Улаанбаатар их сайхан гэнэ ээ

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Улаанбаатар их сайхан гэнэ ээ

“National geographic chanel”-аас 2011 онд дэлхийн хүмүүсийн амарч, аялж болох 20 газрыг нэрлэсэн байна. Харин энэ жагсаалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот тэргүүлжээ. Хорватын  Плитвич нуур, Италийн Сардиниа, Нор­вегийн, Фжорд нуур, Уруг­вай, Аляскийн Кодиак арал, Тунис, Японы Шикоку, Иракийн Курдистан гээд энэ дэлхийд тэргүүлдэг онгон дагшин байгаль, хэв загвараа алдаагүй эртний сайхан хо­тууд манай улсын өмнө хү­чин мөхөстсөн гэж бодохоор баярламаар ч юм шиг. Манай улс энэ жагсаалтыг чухам юугаараа ингэж тэргүүлж гарсан бэ гэдэг асуултын ха­риултыг нэхэж багагүй хайж үзэв. Гэтэл манай улсад, тэр дундаа Улаанбаатар хотод зуныг өнгөрөөвөл ёстой боломжийн гэсэн байх юм. Дэлхийн хаана ч байхгүй хоёр бөхт тэмээ, Туул голыг дагасан шинэ хот, түүхийн болон байгалийн музей гээд дэлхийн хүмүүсийг татах сайхан зүйлс манай улсад үнэхээр их юм аа. Гэтэл энэ дунд “Их хотын задгай зах “Нарантуул”-ыг мартаж бо­лох­гүй” хэмээн бичсэн байна лээ. Мөн манай утааны эх үүсвэр болсон “Гандангийн дэнж”-ийг их магтсан байдаг шүү. Мөн наадмыг сүрхий дүрслэн бичсэн байгаа ха­рагдсан. Гэхдээ надад л лав шал “мангар” санагдаад бай­гаа юм. Энэ жагсаалтыг гар­гасан хүмүүс юу ч үзээгүй байх аа. Бид тэр “Нарантуул” худалдааны төвөөр насаараа үйлчлүүлж байна. Анх ашиг­лалтад орохдоо ямар байсан тэр л хэвэндээ байгаа шүү дээ. Хэдэн наймаачид насаараа зогсч олсон мөнгөө нэг л өдөр өвдөөд эм тариандаа хэрэглээд дуусгачихна.

Му­зейг их сайхан дүр­сэлсэн байна лээ. Гэтэл манай улсад музейн үзмэр шиг хурдан хэрнээ эзэн холбогдогч нь тогтоогдохгүй алга болдог зүйл гэж байхгүй дээ. Тэр наадам яах вэ. Хүнийг ч ажил хийлгэхгүй хэдэн шалдан бөх ноцолдоод л, эрлийз адуунууд уралдаад л дуусдаг эд шүү дээ. Иймхэн юмаар нь манай улсыг жуулчид чуулах гол талбар хэмээн зарласан нь үнэнд нийцэхгүй байгаа юм даа. Манай улсын муу муухай болгоныг дэлхийн иргэд энэ зунаас ирж үзээд манай аялал жуулчлалын салбар ирэх жилээс нам суух бололтой.

Б.ЭНХМӨНХ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж