Аваргууд анхны ялагдлаа хүлээлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Аваргууд анхны ялагдлаа хүлээлээ

Монголын сагсан бөмбөгийн холбооны Nissan премьер лигийн ээлжит тоглолтууд өчигдөр орой явагдлаа. Өчигдрийн эхний тоглолт ШШГЕГ-ийн харьяа “Сүлд” спорт хорооны “Офицерууд”, ХҮДС-ийн “Ирвэс” багуудын хооронд болсон юм. Сагсан бөмбөгийн анхны гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалаар удирдуулсан “Ирвэс” багийнхан тоглолтыг тун амжилттай эхлүүжээ. Ялангуяа хамгаалгч Э.Дорж-Арилд, Д.Чадраабал нар “Офицерууд”-д тэр дор нь хариуг барьж байснаар тоглолтын эхний үе 21:21 харьцаатайгаар өндөрлөсөн юм. Харин тоглолтын хоёрдугаар үеэс эхлэн “Офицерууд” онооны зөрүүг бага багаар холдуулж чадсанаар гуравдугаар үеийн төгсгөлд 20 онооны илүүтэй болжээ. Энэ нь хамгаалагч С.Батбямба болон А.Од, Б.Мөнхбаяр нарын амжилттай тоглолтын үр дүн байсан гэхэд болно. Ингэснээр тоглолтын үндсэн цагт 90:75 харьцаатайгаар  “Офицерууд” багийхан ялалт байгуулж, хоёр дахь хожлоо авсан байна. “Офицерууд”-аас довтлогч Б.Мөнхбаяр 22 оноо авч, багаа тэргүүлсэн бөгөөд гурван онооны шидэлтийг  дөрвөн удаа амжилттай болгосон юм. Харин туршлагатай хамгаалач А.Од 22, С.Батбямба, Б.Мөнбат нар 10-аас дээш оноо авч багийнхаа хожилд голлох үүрэг гүйцэтгэсэн байна.
Харин өчигдрийн хоёр дахь тоглолт Америк лигионеруудыг эгнээндээ нэгтгэсэн “Ав-Атар” болон “TLG-13” багийн хооронд болсон юм. Лигийн нээлтийн тоглолтод бэртэл авч, хэдэн тоглолт өнжсөн “Ав-Атар”-ын довтлогч С.Пүрэвцэрэн эргэн ирсэн байна. Тоглолтын эхний гурван үед багуудын аль аль нь тун сайн хамгаалалттай байсан гэхэд болно. Энэ ч утгаараа эхний хагас 36:31 харьцаатай “Ав-Атар”-ын давамгайлал дор өндөрлөжээ. “Ав-Атар”-ын лигионеруудаас гадна С.Өрнүүнбилэг, Ш.Сэдбазар нар тун сайн байсны ачаар гуравдугаар үеийг тэд 59:49 харьцаатай 10 онооны зөрүүтэй дуусгасан байна. Харин “TLG-13” шинэ цэрэг Девон төдийлөн харагдахгүй байсан юм. Улмаар “Ав-Атар”-чууд тоглолтыг тун амжилттай үргэлжлүүлж, үндсэн цагт 82:54 харьцаатайгаар “TLG-13”-ыг бут ниргэсэн юм. Тоглолтод төвийн тоглогч С.Өрнүүнбилэг 14 оноо, 18 самбараас бөмбөг авалт хийсэн бол холбон тоглогч Кларенс Жеффри 14 оноо, 11 самбар, Лэкс 16 оноо, 9 самбарыг гүйцэтгэсэн юм. Харин “TLG-13”–аас Г.Цэнгүүнбаяр, А.Гансүх нар тус бүр 14 оноо авсан байна.
Өчигдрийн хамгийн сүүлийн тоглолт лигийн гурван удаагийн аварга “Хасын хүлгүүд” болон “Харцага” багуудын тоглолт байлаа. Тун сонирхолтой үргэлжилсэн энэ тоглолт нэг ч хором үзэгчдийг уйдаагаагүй юм. “Хасын хүлгүүд”-ийн  гарааны тоглогчид нь тоглолтыг тун сайн эхлүүлксэн ч “Харцага”-ын довтлогч Ц.Мэргэн гайхалтай байсан юм. Зарим үзэгчид “Хуучны Баганат Өргөө багийн Мэргэн эргэн иржээ” хэмээн ярилцаж байсан нь ч үүнийг гэрчилнэ. Дөрвөн үеийн туршид маш хүчтэй өрсөлдсөн энэхүү тоглолтын үндсэн цагт 77:68 харьцаагаар “Харцага” ялалт байгуулсан юм. Тоглолтын гол баатар Ц.Мэргэн 18 оноогоор багаа тэргүүлсэн бол Б.Нэмэхбаяр, Б.Одбаяр, О.Золзаяа нар 10-аас дээш оноо авч түүнд тусалсан юм. Харин “Хүлгүүд”-ээс М.Отгонмөнх 25, О.Ууганбаяр 14, Б.Мөнхболд 11 оноо авсан ч энэ нь багийн хожилд хангалттай байсангүй. Ингэснээр аваргууд улирлын анхны ялагдлаа хүлээсэн бйна.

 Зургийг энд дарж үзнэ үү.    

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж