Ноолуурын ханш 55 мянган төгрөгөөс эхлэх төлөвтэй

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Ноолуурын ханш 55 мянган төгрөгөөс эхлэх төлөвтэй

Бодлого боловсруулагчид уул уурхайн салбараас орж ирэх баял­гийг хэрхэх талаар элдвийг хэ­лэлцэн суух зуур аж үйлдвэрийн салбарынхан “Тэд бидэн рүү хэзээ харах бол” хэмээн бодож сууна. Уул уурхайн салбар манай улсыг хөгжилд хүргэх нь гарцаагүй үнэн. Бас энэ салбараас орж ирсэн мөнгөөр улс төрийн намууд сонгуулийн амлалтаа биелүүлнэ. Тэгэхээр үүнээс өөрийг бодохгүй байхаас ч яах вэ. Эсвэл тэд тус салбараас орж ирэх ашгийг эхний ээлжинд хуримтлуулъя гэж бодож байж болох юм. Дараа нь мэдээж бүх салбарт хуваарилах биз. Гэтэл тэр болтол аж үйлдвэр, боловсруулах салбарынхан яах вэ гэдэг асуулт гарч ирж байна. Төр засгийн дэмжлэгийг хүртэж чадахгүй байгаа салбараар ноос, ноолуурын салбарынхныг нэг­дүгээрт нэрлэмээр байна. Тэд төрийн зарим бодлогын ачаар ноолуурыг өндөр үнээр худалдан авч байгаа. Тэр ч бүү хэл түүхий эд худалдан авах зах зээл нь хумигдсан. Мэдээж ноолуурын үнэ нэмэгдсэн нь УИХ-ын гишүүдийн сонгуулийн үеэр малчдад ярих нэг гол сэдэв байна. Ноос, ноолуурын салбараас улсын төсөвт тийм ч их хэмжээний ашиг хуримтлуулдаггүй нь тэдний гол дутагдал нь байж болох юм. Гэхдээ уг салбарынхан олон мянган хүнийг ажлын байраар хангадаг, дэлхийд монголын гэх тодотголтой брэндийг алдаршуулж байгааг нь санахад илүүдэхгүй.

Монголын ноос, ноолуурыг хэн дуртай нь авч, хааш нь ч хамаагүй экспортолчихдог байдал сүүлийн үед газар авсан. Судалгаагаар ноолуурын түүхий эдийн зах дээр түүхий эд авдаг 700 гаруй хятад хүн, 100 орчим нэгж байна гэх тооцоо гарчээ. Хойд хөршийнхөн ч юугаараа дутах вэ гэсэн шиг олширч байгаа аж. Энэ нь дээрх улсуудад төдийгүй дэлхий дахинд ноолууран бүтээгдэхүүний хэрэглээ эрс нэмэгдэж байгаатай холбоотой юм. Улмаар экспортыг дэмжих бодлогын ачаар хятадууд НӨАТ төлөлгүйгээр түүхий эд зөөсөөр байна. Монголын Засгийн газар  өмнө нь экспортолж буй ноо­луурын килограмм тутмаас 4000 төгрөгийн татвар авдаг байлаа. Гэтэл уг татварыг тэглэсэн нь тэдэнд үнийг зоргоор өсгөх боломж өгсөн. Энэ үйлдлээрээ төрийн түшээд малчид руу нүүрээ, үндэсний үйлдвэрлэгчид рүү нуруугаа харуулсан билээ. Учир нь үүнээс өмнөх жилүүдэд 40 мянган төгрөгөөс буурдаг байсан бохир ноо­луурын жилийн дундаж ханш 52-55 мянган төгрөгөөс буухгүй болсон юм. Үүний хажуугаар нүүрс, ноолуурын салбарыг хүнд байдалд оруулдаг хуулийн заалтууд ч бий. Тус салбарынхан төрийн түшээдээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн заалтад гурван төрлийн нэмэлт, өөрчлөлт оруулах талаар са­нал хүргүүлээд байгаа аж. Гэ­сэн ч үүнийг нь УИХ-ын дарга, ги­шүүд төдийлөн ойшоодоггүй. Нэг­дүгээрт, Нэмэгдсэн өртгийн ал­бан татварын тухай хуулийн 13.1-д дотооддоо борлуулалт хийсэн за­рим бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөх тухай заасан байдаг аж. Гэтэл татвараас чөлөөлөх бүтээг­дэхүүний жагсаалтад ноолуур, ноос гэж байхгүй. Ноос, ноолуурыг энэ жагсаалтад оруулчихвал ДНБ-ий хэм­жээ нэмэгдэхээс гадна үндэсний үйлдвэрүүдийг дэмжчихнэ. Гэвч үүнийг УИХ-ын чуулганаар оруу­лаад хоёр удаа унаад бай­гаа юм билээ. Хоёрдугаарт, үйлд­вэрлэгчдийг хүнд байдалд оруулдаг уг хуулийн өөр нэг заалт нь 10 саяас дээш борлуулалт хийсэн ком­паниудаас авдаг НӨАТ-ын тухай юм. Сүүлийн үед жижиг, дунд үйлд­вэрлэлийг хөгжүүлнэ хэмээн  ярих хүн олон болсон. Харин үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд юу саад болж байгааг огт ярилцахгүй байгаа. Уг хуулийн заалтаас болоод жижиг, дунд үйлдвэрлэлүүдийн ажиллах нөхцөл муудаж, бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломж нь хумигдаж байгаа аж. Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт Монголын ноос, ноолуурын холбооноос энэ талаар сануулахад “Нээрэн ч тийм юм байна” гэсэн хариуг өгсөн гэсэн. Гуравдугаарт, уг хуулийн 14.1.1-д малчид, тариаланчид өөрсдөө бэлтгэсэн түүхий эдийг үндэсний үйлдвэрүүдэд тушаавал худалдаж авсан байгууллагад НӨАТ-ын хасалт хийх тухай заалт байдаг. Мэдээж уг заалтад ноос, ноолуур гэж байхгүй.  

Монголын ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндон­самбуугаас дараах асуултад хариулт авлаа.

-Өнгөрсөн зун зудад их хэмжээний мал хорогдсон. Үүнээс болж ноолуур ховор, бас үнэ нь өндөр байх төлөвтэй байна?

-Тийм ээ. Ноос, ноолуурын салбарынхан энэ байдалтай гарцаагүй нүүр тулна. Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн бонд гаргаж үндэсний үйлдвэрлэгчдэд түүхий эд бэлтгэх боломж олгоно гэж байгаа.  Уг асуудлыг удахгүй хэлэлцэх байх. Энэ нь тодорхой хэмжээгээр дэм болно. Мал тооллогоор Монгол Улс 13.8 сая ямаатай гэх тоог гаргасан. Хөдөөгүүр явж байхад малчид энэ цагаан сарын өмнө ямаагаа их хэмжээгээр нядалсан хэмээн ярьж байна лээ. Монгол хүн амны бил­гээр гэдэг. Гэхдээ 100 гаруй сум зудтай байна. Тиймээс түүхий эд бэлтгэлийн үеэр ямааны тоо толгой үүнээс буурсан байх нь дам­жиггүй. Энэ онд ноос, ноолуурын салбарынхан 2008, 2009 онуудынхаас хоёр дахин бага түүхий эд бэлтгэх байх. Үүнд урд хөршид ямааны тоо толгой буурсан байгаа нь ч нөлөөлнө. Түүнчлэн түүхий эдийн эхлэх үнэ 55 мянган төгрөг байх болов уу хэмээн таамаглаж байна. Түүхий эд бэлтгэх ажилд өрсөлдөөн их гарна. Өмнөх жилүүдэд бид хятадуудад дандаа ялагддаг байсан. Хэрвээ энэ жил дахин тийм байдал гарвал энэ салбарынхан дахин сэхэхгүйгээр уналтад орох нь байна.

-Тэгвэл энэ байдлаас гарахын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм бэ?

-Төр засгаас ноос, ноолуурын экспортыг хориглох хэрэгтэй бай­на. Гэхдээ УИХ-ын гишүүдийн энэ асуудлыг шийдэхийг хүлээвэл мөдгүй. Дэндүү олон шат дамж­лагатай. Бас олонхийнх нь ашиг сонирхолд нийцэхгүй байх.

-Тэдэнд ноос, ноолуурын экс­портыг хаавал үндэсний үйлд­вэрлэгчид түүхий эдийн үнийг буулгачихна гэсэн болгоомжлол байгаа шүү дээ?

-Мэдээж ийм болгоомжлол байгаа. Гэхдээ үндэсний үйлдвэр­лэгчид малчдыг “Чанартай ноолуур бэлд. Түүнийг чинь өндөр үнээр авъя” хэмээн уриалж байгаа шүү дээ. Экспортыг хоригловол бид малчдын хэлсэн үнээр ноолуурыг авах болно. Энэ үндэсний үйлд­вэр­лэгчид 3500 тонн хүрэхтэй үгүйтэй түүхий эд бэлтгэх төлөвтэй байна. Өнгөрсөн жил л гэхэд Хятадын хөрөнгө оруулалттай “Хос гол” компани дангаараа 3000 гаруй тонныг бэлтгэсэн. Энэ жил өөр нэг компани 3000 тонн ноолуур авах үйлдвэр байгуулж байна. Гэтэл ийм үед үндэсний үйлдвэрлэгчид хямд үнээр түүхий эдээ бэлтгэнэ гээд сууж байх уу. Харин ч эсрэгээрээ малчдын хэлсэн үнээр, нэг килограмм ноо­луурыг 60 мянган төгрөгөөр ч хамаагүй аваад гадаад захиалгаа гүйцэтгэх, үйлдвэрлэлээ зогсоохгүй байхыг зорьж байна. Тиймээс үнэ өндөр байсан ч худалдаж авна. Гагцхүү худалдан авах боломжийг бий болгооч гэж хүсч байгаа юм.

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж