Ц.Шинэбаяр: МАХН нэрийг авах боломжтой

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаяр: МАХН нэрийг авах боломжтой

МАХН-ыг бүртгүүлэх өргөдөл, холбогдох найман хавтас материалыг Улсын дээд Шүүхийн Иргэний танхимын шүүгч И.Амартүвшинд  гардуулж өгснийх нь дараа тус намын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нартай товч ярилцлаа.

-МАХН-ыг бүртгүүлэх өргөдлийг сая Дээд шүүхэд гардуулж өглөө. Үүнд юуг голлож тусгасан бэ?

-МАХН-ын Онц их хурлыг хуралдуулах тухай өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-нд зарлаж, хуулийн хугацаанд Онц их хурлаа хийсэн. Үүнээс хойш Улс төрийн намуудын тухай хуулийн дагуу  хуульд заасан хугацаанд багтаан бүх бичиг баримтыг бүрдүүлж Улсын дээд шүүхэд хүлээлгэж өглөө. МАХН-ын Онц их хурлаас гаргасан гол шийдвэр бол МАХН-ын өмнөх дүрэм журмыг нарийн судалж үзээд шинэ дүрэм журам, мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталсан. МАХН-ыг бүртгүүлэх бүх үйл ажиллагааг хуулийн дагуу хийсэн.

-Нам бүртгүүлэхэд хүндрэл, бэрхшээл байв уу?

-Бид маш их бэрхшээлийг даван туулж МАХН-ыг байгуулсан. Нам бүртгүүлэх нь тийм их хүндрэл бэрхшээлтэй асуудал биш. Бичиг баримтаа бүгдийг хуулийн дагуу бүрдүүлсэн тул Улсын дээд шүүхээс ирүүлэх хариуг л хүлээх үлдлээ.

-МАН-ын зүгээс МАХН гэдэг нэр, бэлгэдэл бүгдээрээ МАН-ынх гэж мэдэгдээд байгаа. Үүнийг юу гэж үзэж байгаа вэ?

-Бид сая МАХН-ын Онц их хурлаараа намынхаа бэлгэ тэмдэг, туг, мөрийн хөтөлбөр, дүрэм бүгдийг шинэчилсэн. Тиймээс туг, бэлгэдлийг бусадтай хуваалцах тухай маргаан үүсэх учир байхгүй.

-Хэрэв МАХН гэдэг нэрийг өгөхгүй гэвэл өөр хувилбар байгаа юу?

-Бид МАХН гэдэг нэрийг авах хууль зүйн бүх гаргалгааг хуулийн зөвлөхүүдтэйгээ ярилцаж байгаад Онц их хурлаараа олонхийн саналаар баталсан. Өөр хувилбар санал болгоогүй. Олонхийн саналаар их хурлаас шийдвэр гаргасан. МАХН гэдэг нэрийг авах бүрэн бололцоо бий. Авах гарцууд байгаа. Яагаад гэвэл Улс төрийн намуудын тухай хуулийн зөвхөн нэг хэсгийг тасалж ярьж байгаа биш, хуулийг бүхэлд нь авч үзэхэд агуулгаараа МАХН гэдэг нэрийг авах бүрэн бололцоо байгаа юм.

-Улсын дээд шүүхээс нам бүртгүүлсэн тухай хариугаа хэзээ авах вэ?

-Хуульд зааснаар өргөдөл өгснөөс хойш нэг сарын дотор гэж байгаа. Гэхдээ бид хуулийн хугацааг бүрэн гүйцээх биш, түүнээс өмнө шийдчих болов уу гэж найдаж байна.

-Өргөдөл өгөх сүүлийн хугацаа болох ажлын 10 хоног өчигдөр орой дууссан уу?

-Ажлын 10 хоног өнөө орой дуусна. Бид даваа гаригт Улсын дээд шүүхийн намуудын бүртгэл хариуцсан хүмүүстэй нам бүртгүүлэх талаар ярьсан. Дээд шүүхийнхэн Их Тэнгэрийн аманд урьдаас төлөвлөсөн семинартай байсан учраас тэдний ажлыг хүндэтгэж үзэж өнөөдөр болгож, хамгийн сүүлийн өдөр материал, өргөдлөө хүргүүлж байна. 

-Гишүүдийн тоо хэд болсон бэ. Хэдэн хүний жагсаалт Дээд шүүхэд өгөв?

-Дээд шүүхэд жагсааж өгсөн гишүүдийн тоо 1200 гаруй байна. Хуулийн дагуу нам бүртгүүлэхэд 801 хүний бүртгэл гаргаж өгөх ёстой. Сая бүртгүүлэхэд Онц их хуралд ирсэн төлөөлөгчид дээр нэмээд түр штабынхан материалаа өгөөд байна. Ер нь нийлбэр дүнгээрээ МАХН-д 20 гаруй мянган хүн байна.

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал:

-МАХН ямар шинж чанартай нам байх вэ?

-Манай нам үндэсний эв нэгдлийн нам байна гэж Онц их хурлаараа зарласан. Энэ бол өөрөө нийгмийн захиалга. Монгол Улсын өнөөгийн нийгмийн захиалгаар МАХН дахин мэндэлж байна гэж ойлгох хэрэгтэй.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж