Япон эмэгтэйчүүд нөхрийнхөө овгоос татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.15-нд нийтлэгдсэн

Япон эмэгтэйчүүд нөхрийнхөө овгоос татгалзжээ

Өдгөө 113 дахь жилдээ үйлчилж байгаа Японы хуулиар бол гэр бүл бологсод дундаа нэг овгоор нэрлэгдэж байх ёстой байдаг. Тэгвэл энэ байдлыг өөрчлөхөөр олон нийтийн хөдөлгөөн бий болж эхэлсэн бололтой.  Гэр бүл болох тохиолдолд ихэвчлэн нөхрийнхөө овгоор эхнэр нь овоглогддог түгээмэл ёсыг эсэргүүцэгчдийн бүлэг японы засаг захиргаанд гомдол гаргаж эхлээд байна.  Дээр дурдсан иргэний хуулийн заалт нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийг хангах тухай Японы үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн шүүмжлэлийг тэмцэгчид  гаргаж байгаа юм. Одоогоор дөрвөн ч эмэгтэй болон тэдний нэгнийх нь нөхөр шүүхэд нэхэмжлэх гаргасан бөгөөд Засгийн газраас нийтдээ 6 сая иен буюу 70 мянга орчим ам.доллартай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэхэмжилжээ.
Энэ нь засаглалаас явуулж байгаа нэг овог хэрэглэх шаардлага хүйсийн тэгш эрхийг зөрчин дарамтад оруулж байна гэсэн үндэслэлтэй аж. Мөн тэд орон нутгийн засаг захиргаанаас гэрлэлтийн гэрчилгээг эхнэр нөхөр тусдаа овгоо бичүүлсэн байдлаар олгохыг шаардаж байгаа юм. Энэ асуудал одоогийн эрх баригч Японы Ардчилсан намын байр сууринд ч халтай болж мэдэхээр байна. Учир нь ерөнхий сайд Наото Каны тэргүүлдэг тус нам сонгогчдын саналыг авахын тулд сонгуулийн үеэр гэр бүлийн гишүүдийг өөр өөрийн овгоо хэрэглэдэг байхаар хуульчилна гэж амлаж байжээ. Одоо 75 настай тэтгэвэрт гарсан багш эмэгтэй Киока Цукамото “өөрийн овгийг албан ёсоор хэрэглэж байхын төлөө 50 жил тэмцэж байна” гэж хэлээд “ Би одоо удахгүй, тэгэхдээ нөхрийнхөө Кожима овгоор биш, харин Цукамото гэсэн овогтойгоо л дуусмаар байна” гэжээ. Харин Азийн хөршүүд нь болох Хятад болон БНСУ-д эхнэр болон нөхрийн аль аль нь тусдаа овгоо хадгалж болохоор хуульчилсан байдаг аж.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж