Иргэдийн данс давхарджээ

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Иргэдийн данс давхарджээ

Тавантолгойгоос хувь эзэмшихээр бүртгүүлсэн 15 мянган иргэний данс давхарджээ

Иргэд “Эрдэнэс Тавантолгой” компаниас хувь эзэмшихийн тулд ямар бичиг баримт бүрдүүлж, хаана данс нээлгэхээ сайн ойлгохгүй байгаа аж. Данс нээх ажлыг “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” /ҮЦТТТХТ/ ХХК хариуцна гэсэн бүдэг бадаг мэдээллийн дагуу иргэд ойрын өдрүүдэд тус төвд олноороо ирж, ачаалал үүсгэх болжээ. Мөн урьд нь өөрийн нэр дээр данстай байсан хүмүүс дахин данс нээлгэснээс болж тус компанийн үйл ажиллагаанд нэлээд хүндрэл учруулах болсон байна. Тодруулбал, 15 мянга орчим иргэн давхардсан данс нээлгэжээ. Тиймээс тус төвийнхөн Санхүүгийн зохицуулах хороо болон Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран тусгай программын тусламжтайгаар дансны давхардлыг арилгахаар ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн нас барсан болон Монгол Улсын иргэний харьяатаас гарсан иргэдийн дансыг ч жагсаалтаас хасах юм байна.

ҮЦТТТХТ ХХК-ийн байранд өчигдөр үдээс өмнө очиход шинээр данс нээлгэх, энэ талаар мэдээлэл авах гэсэн олон хүн үүдний танхимд нь цугларсан байв. Дараалалд зогсч буй хүмүүсээс ямар зорилготой явааг нь асуухад “Тавантолгойгоос хувь эзэмших дансыг энд нээж байгаа гэж сонссон. Цаг алдалгүй дансаа нээлгэх санаатай явна” хэмээн хариулцгааж байлаа. Зарим нь “Дансаа амжиж нээлгэхгүй бол эх орны баялгаас хувь эзэмших боломжгүй болно” гэсэн ойлголттой байв. Харин ҮЦТТТХТ ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны менежер Ж.Байгалмаа бидэнд арай өөр мэдээлэл өгсөн юм. Түүнээс зарим зүйлийг тодруулснаа хүргэе.

Ж.БАЙГАЛМАА: ИРГЭД ЭХЛЭЭД БРОКЕР, ДИЛЕРИЙН КОМПАНИА СОНГОХ ЁСТОЙ

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хувь эзэмшихийн тулд заавал ҮЦТТТХТ-д хандах ёстой юу?     

-Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” ХК гэлтгүй хөрөнгийн зах зээлд орол­цох хүсэлтэй хэн бүхэн ҮЦТТТХТ ХХК-ийн төвлөрсөн хадга­лам­жинд данс нээлгэсэн байх ёстой. Гэхдээ иргэд хамгийн түрүүнд брокер, дилерийн компаниа сонгоно. Дараа нь тухайн компаниараа дамжуулж манай төвд дансаа нээлгэх учиртай юм. Нэгэнт брокер, дилерээ сонгочих­сон бол заавал энд өөрийн биеэр ирэх шаардлагагүй. Үүнийг сайн ойлгоо­гүй иргэд сүүлийн үед манай төвд олноороо ирж, нэлээд ачаалал үүсгэж байна.

-Тэгвэл сонгосон брокер, дилер­тээ ямар бичиг баримт бүрдүүлж өгөх вэ?

-Өнөөдрийн байдлаар Монголын Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохи­цуу­лах хороонд албан ёсны бүрт­гэлтэй 46 брокер, дилер тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдний хаяг, байршлын бүх мэдээлэл энд бий. Иргэд өөрийн ажил, гэрт ойрхон, үзүүлж буй үйлчилгээний чанар зэрэг олон талыг нь харгалзаад сонголтоо хийх эрхтэй. Дансыг иргэн, хуулийн этгээд гэсэн хоёр хувилбараар нээл­гэнэ. Иргэн бол данс нээх гэрээ хийнэ. Иргэний үнэмлэхний хуул­бар, түүнтэй адилтгах баримт бичиг, гарын үсгийн баталгааны маягт, насанд хүрээгүй бол төрсний гэрчил­гээний хуулбар, эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар зэргийг бүрдүүлж өгнө. Мөн итгэмжлэлээр данс нээлгэхдээ тухайн итгэмжлэл дээр данс нээх үйлдэл тэмдэглэсэн байх шаардлагатай.

-Хуулийн этгээд бол?

-Данс нээлгэхийг хүссэн хүсэлт, ул­сын бүртгэлийн гэрчилгээний нота­риа­таар баталгаажуулсан хуул­­бар, хуулийн этгээдийн данс дахь хөрөнгийг захиран зарцуулах этгээ­дийг томилсон тухай эрх бүхий хүний гаргасан шийдвэр хэрэгтэй. Мөн тухайн этгээдийн гарын үсгийн маягт, тамга тэмдгийн дардсыг нотариатаар гэрчлүүлсэн байна. Ир­гэн, хуулийн этгээдийн аль аль нь данс нээх гэрээнд брокер, дилерийн компанитай арилжааны шимтгэлийн хувь хэмжээ, дансны гэрээг цуцлах нөхцөл, гэрээгээр хүлээх эрх, үүрэг хариуцлагыг заавал тусгана.

-Орон нутгийн иргэдийн хувьд хүндрэл гарах уу?

-Аймаг, хотуудыг хариуцсан бро­кер, дилерийн компаниуд ажиллаж байгаа учраас тийм ч их хүндрэл гарахгүй. Ямар нэртэй компани аль аймгийг хариуцаж байгааг мэдсэн байхад л хангалттай.

-Данс нээлгэхэд ямар нэгэн төлбөр төлөх үү?

-Брокер, дилерийн компаниуд данс нээсний төлбөрт дунджаар 5000 төгрөг авдаг. Иргэд энэ жишгээр л төл­бөр төлнө. Харин ҮЦТТТХТ-д дахин мөнгө төлөхгүй төлөхгүй.

Данс нээх явц ийм дараалалтай байдаг учир иргэд шууд ҮЦТТТХТ-ийг зорих бус, эхлээд брокер, диле­рийн компаниа сонгож үйлч­лүүлэх ёстой юм байна. Тантай гэрээ байгуулсан компанийн бие төлөө­лөгч холбогдох бичиг баримтыг ҮЦТТТХТ-д хүргүүлж, хянуулах бөгөөд ямар нэгэн зөрчилгүй бол дансыг эцсийн байдлаар нээнэ. Харин гарын үсгийн маягт болон бусад баримтыг шаардлага хангаагүй гэж үзвэл ҮЦТТТХТ данс нээхээс татгалзан, материалыг буцаадаг аж. Зарим иргэний эзэмшиж байсан хувьцаа өөрийнх нь зөвшөөрөлгүй бусдын нэр дээр шилжих тохиолдол олонтаа гардаг. Энэ нь бусдын эд хөрөнгөд хэт шунасан хариуцлагагүй брокер, дилерийн хууль бус үйлдлээс болдог гэнэ. Тодруулбал, тэд хувьцаан­даа анхаарал тавьдаггүй, мэдлэг мэдээлэл муутай иргэдийн өм­нөөс гарын үсэг зурж, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар бус­дын хувьцааг луйварддаг аж. Тий­мээс ҮЦТТТХТ 2009 оноос эхлэн иргэдийн хувьцааны шилжилт хөдөл­гөөнийг илүү баталгаатай болгох зорилгоор эзэмшигчийн гарын үсгийн “Маягт-7” гэгчийг үйлчил­гээндээ нэвтрүүлжээ. Уг маягт нь хувьцаа эзэмшигчийн талаар олон талт мэдээллийг агуулдаг учраас хэн дуртай нь бусдын хувьцааг луйвар­даад байх боломжгүй болсон гэнэ. Харин 2009 оноос өмнө дээрх төрлийн зөрчил нэлээд гардаг байжээ. Биднийг сурвалжлага хийж явах үеэр ч “Миний хувьцаа хэдэн жилийн өмнө гэнэт алга болчихсон. Учрыг нь олох гэж явна” гэсэн хүн цөөнгүй таарч байсан юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хувь хүртэхийн тулд заавал данс нээл­гэ­сэн байх ёстой гэсэн ойлголт иргэдэд бас бий. Тэгвэл дансаа нээлгэж амжаагүй ч хувь хүртэх эрх нь иргэдэд нээлттэй байх аж. Гагцхүү иргэ­ний шинэчилсэн бүртгэлд хамрагд­сан тохиолдолд уг эрх үүснэ гэдгийг холбогдох байгууллагуудаас удаа дараа мэдээлсэн. Үүнтэй холбог­дуулан Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хувьцаа эзэм­ших эрх бүхий иргэдэд батламж тараахаар шийдсэн бөгөөд удахгүй загварыг нь боловсруулах гэж  байгаа гэсэн мэдээлэл бий. Тэр үед иргэд өөрийн нэр дээр данс нээлгэсэн, эсэхээс үл хамаарч хувь хүртэх юм. Нэгэнт уг хувьцааг арилжихыг хориглосон учраас иргэд яаран сандран данс нээлгэх гэж ачаалал үүсгэх шаардлагагүй юм байна. Өөрөөр хэлбэл, данс нээлгэх бус, батламж гардаж авснаар байгалийн баялгаас хувь хүртэх таны эрх сая баталгаажна гэсэн үг.      

Ч.ДАШДЭЛЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж