтарсан хэмээх нэрийн дор байгуулагдсан хууль бус Засгийн Газар нь нийгэмд хариуцлага хэмээх зүйлийг ор мөргүй болгож МАНАН хэмээх хамтарсан засаглалын л гишүүн бол хууль үйлчилдэггүй нийгмийн тогтолцоог бий болголоо. Энэ тогтолцоо нь ямар нэгэн зарчим үзэл санааг бүрэн үгүй хийж байгаа бөгөөд манай нийгэмд чадаж байгаа юманд арга байхгүй хэмээх энгийн нэг л журмыг л үйлчилэлтэй үлдээжээ. Ардчилсан засгийн толгойд угтаа хууль байх ёстой ч  өнөөдөр манай нийгэмд гэмт хэрэгтэн олигархиуд төрийн толгойг эзлээд байна. Гэмт хэргийн бүлэглэл болон МАНАН тогтолцооны гишүүн л биш бол баялгын хувиарлалт гэх мэт зүйлийн гадна үлдэж байгаа нь дараах хэдхэн тоо хангалттай хэлж өгч байна.  Улаанбаатарын гудамжаар явж буй нийт машины дөрвөн хувь нь л шинэ машин бол банкны нийт хадгаламжийн 96 хувь нь хадгаламж эзэмшигчидийхээ 4 хувьд ноогдож, мөн ДНБ-ний 80-85 хувийг 5 бизнес бүлэглэл эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл өдөр ирэх бүр улам бэхжиж буй энэ тогтолцоо нийгмийн 5 хүрэхгүй хувьд үйлчилж байна гэсэн үг юм.

 Өнгөрдөг 15 жилийн дотор манай урд хөрш  гурван зуун сая хүнийг ядуу ангилалаас дундаж давхрагаруу оруулж чаджээ. Өөрөөр хэлбэл 15 жилийн дотор 15 ширхэг Монгол Улсыг өөд нь татжээ гэсэн үг. Тэгвэл Монголын хувьд өнгөрсөн 20 жилд нийгмийхээ 70 хувийг үгээгүй ядуу 5 хүрэхгүй хувийг дэлхийн хэмжээний баян болгосон гунигтай гэхэд дэндүү гунигтай дүн үзүүлжээ. Калифорнийн далайн эрэг, Лондоны тансаг гудамж, Нью-Йоркийн 5-р өргөн чөлөөнд авсан байрны тухай мэдээлэл нэгэнт сонин биш болж Карибын тэнгис болон Индонезид арал худалдаж авсан Монгол хүний нэр эхнээсээ сонсогдож байна. Хувийн онгоцоороо хувийнхаа арал дээр очиж төрсөн өдрөө хийдэг шинэ монголууд ч  бий болжээ. Тэгэхдээ эдгээр хязгааргүй тансаглалын ихэнхи нь улс төртэй холбогдсон эрхмүүд байдаг нь орлогын эх үүсвэр дээр ихээхэн эргэлзээ төрүүлдэг юм. Баялгын хувиарлалт гэдгийг үгээгүй ядуучууддаа сард 21 000 төгрөг өгөөд өөрсдөө хорин сая ам.долларын онгоц унах явдал гэж ойлгож байгаа нь туйлын эмгэнэлтэй бөгөөд эдгээр нөхцөл байдлууд нь манай нийгмийг хувьсгалт замтай хэзээ нэгэн цагт зайлшгүй огтлолцуулах нөхцөл байдлыг бий болгож байна. Египетийн дарангуйлагч 30 жилийн дотор ард түмнийхээ 70 хувийг өдрийн хоёр долларын орлогоор амьдардаг болгосон бол өөртөө 70 тэрбум долларын хөрөнгийг хураажээ. Өнөөдөр түүнийг зайлуулахын тулд 300 гаруй хүний амь эрсдээд байна. Заавал 30 жил тэжээж 300-гаа алуулахаа хүлээх шаардлага байдаг ч юм уу. Ард түмний бослого эхэлсэн эхний долоо хоногт л Мубарак эхнэр хүүхдүүдээ 300 чемодантай нь Лондон уруу нисгэсэн. Каирт иргэд чулуун мөндөр дунд дарангуй засагтай тэмцэж байхад дарангуйлагчийн эхнэр хамгаалагчдынхаа хамт Оксфордод дэлгүүр хэсэж байгаа фото ” The Sun” дээр гарчээ.

 Египетийн энэхүү жишээ нь ард түмнийг бүхэлд нь үүрд хуурна гэж үгүйг баталлаа. Харин ч хэдий чинээ хүлцэнгүй тэсвэртэй хүлээх нь хувьсгалын өртөгийг төдий чинээ өндөр болгодгыг та бидэнд үдэш бүхэн ТВ-үүд үзүүлж өгч байна.

Хувьсгал хийх нь өртөгтэй ч, хийхгүй байх нь илүү их өртөгтэй ийм л нөхцөл байдалтай бид нүүр тулжээ.
Нэг өглөө сэрэхэд хамгийн баян нь Ерөнхий Сайд болдог Монголд бид сэрж байна. Одоогоос 20  жилийн өмнө ардчилсан өөрчилөлт, эрх чөлөө, шударга ёсны төлөө монголын ард түмэн тэмцэхдээ эцэстээ ийм үр дүнд хүргэнэ гэдгийг мэдэж байсан бол хэдэн хүн жагсах байсан бол.

Нэг л өглөө сэрэхэд бид дэлхийн хамгийн ядуу  Монголын  иргэн гэдгээ мэдэж сэрж байна. Хорин жил байлдсан Косово хүртэл биднээс хол илүү юм билээ. Африкд биднээс ядуу нь Сомали л юм  уу даа.

Нэг л өглөө сэрэхэд бид шударга ёс, эрх чөлөө гэдэг “хоосон үг” болсон Монголд сэрж байна. Шударга ёс-Эрх чөлөө гэдэг өөрөө ирэхгүй тэр тусмаа хэн нэгэн авчирахгүй. Бид өөрсдөө тэмцэж олж авах ёстойг өнгөрсөн хорин жил бидэнд ойлгууллаа. 

Нэг л өглөө сэрэхэд хулгай гэдэг гэмт хэрэг биш болсон Монголд бид сэрж байна. Ерөнхий Сайд нь л гэхэд алт-зочид буудлын хулгайч, тэрийг нь нийгмээрээ мэддэг гэхдээ юу ч хийж чаддаггүй хариуцлагын тогтолцоо дампуурлын дээд түвшинд хүрсэнийг бид ойлголоо. 

Нэг л өглөө сэрэхэд төрд нь эх орончид үгүй болсон Монголд бид  сэрж байна. Харийн нутгаар гэр орноо хийсэн, эхнэр хүүхэд нь ч Монгол хэл мэддэггүй болтлоо зүс хувирсан, Монголыг худалдаж Монголоос ашиг олдог  сайд дарга нартай улсад амьдарч буйгаа ойлголоо.

Үнэн бөгөөд гашуун нөхцөл байдал энэ хэвээрээ үргэлжилвэл нэг л өглөө монголын ард түмэн шударга ёсны төлөө морио эмээллэх нь гарцаагүй юм. Нэгэнтээ Богдын лүндэнд “Олноо өргөгдсөний 100 дахь онд Монголын ард түмэн жинхэнэ эрх чөлөөгөө олно” гэсэн нь цаг хугацааны хувьд энэ он тохиож байна.  


                     2011 оны 2 дугаар сарын 11-ний өдөр
О.Магнай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж