Монголын соёлын өдрүүд боллоо

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Монголын соёлын өдрүүд боллоо

АНУ-ын Калифорни мужийн Беркли хотод Монголын соёлын өдрүүдийг энэ сарын 2-6-нд зохион байгууллаа. Уг арга хэмжээг Калифорнийн их сургууль, Стэнфордын их сургууль хамтран зохион байгуулсан байна. Ингээд энэхүү өдөрлөгийн зохион байгуулагчдын нэг Калифорнийн их сургуулийн багш, “Монгол Хөтөлбөр”-ийн судлаач-мэргэжилтэн, урлаг судлалын ухааны доктор Ц.Уранчимэгтэй утсаар холбогдлоо.

-Олон улс орнуудад, тухайлбал АНУ-д ч өмнө нь Соёлын өдрүүд болдог. Энэ удаагийн соёлын өдрүүдийн онцлог нь…?

– Монголын талаас салбар салбарын олон  уран бүтээлчдийг оролцуулан хоёр их сургууль хамтарсан арга хэмжээ анх удаа болж байгаа юм. Бас нэг онцлог нь зөвхөн соёл урлагийн талаар төдийгүй, урлагийн менежментийн талаар ярьсан. Яагаад гэхээр Монголын орчин цагийн урлагийг ойлгоё гэвэл манай бизнесийн хөгжлийг ойлгох хэрэгтэй. Бизнесийн хөгжил бол үр ашгаа эргээд нийгэмдээ хүртээж байгаа. Үүний нэг жишээ бол  “Хаан банк”. Тус банк нь “Алтан ураг” хамтлаг, зууны манлай поп дуучин Б.Сарантуяа нартай хамтран ажиллаж, дүрслэх урлагийн салбарт өөрийн галерейг нээн, театр ажиллуулж байгаа. Хаан банкийг энэхүү арга хэмжээндээ урьж оролцуулсан.  Мөн өдөрлөгийн үеэр Монголын хөгжмийн урлаг, дүрслэх урлаг, яруу найргийн бүтээлүүд, эрдэм шинжилгээний ажлыг танилцуулсан. Монголоос үндэсний язгуур урлаг, орчин цагийн чуулга, хамтлагууд болон хөгжмийн зохиолч, зураачид гээд 10 гаруй уран бүтээлч ирж оролцсон. Зөвхөн хөгжмийн төрлөөр л гэхэд ардын хөгжим, орчин цагийн, зохиолын гээд гурван төрлийн тоглолт болсон. Ардын хөгжмийг Ховд аймгийн хөөмийч Н.Сэнгэдорж, морин хуурч Г.Уртнасан, үндэсний хөгжмийг орчин цагийн урлаг руу оруулж байгаа “Бөртэ” хамтлагийг сонгон оролцуулсан. Мөн Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Мэнд-Ооёо нарын бүтээл, зураач Н.Нандин-Эрдэнэ, О.Энхтайван нарын үзэсгэлэнг танилцуулсан. Мөн эрдэм шинжилгээний хурал хоёр сургууль дээр хоёуланд нь амжилттай болж өндөрлөсөн. Эрдэм шинжилгээний хуралд буддын шашин судлал, Монголын урлаг, хөгжмийн урлаг гэсэн сэдвүүдээр ярилцлаа.

-Хоёр сургууль дээр болсон эрдэм шинжилгээний хуралд хэн хэн илтгэл тавьсан бэ?

-Энд ирсэн бүх уран бүтээлчид илтгэл тавьсан л даа. Эрдэм шинжилгээний хуралд  дүрслэх урлагийн салбар, буддын шашны талаар би илтгэл тавьсан. Дүрслэх урлагийн талаар зураач Г.Энхтайван гурван илтгэл, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найраг, зохиолч Г.Мэнд-Ооёо гуай хоёр илтгэл, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав гуай хоёр илтгэл, ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн, М.Чанцалмаа нар илтгэлээ тус тус  хоёр их сургууль дээр тавьсан. Илтгэлийг сонирхон оролцсон хүний тоо их байсан. Хоёр сургуулийн багш оюутнуудаас гадна, АНУ-д сурч, амьдарч байгаа Монголчууд өргөн хүрээтэй оролцсон. Тухайлбал, нээлтийн ажиллагаанд энд суугаа консул н.Баттулга гуай хүрэлцэн ирсэн. Хоёр их сургууль дээр Монголын өдөрлөг гээд тав хоногийн турш оройн 10 цаг хүртэл зохион байгууллаа. АНУ-д амьдардаг мэргэжлийн тогооч С.Оюунгэрэл Станфордын их сургуулиас хөрөнгө мөнгө, туслах тогооч гаргаж,  Монголын үндэсний хоол хуушуур, бууз, боов, боорцог, хийцтэй цай зэргээр дайлсан.

-Манай соёлын өдрүүдийг гадаадынхан хэрхэн хүлээж авч байна?

-Энэхүү соёлын арга хэмжээ маань өргөн хүрээтэй явагдсан болохоор олон хүмүүс ирж сонирхон оролцсон. Баруун эрэгт амьдарч байгаа “Бэй Ариа”-гийн Монголчуудын холбоо маш идэвхтэй оролцон шагайн харваа, үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан. Бас хөгжмийн зохиолч  Б.Шарав гуайн сонгодог хөгжмийн концерт, “Морин хуурд бичсэн концерт”, “Зуурдын орон” балетын хоёрдугаар сюит зэрэг зохиолуудыг Станфордын тэмцээний 2010 оны шагналтан төгөлдөр хуурч Жюлиан Ма, морин хуурын гоцлол Г.Уртнасан,  удирдаач профессор Жиндон Цай удирдсан тоглолтыг гадаадын үзэгчид үнэхээр бахархан хүлээж авч байсан. Концертын өмнө тайзан дээр хөгжмийн зохиолч Б.Шарав гуайтай ярилцлага хийж, Монголын хөгжмийн зохиолын талаар орчин цагийн сонгодог хөгжим яаж хөгжиж байгаа болон өөрөө хэрхэн хөгжмийн зохиол рүү татагдан орсон тухай ярилцсан. Мөн хөөмийч Цэнддорж гуай хөөмийн олон төрлийг  англи хэл дээр тайлбартай нь хүргэсэн. Харгиа хөөмийн талаар тайлбарлаж, өөрийнхөө бүтээлүүдээс толилуулсан нь үзэгчдийн сонирхлыг маш их татсан.

-Дүрслэх урлагийн салбараас уран бүтээлчид оролцсон шүү дээ?

-Манай дүрслэх урлагийг зураач н.Нандин-Эрдэнэ, О.Энхтайван нар орчин цагийн дүрслэх урлаг хэрхэн хөгжиж байгааг дэлгэн уран зураг, инстолляц урлагийн үзэсгэлэнгийн нээн харуулсан. Мөн энэ үеэр жил бүр Стэнфордын их сургуулиас зохион байгуулдаг Пан Азийн хөгжмийн наадам энэ сарын 2-13-нд болсон. 2004 оноос эхлэлтэй уг арга хэмжээнд манайхаас төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, хөөмийч Г.Сэнгэдорж, морин хуурч Г.Уртнасан, “Бөртэ” хамтлаг, АНУ-д ажиллаж амьдардаг “Хөх Монгол” бүжгийн хамтлаг оролцлоо. Монголын хөөмийчин Н.Сэнгэдорж, Бэй Аэриа дахь “Хөх Монгол” хамтлагийн бүжигчид  энэ сарын 12-нд Пан Азийн хөгжмийн наадмын хаалтын тоглолтод оролцсон.

-Монголынхоо соёл урлагийг ийнхүү сурталчлан таниулсан та бүхэнд баяр хүргэе, баярлалаа.

-Монголын соёлын өдрүүдийг зохион байгуулахад идэвхтэй оролцож гүн туслалцаа үзүүлсэн Монгол Улсын Элчин сайдын яам болон соёлын өдрүүдэд биечлэн оролцсон Монгол улсын ЕСЯ-ны ерөнхий консул Л.Баттулга, Ц.Хишигбаяр тэргүүнтэй “Бэй Ариа”-гийн Монголчуудын холбоо, Жавхлантөгс ахлагчтай Калифорнийн “Монгол шагайн товчоо”, мэргэжлийн тогооч С.Оюунгэрэл, Батнайрамдал захиралтай “Бид Монгол” компани, “Манд” студийн сурвалжлагч Мандах, Жанцанхорол ахлагчтай АНУ дахь Монгол оюутнуудын төрийн бус байгууллага болон Соёлын өдрүүдэд хүрэлцэн ирсэн, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн АНУ-д амьдарч, ажиллаж буй элэг зүрх нэгт монголчууддаа гүн талархал илэрхийлж, ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж