Хятадад инфляци өссөөр байна

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Хятадад инфляци өссөөр байна

Сүүлийн 4 сарын дотор Хятадын төв банк бодлогын хүүгээ гурван ч удаа нэмсэн боловч инфляцийг барьж дийлэхгүй байгаа бололтой. Хятадад инфляци улам нэмэгдсээр  энэ оны эхний сарын байдлаар өнгөрсөн оныхоос өсөж 4.9 хувьд хүрсэн дүнтэй байна гэж Хятадын статистикийн хороо мэдээлжээ. Өнгөрөгч 12-р сард энэ тоо 4.6 хувьтай байсан аж.
Мөн Хятад болон Азийн орнууд хүнсний бүтээгдэхүүний өндөр үнэтэй тэмцсээр байгаа ч амжилтад хүрэхгүй байгаа гэнэ. Хятадад л гэхэд өнгрсөн сард хүнсний бүтээгдэхүүний үнэ  10.3 хувиар өссөн байна. Ингэснээр дунджаас доогуур амьдралтай хятад иргэд орлогынхоо тал хувийг хүнсний зүйлс худалдаж авахдаа зарцуулах болжээ. Хэдийгээр урд хөршийн инфляци зарим эдийн засагчдын таамаглаж байснаас ялихгүй бага гарсан ч сүүлийн 28 сарын инфляцийн хамгийн өндөр үзүүлэлт болох өнгөрөгч 11-р сарын төвшинд дахин ойртож иржээ. Тухайн сард Хятадын инфляци 5.1 хувь болж байсан аж.
Үнэ болоод инфляцийн өсөлтөд нөлөөлж байгаа хүчин зүйл дотор Хятадын үр тарианы гол нийлүүлэгч мужуудад болсон ургацын уналт болон дэлхийн зах зээлийн үнийн өсөлт аль аль нь хамаатай гэж мэдээлж байна. Мөн үйлдвэрлэлийн үнэ өсөж байгаа нь Хятадад тулгараад байгаа бэрхшээлийн бас нэг үндсэн шалтгаан болжээ. Хятадын үйлдвэрлэлийн үнийн инфляци өнгөрсөн сард 5.9 хувиас 6.6 хувь болтлоо өсчээ. Инфляци цаашдаа ч буурахгүй хэвээр байх магадлалтай тул Хятадын мөнгөний бодлого улам чангарах байх гэж шинжээчид үзэж байна. Саяхан Хятадын төв банк бодлогын хүүгээ 5.81 хувьтай байсныг нь 6.06 хувь болгон өөрчилсөн билээ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж