Эдийн засгийн байнгын хороо ажлаа тайлагнав

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн байнгын хороо ажлаа тайлагнав

Улсын Их Хурлын 2010 оны намрын ээлжит чуулганы хугацаанд  Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан ажлын дийлэнх нь Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарт шаардагдах санхүүжилтийг дагнан эрхлэх Хөгжлийн банкны тухай хуулийг хэлэлцэн батлуулах, Түлш, эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулахад чиглэсэн зарим шийдвэр гаргах, Ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр бий болгох, ашиглахыг хориглосон орон сууцны асуудлыг төрөөс зохицуулах, түүнчлэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа бүртгэл, тус зөвшөөрлийн тоог багасгах зэрэг чиглэлээр холбогдох хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрүүдэд өөрчлөлт, нэмэлт оруулж батлуулах, 2011 оны Улсын төсвийн тухай, Хүний хөгжил сангийн төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар санал дүгнэлт гаргах,  зарим хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, тодорхой сэдвээр Засгийн газар, холбогдох сайдын мэдээлэл сонсох зэрэгт үндсэндээ төвлөрсөн болно. Ээлжит чуулганы  хугацаанд Байнгын хорооны хуралдаан  нийтдээ 23 удаа, төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх болон хяналтын чиглэлийн  ажлын хэсэг 50 гаруй удаа тус тус хуралдаж, эдгээр хуралдаанд ойролцоогоор 150 гаруй цаг зарцуулсан байна.

НЭГ. ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР

2010 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо давхардсан тоогоор 50 гаруй асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 60 гаруй санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр  Байнгын хорооноос 10 гаруй ажлын хэсгийг байгуулан  ажилууллаа.

Ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хороогоор хэлэлцэгдсэн 53 хууль, бусад шийдвэрийн 90 гаруй хувийг буюу 42 хууль,  бусад шийдвэрийг эцэслэн батлуулж, 6 Олон Улсын гэрээг зөвшилцөж,  4-нх нь хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Энэ хугацаанд батлагдсан нийт 48 хууль, бусад шийдвэрийн 12 нь шинээр батлагдсан, 36 нь нэмэлт, өөрчлөлт оруулсан болон хүчингүй болгосон хууль, бусад шийдвэрүүд байна.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэл нь макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангаж дунд болон урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг нэг оронтой тооноос хэтрүүлэхгүй байх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, гадаад валютын урсгал, нөөцийг нэмэгдүүлэх, банкны санхүүгийн чадавхийг бэхжүүлж, салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэн урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх, хадгаламжийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх, барьцаа хөрөнгийн хөрвөх чадварыг сайжруулах, өнөөгийн банкны нийтлэг үйлчилгээнээс гадна хөгжлийн болон хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн.

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарыг хөгжлийн бодлогод нийцүүлэн хөгжүүлэх, нэмүү өртөг шингээсэн экспортыг дэмжих, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг шинээр баталж, уг хуульд Хөгжлийн банкийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэрийг Засгийн газар гаргаж, Улсын Их Хуралд танилцуулж байх, Төлөөлөн удирдах зөвлөлийн  гишүүдийн гурав нь хараат бус гишүүн байх, Хөгжлийн банкны санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг төр болон хувийн хэвшлийн байгууллага хамтран хэрэгжүүлж болох, тус банкны өөрийн хөрөнгийн эх үүсвэр нь Улсын төсөв, хуульд заасан бусад эх үүсвэр байх, Банкны гүйцэтгэх удирдлагын 50-иас доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх, Хөгжлийн банкинд гаргах Засгийн газрын баталгаа нь зөвхөн уг хөтөлбөр, төсөл дотор Засгийн газрын эзэмших, өмчлөх хувиар хязгаарлагдах, Засгийн газрын баталгааг  зөвхөн даатгагдсан төсөлд гаргах зэрэг зохицуулалтыг тусгалаа. Энэ хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлаар урьд нь батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан төсөл, арга хэмжээ, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Улсын Их Хурлын 2008 оны 47 дугаар тогтоолд тусгагдсан төсөл, арга хэмжээг 2011 оноос эхлэн санхүүжүүлэхийг Засгийн газарт зөвшөөрсөн Улсын Их Хурлын тогтоол, түүнчлэн Засгийн газраас гаргах зээлийн баталгааны дээд хэмжээг тогтоосон тогтоолыг тус тус батлан гаргалаа.

Түлш, эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах зорилгоор “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай”  Улсын Их Хурлын тогтоолыг баталж, зарим томоохон нүүрсний уурхай болон эрчим хүчний салбарын төрийн өмчийн компаниудын урт хугацаат зээлийг анх зээлсэн үеийн ханшаар тооцон, төгрөгт шилжүүлэн шинээр гэрээ байгуулах, ханшийн зөрүүнээс үүсэх алдагдлыг Засгийн газар бүрэн хариуцаж, тухайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт болгон тооцох, улсын төсвөөс төвийн бүсийн эрчим хүчний компаниудад олгож байгаа татаасын хэмжээгээр тухайн салбарын компаниудад болон нүүрсний уурхай хоорондын хуучин өрийн сүлжээг бүрэн хаах,  эрчим хүчний компаниудыг зах зээлийн зарчимд шилжүүлж эхлэх хугацааг 2014 оноос болгох зэрэг асуудлыг шийдвэрлэв.

Ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр бий болгох талаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж,  өсөн нэмэгдүүлэх нэмэлт төлбөрт хамрагдах ашигт малтмалын нэр төрлийг тогтоох, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшингээс хамааруулан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүн гэсэн ангиллаар ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийн хувь хэмжээг ялгавартайгаар тооцож байхаар шийдвэрлэлээ.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тоог цөөлөх чиглэлээр 20 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь  иргэд олон нийтийн зүгээс төрд итгэх итгэлийг нэмэгдүүлж, төрийн үйл ажиллагаанд олон нийт, бизнес эрхлэгчдийн зүгээс эерэг хандлага, уур амьсгалыг бий болгох, аж ахуй эрхлэгч хувь хүн, хуулийн этгээд нь өөрсдийн бизнесээ хүнд суртал, дарамт шахалтгүйгээр, чөлөөтэй, үр ашигтай эрхлэхэд эерэгээр нөлөөлсөн чухал алхам боллоо.

Орон сууцны тухай болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж,  ашиглахыг хориглосон нийтийн зориулалттай орон сууцны барилгатай холбогдон үүсэх төрийн байгууллага, хөрөнгө оруулагч, оршин суугчдын эрх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох хүрээнд сууц өмчлөгчид нь тухайн орон сууцыг цаашид ашиглахыг хориглосон талаархи шийдвэрийг хүлээн авмагц, уг орон сууцыг дахин төлөвлөлтөд оруулах хүсэлтээ аймаг, нийслэлийн Засаг дарга, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах, уг гэрээнд сууц өмчлөгчдийг нүүлгэн шилжүүлэх, түр орон сууцаар хангах, шинэ орон сууцны ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ, үнэ, төлбөр, хариуцлагын асуудлыг тусгах, нийтийн орон сууцны барилга барих газар төрийн мэдэлд байх, сууц өмчлөгч нь хуучин сууцаа зах зээлийн үнээр хөрөнгө оруулагчтай тохиролцон худалдах эсхүл нөхөх олговрыг авах, орон сууц болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд учирсан хохирол, гэмтлийг шуурхай арилгуулах талаар гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс учирсан хохирлыг тухайн гэрээт мэргэжлийн байгууллага хариуцаж байх, ус, дулаан, цахилгааны төлбөрийн өртөг болон шимтгэлтэй холбогдсон санхүүгийн тайлан тооцооныхоо талаар тухайн орон сууцны контор нь оршин суугчиддаа тайлагнах үүрэгтэй байх зэрэг асуудлыг зохицуулахаар эрх зүйн зохицуулалтуудыг  тусгаж өглөө.

Түүнчлэн тус ээлжит чуулганы хугацаанд Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санхүүжилтын төсөл зэрэг Санхүүжилт, зээлийн Олон Улсын 10 шахам хэлэлцээрийн төслүүдийг Байнгын хороонд хэлэлцэн зохих санал, дүгнэлтийг гаргаж байлаа.

Намрын ээлжит чуулганы хугацаанд Зээлийн мэдээллийн тухай хуулийн төсөл, Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж, ирэх хаврын чуулганаар үргэлжлүүлж хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг байгуулан ажиллуулж эхлээд байна.

Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд тус хорооноос зохион байгуулахаар төлөвлөөд байгаа ажлын 60 гаруй хувь нь хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэн батлуулах хууль, бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, түүнчлэн Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн боловсруулж, өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг хангахад төвлөрч байгаа болно.

ХОЁР. ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫН ТАЛААР

2010 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооноос хяналт шалгалтын чиглэлээр 4 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, зарим яам, газар, орон нутагт Автотээврийн тухай, Газрын тухай, Хот байгуулалтын тухай, Автозамын тухай хуулиудын хэрэгжилт болон Улаанбаатар хотод улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй авто зам, гүүрийн барилгын ажлын явц байдалтай танилцлаа. Түүнчлэн Оюутолгой, Тавантолгойн ордын ашиглалтын явц, байдалтай газар дээр нь Улсын Их Хурлын зарим гишүүд танилцсан дүнг Байнгын хороонд сонслоо. Одоо Концессийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2009 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилт, Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний биелэлтийн явц байдалтай танилцах ажлын хэсгүүд Байнгын хорооноос байгуулагдан ажиллаж байна.  

Намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд тус Байнгын хорооноос зохион байгуулах хяналтын ажлыг Замын-Үүдийн гааль, чөлөөт бүсийн үйл ажиллагаа, Цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжилт болон “Мон-Атом” компанийн үйл ажиллагаатай тус тус танилцах,  Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хорооны 2010 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх,  мөн 2011 онд Байнгын хороонд сонсох мэдээллийн хуваарийн дагуу зарим мэдээллийг сонсох, “Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” сэдвээр ХХААХҮ-ийн сайдын тайлан-мэдээллийг нээлттэй сонсгол хэлбэрээр сонсох зэрэг асуудалд төвлөрүүлэхээр төлөвлөж байна.
    

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ДОТООД  АЖЛЫН ТАЛААР

Намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороонд хандаж төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс нийт 590 албан бичиг, 270 өргөдөл гомдол /нийтдээ 941 хуудас/ ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэн, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлсэн болно.

Мөн хугацаанд Байнгын хорооноос 40 шахам тогтоол, протокол гаргасны зэрэгцээ  Засгийн газар, яам, газарт  нийт 62 хуудас бүхий 45 албан бичиг, 10 гаруй тогтоол,  хуралдааны тэмдэглэл /протокол/ хүргүүлсэн байна.

Ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль, бусад шийдвэрийн хувийн хэргийг бүрдүүлж, 27 архивын нэгжийг архивт хүлээлгэн өгөөд байна.

Төрийн бодлого, шийдвэрийн ил тод байдлыг хангах замаар тэдгээрийг боловсруулахад иргэдийн оролцоог идэвхжүүлэх ажлын хүрээнд Эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг иргэд, олон нийтэд сурталчлах гарын авлага боловсруулан хэвлүүлж, хүргүүлсний зэрэгцээ Санхүүгийн зохицуулах хороотой хамтран “Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулах харилцааны чиглэл” сэдэвт  семинар ярилцлагыг зохион байгуулав.

ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж