Төрийн албан хаагчдын асуудлыг шийднэ

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчдын асуудлыг шийднэ

Төрийн албанд хууль бусаар шургалагчдын асуудлыг энэ сард багтаан шийдвэрлэнэ

Төрийн албанд орж ажиллах иргэд нэлээд өндөр шалгуурыг хангаж, олон давхар шүүлтүүрийг давах ёстой байдаг. Тэд, юун түрүүнд Төрийн бодлого, төрийн албатай холбогдсон хууль эрх зүйн мэдлэгийн сорилын шалгалт өгдөг. Дараа нь баримт бичгийн, ярилцлагын, ур чадварын шалгалтыг өгнө. Мөн эрүүл мэндийн үзлэгт ч хамрагдана. Өчигдөр л гэхэд Эрүүл мэндийн яам, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн хороо зэрэг байгууллагад албан хаагч авах сонгон шалгаруулалтын баримт бичгийн шалгалт Засгийн газрын 11 дүгээр байранд болж байв. Шалгалт авч буй мэргэжилтэн байн байн гарч ирэн иргэдэд ийнхүү хэлэх аж. “Та нар энэ хаалган дээр байгаа шаардлагуудыг уншиж байгаа биз. Тов тодорхой бичсэн байгаа. Эдгээр шаардлагын ганцыг нь л хангаж чадаагүй бол шалгалтад орох хэрэггүй. Өөрсдийнхөө ч, бидний ч цагийг үрээд хэрэггүй биз дээ” хэмээж байв. Шалгалт өгөхөөр ирсэн иргэд бүгд л “Уншсан” гэцгээх аж. Нээрэн ч төрийн алба шаардлага өндөртэй юм. Тэр олон шалгалтыг давж, эцэст нь ярилцлагад ороод тэнцээгүй хэмээн хэлэх олон хүнийг мэдэх юм байна. Хэлний мэдлэг маань тэнцсэнгүй гэж ярих хүн ч олон таарч байлаа. Гэтэл өнгөрсөн хугацаанд Төрийн албанаас явуулсан шалгалтад олон албан хаагч төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцээгүй, удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй, эсвэл зохих ёсоор дүгнэлт гаргуулаагүй томилогдсон зэрэг зөрчил олон удаа гарч байв. 

Өнгөрсөн оны сүүлээр явуулсан шалгалтад төрийн жинхэнэ албан хаагчийн орон тоонд мэргэшлийн шалгалт өгөөгүй, хууль бусаар томилогдсон 133, нөөцийг бүрдүүлэх журам зөрчин томилогдсон 115 ажилтан бүртгэгдсэн. Тэдгээр албан хаагчдын нэрсийг, холбогдох зөрчилтэй нь хамт жагсаасан мэдээлэл ч байна. Жагсаалтад яам, агентлагуудын дарга нар ч багтжээ. Дээрх ажлын явцын талаар Төрийн албаны зөвлөлийнхөн одоохондоо ямар нэгэн тайлбар хэлэх боломжгүй гэлээ. Учир нь нэгдсэн дүн гартал дахиад хагас сарын хугацаа байгаа аж.

Хэдийгээр энэ талаар мэдээлэл өгөхдөө нэлээд цааргалж байсан ч тус газрын орон тооны гишүүн Б.Өнөбаатараас зарим зүйлийг тодруулсан юм.

-Үүдэнд баримт бичгийн шалгалт өгөхөөр ирсэн иргэдтэй уулзсан. Ер нь төрийн албанд орно гэдэг их олон шалгууртай байдаг юм байна. Гэтэл зарим хүн яаж тийм амархан төрийн албан хаагч болдог юм бол?

-Зөв шүү дээ. Шүүлтүүртэй байх ёстой. Гэтэл шалгалтад ороогүй, тэнцээгүй хүмүүсийг ажилд авч байна.  Нөөцөд нэр нь ороогүй иргэдийг төрийн албанд ажиллуулж байна. Сонгон шалгаруулалтад огт ороогүй байж энд, тэнд газар, хэлтсийн дарга хийгээд явж байна.

-Энэ төрлийн зөрчил өмнө нь гарч байсан. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Өмнө нь ч энэ төрлийн зөрчил илэрч байсан. Энэ бол ганцхан удаагийн үзлэгээр л гарсан тоо. Бид төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцээгүй иргэдийг ажиллуулж байгаа байдал болон удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй, эсвэл зохих ёсоор дүгнэлт гаргуулаагүй томилогдон ажиллаж байгаа удирдах ажилтнуудын нэрсийг гаргаж шаардлага хүргүүлсэн. Тэгэхээр бид зөрчлүүдийг арилгах тал дээр ажиллана. Зөрчил гаргасан хүмүүст арга хэмжээ авна. Гэхдээ одоо энэ олон хүний дунд асуудлаа шийдвэрлүүлсэн хүмүүс бий.  Өнөөдөр үзлэг шалгалтын дагуу  зөрчлөө арилгаж байна гэсэн тайлан ч ирж байна. Гуравдугаар сарын эхээр бүрэн шийдэгдэх байх.

-Ер нь хууль бусаар ажилд авч байгаа байдал юунаас болж гардаг юм бол. Хууль, эрхзүйн орчин хангалтгүй байна уу?

-Ингэж хууль бусаар авч байна гэдэг чинь хуулиа зөрчиж байна л гэсэн үг. “Өө, тийм байх ёстой юм уу, мэдсэнгүй ийм тушаал гаргачихлаа. Ийм журам байдаг юм уу” гэж хэлж байвал шаардлага хангаагүй хүн ажилд авсан тэр дарга өөрөө ажлаа мэдэхгүй байна л  гэсэн үг шүү дээ. Төрийн албаны тухай хууль, нөөц бүрдүүлэх журамд үндэслэж л ажилтан авах ёстой. Мэдэхгүй гээд л дураараа ажилд аваад, халаад байж болохгүй шүү дээ. Зарим албан тушаалтан хоёр, гурван удаа сонгон шалгаруулалтгүйгээр албан хаагч авсан байвал сонгон шалгаруулалтгүйгээр ажилд орсон хүнд бус томилсон хүнд нь арга хэмжээ авна. Төрийн албаны тухай хуульд сонгон шалгаруулалтгүйгээр ажилтан авсан бол тухайн удирдах албан тушаалтанд хариуцлага ногдуулах ёстой гэж заасан болохоор сахилгын арга хэмжээ авах хэрэгтэй. Бүр болохгүй бол албан тушаалаас нь чөлөөлөх арга хэмжээ авах саналыг манайхаас явуулна шүү дээ. Ер нь хууль чанга, сулдаа биш. Хуулийг хэрэгжүүлэх тал дээр л асуудал байна.

-Гэхдээ гаргасан зөрчлөө засдаг нь хэр олон бэ?

-Би гайхдаг юм. “Зөрчил гаргаагүй ажилласан байгууллага байна уу” гэж надаас ганц ч сэтгүүлч асууж байгаагүй юм  байна. Одоогоор зарим газар зөрчлөө эхнээс нь арилгаад явж байна. Хэдэн хүн нь арилгасан, хэд нь арилгаагүй байгааг мэдэхгүй байна. Өнөөдөр ч миний ширээн дээр зөрчлөө арилгасан болно гэх утгатай бичиг баримтууд шинээр ирж байна. МХЕГ, Увс аймгаас манайд хаягласан мэдээллүүд ирж байна. Зөрчлөө арилгасан эсэхийн хувьд бол Хууль зүй, дотоод хэргийн яам дээр гараад байсан бичиг баримтын зөрчилтэй цөөн хэдэн хэлтсийн даргын асуудал шийдэгдээд байна. Бас Төрийн өмчийн хороонд газрын дарга хийдэг Б.Заяабал гэдэг хүн зөрчлөө арилгасан.

-Харин зөрчлөө арилгаагүй албан хаагчдад ямар арга хэмжээ авах вэ?

-Сул орон тоон дээр иргэнийг авч ажиллуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 16.2-ын зөрчсөн бол, 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулалт явуулах заалтыг зөрчсөн бол, 17.4-т заасны дагуу төрийн албан хаагчийг  нөөцөөс аваагүй бол ийм арга хэмжээ авна гээд бүгдийг хуульчилсан. Энэ гурван заалтыг зөрчөөд байгаа болохоор бид авах ёстой арга хэмжээгээ авна. Сарын хугацаанд зөрчлөө арилгахыг шаардсан. Болохгүй бол захиргааны юм уу, сахилгын арга хэмжээ авахыг санал болгоно.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж